Сү-гээс Хүк-д барьсан “Бэлгийн багц”

Сү.Батболд хэмээх эрхэмтэй бизнесийн болон улстөрийн шугамаар нэр холбогдож сонсогддог эрхмүүдийг  МАН-ын Их хурлын төлөөлөгчөөр оролцуулсан бусармаг явдалд  намын жирийн гишүүд бухамдалтай байна.

МАН-ын XXVIII Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. “Сахилга бат” нэрийн дор дотоод ардчиллаа нухчин дардаг тус намын зүгээс Их хурлаа ихэд нууцлаг, хаалттай байдлаар явуулж байгаа. Өнгөн дээрээ тэд шударга царайлж  байвч дотооддоо жинхэнэ цусгүй тулаан үргэлжилж байгааг илчлэх баримтууд ар араасаа цуварч эхэллээ. МАН-ын шударга, жирийн гишүүд Их хурлын төлөөлөгчдийг сонгох явцад маш их булхай луйвар орснийг хэлж байна. Бүр баримт дэлгэн үнэнийг өгүүлэв.

Тодруулбал, Сү.Батболд төлөөлөгчдийг багцлах тал дээр идэвхийлэн ажилласан гэнэ. Хаа хол Баян-Өлгий аймагт л гэхэд Сү-гийн гэх тодотголтой хүмүүс аймаг, сумын намын хорооны тэргүүлэгч болчихсон тууж яваа аж. Тэдний оронд Их хуралд төлөөлөгчөөр оролцох ёстой байсан жирийн гишүүд энэхүү бусармаг явдалд маш их гомдолтой байгаагаа илэрхийлж, Ардын нам үеийн үед жирийн гишүүд дэмжигчдээ ийнхүү ялгаварлан гадуурхаж явдагт ундууцаж байгаагаа илэрхийлжээ.

 

Хамгийн хөгийн нь “Алтай холдинг”, “Эрдэнэс Монгол”, Тавантолгой ХК, МИАТ, ДЦС-3 гэхчилэн хувь, хувьсгалын маш олон компанийн захирал, газар, хэлтсийн дарга нар хаа хол Баян-Өлгий аймгийн Толбо, Сагсай, Булган гэхчилэн сумдуудын МАН-ын хорооны дарга, дэд дарга, тэргүүлэгч болчихсон тууж явна. Энэ янзаараа бол манай Баян-Өлгийд казах нэртэй хүн үлдээгүй бололтой. Мөн Улаанбаатар хотод төрийн болон хувийн комапанид өндөр албан тушаал хашдаг болсон бололтой. Ийнхүү төрийн эрх барьж байгаа МАН-ын даргын сонгуульд каках түмэн маань оролцож чадахгүй “эрхээ хасуулж” оронд нь Сү.Батболд хэмээх эрхэмтэй бизнесийн болон улстөрийн шугамаар нэр холбогдож сонсогддог эрхмүүд МАН-ын Их хурлын төлөөлөгчөөр сонгогджээ.

Үүнийг МАН-ын Их хурлын төлөөлөгчид “Сү-гээс Хүк-д барьсан “Бэлгийн багц” хэмээн өхөөрдөж байгаа сурагтай. Түүнчлэн энэхүү ажлыг гардан зохион байгуулж нутаг нэгтнүүдээ гомдоосон хүнээр бол УИХ-ын гишүүн Солтан нэрлэгдэж байгаа аж. Ганц Баян-Өлгийн жишээн дээр л ярихад ийм байгаа боловч цаана нь өөр хэчнээн аймгийн МАН-ын хороог энэ мэт самарч орхисныг хэлэхэд бэрх. Дээд удирдлагуудынх нь болчимгүй үйлдэл жирийн гишүүдийнх нь бухимдал дээд цэгтээ хүрч  байгаагаас үзвэл МАН-ын Их хурал  шударга болох нь эргэлзээтэй.

 

 

 

 

сэтгэгдэл үлдээх