Америк цэргүүдийг архи хэрэглэхийг хориглолоо

Японы Окинава арал дээр байрлах АНУ-ын цэргийн баазад алба хааж буй тус улсын цэргийн албан хаагчдыг архи, согтууруулах ундааг хэрэглэхийг хориглосон талаар “CNN” агентлаг мэдээллээ.

Цэргийн албан хаагчдыг архи хэрэглэхийг хориглосон нь өнгөрсөн амралтын өдөр болсон осолтой холбоотой гэнэ.

АНУ-ын цэргийн албан хаагч согтуугаар жолоо барьж байхдаа Окинава арлын иргэн, 61 настай эрэгтэйг дайрч, улмаар амь насыг нь хохироожээ.

Япон эрэгтэйн аминд хүрээд буй цэргийн албан хаагч 21 настай бөгөөд тэрбээр биеэ хянах чадваргүй болтлоо согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон болохыг тогтоогоод байна.

Америк цэргийн үйлдэлд дургүйцсэн арлын иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Уг жагсаал 65 мянган хүн нэгдсэн аж. Сүүлийн 20 жилийн хугацаанд ийм олон хүнийг нэгтгэсэн эсэргүүцлийн жагсаал болоогүй гэнэ.

Энэхүү хэргээс нэг жилийн өмнө мөн Америк цэрэг, Окинава арлын оршин суугч, 18 настай охиныг хүчирхийлж, улмаар хөнөөжээ. Уг хүчингийн хэргээс болж АНУ-ын цэргийн удирдлагууд япончуудаас албан ёсоор уучлалт гуйж, Америк цэргүүдийг зөвшөөрөлгүйгээр цэргийн баазаасаа гарахыг хатуу хориглосон аж.

сэтгэгдэл үлдээх