Их хаан Монголын мөнхийн бахархал

Язгуурын монголчуудын бахархал болсон их эзэн хаан Чингис хааныхаа мэлмий гийсний өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын 4-ний өдөр тэмдэглэхээр Ерөнхийлөгч маань зарлиг гарган тэмдэглэж эхэлсээр жил гаруйн нүүрийг үзэж байна. Дэлхийн дайдыг махир сэлмээрээ хэмжиж, өрнө дорны үүдийг мөнхөд цэлийтэл нээж эдүгээгийн соёл иргэншлийг төгөлдөржүүлсэн энэ их хүний гавьяаг өнөд бахархан дурсч Монгол хэмээх үндэстэн дэлхийн түүхэнд ямар аугаа их үүрэг гүйцэтгэснийг сануулан байхын тулд суут богд Чингис хааныхаа мэндэлсэн өдрийг огноолон, нэгэн мөр болгосон нь чухам эсгий туургатан нүүдэлчдийн бахарахалт үйл хэрэг болсон юм. Энэ жил хоёр дахь удаагаа тэмдэглэх гэж байна.  Ерөнхийлөгч гаргасан зарлигтаа "Эзэн богд Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох санал дүгнэлт гаргах Ажлын хэсгийн дүгнэлт болон Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас өргөн барьсан саналыг үндэслэн Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн үзсүгэй... Их хааны мэндэлсэн өдрийг "Монгол бахархлын өдөр" гэж нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байсугай" гэсэн байна.  Тэгвэл Чингис хааныг урьд нь, 1162 оноос гадна 1155 онд төрсөн, өвлийн эхэн сарын шинийн нэгэнд бус зуны тэргүүн сарын улаан тэргэл өдөр төрсөн гэж үзэх судлаачид цөөнгүй байсан. Одоо ч тийн үздэг үзлээ хамгаалах эрдэмтэн цөөнгүй л байгаа байх. Гэхдээ Монголчууд бид, ялангуяа түүхч, хэл шинжээч эрдэмтэн судлаачдын маань олонх нь санал нэгдсэн Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэдэг энэ өдрийг Их эзэн Чингис хааны төрсөн өдөр хэмээн ёсчилсон нь үнэхээрийн бахархалтай хэрэг юм гэж дурдсан нь бий.

Үүнээс өмнө Тайвань, Өвөр Монгол, Тува, Буриад, Казахт хүртэл их хааны төрсөн өдрийг янз бүрийн өдөр тэмдэглэдэг байлаа. Монгол угсаатны цөм оршин буй Монгол улс ийнхүү их хааны мэндэлсэн өдрийг огноолсон нь асар чухал юм. Их хааны намтрын олон чухал он цагийн асуудал өнөөг хүртэл эрдэмтдийн хооронд маргаан дэгдээсээр ирснийг нэг мөр болгож чадсан юм.

Чингис хааны төрсөн он ч нэлээд маргаан дагуулдаг байлаа. Монгол сурвалж бичгүүдэд 3 дугаар жарны усан морин жил Чингис хаан мэндэлсэн гэж үлдсэн байдаг бол Хятадын сурвалж бичгүүдэд ч адил төсөөтэй он тоолол хэлдэг байх юм. Юань улсын сударт морин жилд төрсөн гэж тов тодорхой тэмдэглэснийг үзэхэд 1162 гэдэг он хамгийн бодитойд тооцогддог. Чингис хааны төрсөн оныг 1162 он гэж огноолсноос хойш эрдэмтэн судлаачид энэ талаар маргаан дэгдээхээ больсон бөгөөд энэ оноор огноолон Их хааны тэддүгээр оны төддүгээр сарын тэдэнд тийм хэрэг явдал болов гэдгийг тодорхойлох нэг мөр он цагийн хуанлитай болсон хэрэг. Перс, Араб чигийн судар шастирт 1155 он хэмээн бичдэгийг ч бас анхаарахгүй өнгөрөхийн аргагүй.

Их хааны мэндэлсэн он маргаантай байсны нэгэн адил түүний төрсөн өдөр түүнээс ч дутахгүй чухал судлагдахуун байлаа. "Алтантовч"-д Чингис хаан хар морин жилийн зуны тэргүүн сарын 16-ны өдөр дүл (дунд) төрсөн гэж тэмдэглэсэн байхад "Асрагч нэртийн түүх", "Болор эрих" зохиолуудад "Лу Алтан товч"-ийн мэдээг их үндэс болгон өгүүлсэн байдаг. Зарим судлаачид энэ өдрийг зуны эхэн сарын арван зургааныг монголчууд эртнээс сайн өдөр хэмээн бэлэгшээж, баяр хурим хийдэг байсантай холбон төрсөн байх магадлалтай хэмээн үздэг. Чингис хааны мэндэлсэн өдөр байж болох дараагийн нэг хувилбар нь "Хөх түүх", "Болор толь", "Сувдан эрихэ", "Эрдэнийн эрихэ" гэх мэт монгол сурвалжууд, Чингис хаан хар морин жилийн өвлийн эхэн сарын (шинийн нэгэнд төрсөн гэж дээр дурдсанаас өөрөөр өгүүлсэн байна) Энэ хоёр хувилбарын үнэнд хамгийн ойр хэмээн үзсэн нь эдүгээ бид хоёр дахь удаагаа тэмдэглэх гэж байгаа 11 дүгээр сарын 4-ний өдөр болж байгаа юм. Билгийн тоолол Аргын тоолол зөрүүтэйн учир аргын тооллын энэ өдрийг сонгон зарлиг буулгасан нь өнөөгийн шаардлагад бүрнээ нийцэх юм.

Монголчууд төрсөн өдрөө эртнээс тэмдэглэсээр ирсэн тухай түүхэн эх сурвалжид олонтаа дурдсан байдаг. Шинэ тоололд шилжихээс өмнө хүн бүр тийм махбодьтой сарын тэдний өдөр төрсөн хэмээн бэлэгшээн тэмдэглэдэг, эцэг эх нь шинэ хүүхэд төрвөл төрсөн өдрийг нь хар багаас нь цээжлүүлэн санаанд нь хоногшуулдаг байсан гэдэг. Төрсөн өдрийн тухай өгүүлсэн Чингис хааны үг ч бий. Рашид Ад Диний Судрын чуулганд  Чингис хаан "эцгээс үүсэж, эхээс төрсөн өдрөө олж, хүндэлдэн уулзваас дээд хурим чинь энэ буй за!" гэж сургааль айлдсан тухай өгүүлсэн байх юм. Богд Чингис хаан Чагадай хөвгүүнээсээ хуримын дээд хурим аль вэ” хэмээн асуухад Цагаадай “Хуучин он биднээс хангирсаж одох, шинэ он бидэнд шилжирч ирэв” гэж өлзий хутаг хэмээн хариулагдах нь хуримын дээд хурим буй заа хэмээн өгүүлбээс, Их хаан “Нярайгаас хагацсанд нэр эс өгвөөс, хэвлийгээс унаад гэгээ эс үзвээс хэний шинийг шинэлэх та, хэний нэрийг нэрлэх та. Үүнээс хойшид эцгээс үүсэж, эхээс төрсөн өдрөө олж, хүндэлдэн уулзваас дээд хурим чинь энэ буй за” хэмээн зарлиг болгосон гэдэг. Монголын хаад, хатад язгууртан дээдэс төрсөн өдрийн баярыг их ёслол төгөлдөр тэмдэглэдэг байжээ. Марко Поло “Татарчууд төрсөн өдрөө тэмдэглэдэг заншилтай. Татарчууд төрсөн өдрийн баяраа шинэ оноо тэмдэглэж өнгөрүүлдгийн нэгэн адил баярлаж тэмдэглэдэг” хэмээн бичсэн нь бий. Хүүхдийн төрсөн өдрийг 2-5 насанд нь /өнөөгийнхөөр бол хүүхдийн сэвлэг даахь үргээх нь эртний заншлаас улбаатай/ түүнээс хойш 10, 20 насанд нь тэмдэглэдэг жаягтай байсан бөгөөд 20 наснаас хойш хүн өөрийнхөө төрсөн өдрөө тэмдэглэх бус ижий аавдаа учран золгож бэлэг сэлт өргөн барьдаг уламжлалтай байлаа.

Их хаан өөрийнхөө сангаас жил бүр 70, 80 нас хүрсэн өтгөст хүндэтгэл үзүүлэн бэлэг сэлт хүргүүлдэг байсан бөгөөд 90,100 нас хүрсэн өтгөсийг өөрийн орд өргөөндөө хүндэтгэн залж хүндээр зочлон их хэмжээний соёрхол хүртээдэг байсан тухай олонтаа дурдсан байдаг билээ. 11 дүгээр сарын энэ өдөр бол Чингис хааны мэндэлсэн өдөр төдийгүй монголчуудын эртний сайхан бахархалт уламжлалаа сэргээн буй БАХАРХАЛТ ӨДӨР болж байгаа юм.

Өгүүллийнхээ төгсгөлд Чингис хааны түүхтэй холбоотой нэгэн чухал өдрийг энэ мэтээр огноолон ёслох зайлшгүй шаардлагатайг зурвас өгүүлье. Энэ бол Их хааны бие барсан өдөр болой. Их хаан чухам хаанахын ямар нэртэй газар нас барсан тухай сурвалж бичгүүдийн мэдээ мэндэлсэн өдрийн адил хоёр хуваагддаг юм. Чингис хаан Тангуд улсыг байлдаж яваад 1227 оны улаагчин гахай жилийн 8-р сарын 16-ны хар морин өдөр 66 сүүдэртэйдээ Тангудын Түрэмгий балгас хэмээх газар нас нөгцсөн гэх өдөр юм. /Түрэмгий балгас гэдэг нь угтаа Линь Чжоу хэмээх нэртэй газар байжээ. Тангудыг байлдсан монгол цэргийн довтолгооныг энэ хотынхон маш хүчтэй эсэргүүцсэн учир тэр хотыг монголчууд Түрэмгий балгас хэмээн нэрлэжээ. Уг хотыг монгол цэргүүд 1226 оны 12-р сард эзлэн авсан билээ/ Ихэнх судлаач мэргид энэ өдрийг бодитой хэмээн тэмдэглэсэн нь бий.

Нөгөө нь араб, персийн түүхэн эх сурвалжуудад Чингис хаан 1227 оны 9-р сарын 14-нд нас барсан хэмээсэн боловч газар орныг нь тодорхой дурьдсангүй өнгөрөөсөн байдаг. Энэ өдрийг мөн л тодорхой болговол түүхэн судлалд дорвитой түлхэц үзүүлэх биз ээ. Үеийн үед нүүдэлчин Монголчуудын бахархал болсон Мянганы аугаа хүн, Суут Богд Чингис хааны нэр алдар үеийн үед биднийгээ омогшоон гэрэл гэгээ өөд мөнхөд хөтлөх болтугай.

Н.Бадамжав 

сэтгэгдэл үлдээх