МАХН-аас боловсруулсан БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ УЛС /БНМУ/-ЫН ДЭЭД /ҮНДСЭН/ ХУУЛЬ бүрэн эхээрээ

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ УЛС /БНМУ/-ЫН ДЭЭД /ҮНДСЭН/ ХУУЛЬ

 
 
Төсөл /Эцсийн найруулга/
 
БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ УЛС /БНМУ/-ЫН 
ДЭЭД /ҮНДСЭН/ ХУУЛЬ
 
Мөнх тэнгэрийн хүчин дор оршиж буй Монголын ард түмэн бид:
 
-          Эрт эдүгээгийн баялаг түүхийнхээ ололт амжилтаас үнэт сургамж авч, бататган баяжуулж,
-          Нийт монголчуудын язгуур эрх ашгийг хамгаалж, сайн сайхан амьдралыг хангахын тулд оршин тогтнож буй БНМУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг тууштай хамгаалж, бэхжүүлэн  бататгахаа гүнээ ухамсарлаж,
-          Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийгэрхэмлэн дээдэлж,
-          Өвөг дээдсийн үнэт сургааль, хэл соёлынхоо нандин өв, уламжлалыгхадгалан хөгжүүлж,
-          Хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтод хүндэтгэлтэй хандаж,
-          Нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улсыг цогцлоон байгуулах эрхэм зорилгыг дэвшүүлж энэхүү Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.
           
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
 
БНМУ-ЫН  БҮРЭН ЭРХТ БАЙДАЛ
 
Нэгдүгээр зүйл. Бүгд Найрамдах Монгол Улс
 
1.1.         БНМУ бол тусгаар тогтносон, нутаг дэвсгэрийн хувьд хуваагдашгүй цул, төрийн байгууламжийн хувьд нэгдмэл, төр засгийг эмхлэн байгуулах, түүний үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ ардчилсан зарчмыг тууштай баримтлагч, иргэдийнхээ сайн сайхан амьдралыг хүссэн тэмүүллийг хөхиүлэн дэмжигч, нийгмийн шударга ёсыг эрхэмлэгч, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс  бөгөөд албан ёсны нэр нь “Бүгд Найрамдах Монгол Улс”/товчлол нь - БНМУ/ мөн.
1.2.         БНМУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.
1.3.         Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ.
1.4.         Төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт БНМУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг бэлгэдэн илтгэсэн жигүүртэй ариун бүхний илэрхийлэл болсон цагаан өнгийн хийморийн морь, нуруун дээр нь алтан соёмбо залсан байдлаар хослуулан дүрсэлсэн байна. Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. Хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна.
1.5.         Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь БНМУ-ын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн.
1.6.         БНМУ-ын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундахь хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь монгол хүний эрх, эрх чөлөөг бат хамгаалах болон БНМУ-ын тусгаар тогтнолыг бэхжүүлэх тэмцлийн ялалт, монголын ард түмний эр зориг, үйл хэрэг нь мандан бадрах амжилтын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна.
1.7.         Төрийн тамга дөрвөлжин хэлбэртэй, голдоо төрийн сүлдтэй, сүлдний хоёр талаар “Бүгд Найрамдах Монгол Улс”гэсэн бичээстэй, арслангийн дүрс бүхий бариултай байна. Төрийн тамгыг БНМУ-ын  Ерөнхийлөгч барина.
1.8.         БНМУ-ын  уриа нь: “Эрч хүч, Цог хийморь, Эв нэгдэл, Гал голомт” мөн.
 
Хоёрдугаар зүйл. БНМУ-ын Үндсэн  хууль, хууль тогтоомж
 
2.1.          Үндсэн хууль нь БНМУ-ын хууль эрхзүйн дээд хүчин чадалтай тулгуур хууль мөн.
2.2.          БНМУ-д Үндсэн хуулийн утга агуулга, зарчим болон зүйл заалт бүрийг яг зааснаар нь хөдөлбөргүй баримтлан дагаж мөрдөнө.
2.3.          БНМУ-ын хууль, хууль тогтоомж болон олон улсын гэрээ, хэлэлцээр БНМУ-ын Үндсэн хууль, түүний утга агуулга, зарчимд нийцсэн байна.
2.4.          БНМУ-ын олон улсын гэрээ, хэлэлцээр Үндсэн хуулиас бусад хууль, хууль тогтоомжтой зөрчилдвөл олон улсын гэрээ, хэлэлцээрийг баримтлан уг хууль тогтоомжийг олон улсын гэрээ, хэлэлцээрт өөрчлөн нийцүүлнэ.
2.5.          БНМУ-ын Үндсэн хууль, түүний утга агуулга, зарчимд төрийн байгууллагын аливаа шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрэн  нийцсэн байна.
 
Гуравдугаар зүйл. БНМУ-ын иргэн
 
3.1.      БНМУ-ын  иргэн эцэг эхээс төрсөн хүн БНМУ-ын  иргэн   байна.
3.2.      Эцэг, эхийнх нь аль нэг нь БНМУ-ын иргэн бол тухайн хүн 16 нас хүрмэгцээ БНМУ-ын иргэн болох хүсэлтээ гаргавал БНМУ-ын иргэн болно.
3.3.      БНМУ-ын уугуул иргэн буюу гурван үеэрээ БНМУ-ын иргэн байгаагаас бусад хүн иргэний давхар харъяалалтай байж үл болно.
3.4.      БНМУ-ын  иргэн болох өөр шалгуурыг хуулиар тогтооно.
3.5.      БНМУ-ын  иргэн сайн дураар өөрийн иргэний харъяалалаас татгалзаагүй бол өөр хэн ч ямар ч үндэслэл шалтгаанаар түүнийг БНМУ-ын  иргэнээс хасч үл болно.
3.6.      Эдгээр харилцааг хуулиар тодотгон зохицуулна.
 
Дөрөвдүгээр зүйл. БНМУ-ын ард түмний төр засгийг бүрдүүлэх бүрэн эрх 
 
4.1.      БНМУ-ын нийт иргэд, тэдний үр сад нь Монголын ард түмэн мөн.
4.2.      БНМУ-д Монголын ард түмэн төр засаг, түүний бүрэн эрхийн цорын ганц эх сурвалж мөн бөгөөд төр засгийн бүрэн эрх гагцхүү ард түмний мэдэлд байнгабайна. Монголын ард түмэн төр засгийн бүрэн эрхийг энэхүү Үндсэн хууль, түүний утга агуулга, зарчмын дагуу барина.
4.3.      БНМУ-д ард түмэн төр засгаа эмхлэн байгуулахдаа, төр засаг нь үйл ажиллагаагаа явуулахдаа гагцхүү ардчилсан зарчмыг баримтална.
4.4.      БНМУ-ын төр засаг гагцхүү хуулийн хүрээнд, хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулах үүрэгтэй.
4.5.      Төр засгийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно.
4.6.      БНМУ-ын төр засаг Үндсэн хуулиар заасан үүргээ хангалттай биелүүлэхгүй байгаа, эсхүл Үндсэн хууль, бусад хууль, хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд ард түмэн эсэргүүцэл илэрхийлж хугацаанаас нь өмнө огцруулан шинээр эмхлэн байгуулах эрхтэй.
 
Тавдугаар зүйл. Төр засгийн эрх мэдлийн хуваарилалт
 
5.1.      БНМУ-ын төр засгийн бүрэн эрхийг хууль тогтоох эрх мэдэл, хууль хэрэгжүүлэх буюу гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдэл, хянах эрх мэдэл гэсэн байдлаар хуваарилан хэрэгжүүлнэ.
5.2.      Хууль тогтоох эрх мэдлийг Улсын Бага Хуралдай болон Үндэсний Их Хуралдай хадгалж хэрэгжүүлнэ.
5.3.      Хууль хэрэгжүүлэх буюу гүйцэтгэх эрх мэдлийг Засгийн газар хадгалж хэрэгжүүлнэ.
5.4.      Шүүх  эрх мэдлийг бүх шатны шүүх хадгалж хэрэгжүүлнэ.
5.5.      Хянах эрх мэдлийг Ардын Хянан Шалгах Хороо, Хүний Эрхийн Үндэсний Хороо хадгалж хэрэгжүүлнэ.
5.6.      Төр засгийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгчид нь үйл ажиллагаагаа харилцан тэнцвэртэй байх зарчмаар явуулах бөгөөд аль нэг нь бусдаасаа давамгай эрх мэдэл эдэлж үл болно.
 
Зургаадугаар зүйл. БНМУ-ын нутаг дэвсгэр, түүний халдашгүй дархан байдал
 
6.1.         БНМУ-ын нутаг дэвсгэр халдашгүй дархан бөгөөд улсын хилийг Үндсэн хуулийн дагуу хуулиар бататгана.
6.2.         БНМУ-ын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваарилагдана.
6.3.         БНМУ-ын төр засаг улс орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдлыг ханган хамгаалахын тулд улс төр, нийгэм, эдийн засаг, цэрэг, дипломатын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
6.4.         БНМУ-ын төр засаг даян дэлхийд энх тайвныг хамгаалан дэмжих байр суурь баримтлах бөгөөд бусдыг түрэмгийлэх цэрэг зэвсгийн үйл ажиллагаа явуулахгүй.
6.5.         БНМУ-ын Зэвсэгт хүчин БНМУ-ын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах үүрэгтэй.
6.6.         БНМУ-ын Зэвсэгт хүчин улс төрийн хувьд төвийг сахих байр суурь баримтална.
6.7.         БНМУ-ын Зэвсэгт хүчин иргэний, ардчилсан хяналтын дор үйл ажиллагаагаа явуулна.
6.8.         Эдгээр харилцааг хуулиар тодотгон зохицуулна.
Долоодугаар зүйл. Хэл, соёл
 
7.1.         БНМУ-д төрийн хэл нь монгол хэл байна. БНМУ-ын иргэн монгол хэлийг заавал эзэмшсэн байна.
7.2.         БНМУ-д олон улсын байгууллагаас бусад аливаа байгууллага  албан хэргээ монгол хэлээр явуулна.
7.3.         БНМУ-д төр засгийн байгууллагууд албан хэргээ монгол хэлээр явуулахаас гадна дэлхийн хамгийн түгээмэл хэл болох англи хэлээр  явуулж болно.
7.4.         Хүн амын цөөнх үндэстэн эх хэлээрээ суралцах, харилцах болон соёл урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхтэй.
7.5.         БНМУ-ын төр засаг монголчуудын өвөрмөц дүр төрхийн эх ундарга болсон монгол үндэстний хэл соёлыг хамгаалах, нийт иргэдэд тэгш хүртээх, түгээн дэлгэрүүлэх, баяжуулан хөгжүүлэхэд таатай нөхцлийг хангана.
7.6.         БНМУ-ын төр засаг хилийн чанадад оршин сууж байгаа монголчууд үндэсний хэл соёлоо хадгалан хөгжүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
 
Наймдугаар зүйл. БНМУ-ын эдийн засаг
 
8.1.         БНМУ-ын эдийн засгийн үндэс суурь нь хувийн өмч, төрийн өмч, нийтийн өмч, дундын өмч зэрэг өмчийн олон хэлбэрт тулгуурласан аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрх чөлөө, эрүүл саруул өрсөлдөөн, хамтын ажиллагааг хүндэтгэсэн нийгмийн чиг баримжаатай зах зээлийн эдийн засгийн харилцаа мөн.
8.2.         БНМУ-ын мөнгөн тэмдэгт нь төгрөг байна.
8.3.         БНМУ-ын төр засаг аливаа өмч, түүний дотор хувийн өмчийг хамгаална. БНМУ-ын уугуул иргэнд хувийн хэрэгцээнд нь зориулж газар өмчлүүлж болно.
8.4.         БНМУ-ын нутаг дэвсгэр дэх газар, түгээмэл тархацтай ашигт малтмал, бэлчээр, ой, усны нөөц, зэрлэг амьтан, ургамал, агаарын орон зай төрийн өмч мөн.
8.5.         Төр засаг БНМУ-ын иргэдэд өмчлүүлснээс бусад газар болон түгээмэл тархацтай ашигт малтмал, бэлчээр, ой, усны нөөц, зэрлэг амьтан, ургамалыг ашиглуулах эрхийг орон нутагт шилжүүлж болно.
8.6.         БНМУ-ын газрын хэвлий, түүний баялаг, ашигт малтмал нь ард түмний дундын өмч мөн бөгөөд нөөцийг нь үндэслэн үнэлж стратегийн, эсхүл орон нутгийн шинж чанартай гэж ангилна.
8.7.         Стратегийн ач холбогдолтой ард түмний дундын өмчийг гагцхүү Үндэсний Их Хуралдайн зохион байгуулсан БНМУ-ын сонгуулийн насны иргэдийн санал асуулгын дүнг үндэслэн Засгийн газар захиран зарцуулна.
8.8.         Орон нутгийн шинж чанартай ард түмний дундын өмчийг гагцхүү тухайн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохион байгуулсан сонгуулийн насны иргэдийн санал асуулгын дүнг үндэслэн аймгийн Засаг дарга захиран зарцуулна.
8.9.         Хувийн өмчийг гагцхүү нийтийн эрх ашгийн төлөө хуулийн дагуу  шударга нөхөн олговортойгоор авч болно.
8.10.     Төр засаг газар өмчлөгч БНМУ-ын иргэнд өмчилсөн газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэж болно.
8.11.     Аж ахуй эрхлэх эрх чөлөөг гагцхүү нийтийн эрх ашгийн үүднээс хуулиар хязгаарлаж болно.
8.12.     Аль нэг этгээд эдийн засгийн харилцаанд оролцохдоо шударга бус дангаар ноёрхол тогтоох, арилжааны банк, хэвлэл мэдээллийн байгууллагын хувьцааг дангаар өмчилж өөртөө давуу байдал бий болгохыг хориглоно.
8.13.     Төр засаг нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улсыг цогцлоон байгуулах эрхэм зорилгыг хангах, иргэний баталгаатай орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор ард түмний дундын өмч зэрэг эх үүсвэрээс бүрдсэн тусгай сан байгуулан ажиллуулж болно.
8.14.     Эдгээр харилцааг хуулиар тодотгон зохицуулна.
 
Есдүгээр зүйл. Гэр бүл
 
9.1.         Гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж, нийгмийн харилцааны суурь мөн.
9.2.         Хуулиар тогтоосон насанд хүрсэн эмэгтэй эрэгтэй хоёр хүний сайн дурын, тэгш эрх бүхий харилцаанд тулгуурласан, хууль ёсоор  баталгаажсан хамтын амьдралын холбоог гэр бүл гэнэ.
9.3.         БНМУ-ын иргэн гэр бүлийнхээ бүрэн бүтэн байдлыг эрхэмлэх, гэр бүлийн гишүүдээ асран хамгаалах, хүүхэддээ өв тэгш хүмүүжил олгох, ургийн бичгийг хөтлөх журамт үүрэгтэй.
9.4.         Хүний албан ёсны нэр нь ургийн овгийн нэр, эцгийн нэр, өөрийн нэрээс бүрдэнэ. Гэр бүлийн гишүүд нь өрхийн тэргүүний овгийн нэрийг авна.
9.5.         БНМУ-ын төр засаг гэр бүлийг хамгаалан дэмжинэ. Төр засгийн хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийн бодлого гэр бүлийн сайн сайхан амьдралыг хангахад чиглэгдсэн  байна.
9.6.         БНМУ-д гэр бүл бүр орон сууцтай байх эрхтэй. Гэр бүл бүр орон сууцтай байх эрхээ эдлэхэд нь төр засаг дэмжлэг үзүүлнэ. Төр засаг 25 жилээс дээш тогтвортой ханилсан, түүнчлэн олон хүүхэдтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүлийг орон сууцаар хангана.
9.7.         Эдгээр харилцааг хуулиар тодотгон зохицуулна.
 
Аравдугаар зүйл. Төр засаг, шашны харилцаа
 
10.1.     БНМУ-д төр засаг нь аливаа шашныг хүндэтгэнэ.
10.2.     БНМУ-д төр засгийн байгууллага сүм хийдийн дотоод хэрэгт оролцох, шашны байгууллагууд улс төрийн үйл ажиллагаанд оролцохыг тус тус хориглоно.
10.3.     БНМУ-д үндэсний аюулгүй байдалд харшлахуйц харгис шашин болон шашны гаж урсгалыг хориглоно.
10.4.     Энэхүү харилцааг хуулиар тодотгон зохицуулна.
 
Арваннэгдүгээр зүйл. Улс төрийн нам, сайн дурын байгууллага
 
11.1.     БНМУ-ын төр засаг улс орноо хөгжүүлэхэд чиглэгдсэн үзэл бодлын эрүүл саруул өрсөлдөөний орчныг бүрдүүлэхийн тулд тодорхой үзэл баримтлал бүхий улс төрийн нам байгуулах эрх чөлөөг хангана.
11.2.     Улс төрийн нам нь үзэл баримтлал, зорилго, үйл ажиллагаандаа ардчилсан зарчмыг баримталвал зохино.
11.3.     БНМУ-ын  төр засаг улс төрийн олон нам бүхий тогтолцоог дэмжин хамгаалах үүрэгтэй бөгөөд улс төрийн намыг санхүүжүүлж болно.
11.4.     БНМУ-ын төр засаг иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоо, сайн дурын байгууллага, сан зэрэг төрийн бус байгууллага байгуулах эрх чөлөөг хангана.
11.5.     Үзэл баримтлал, зорилго, үйл ажиллагаандаа баримтлах зарчим нь харгис, дарангуйллын шинж чанартай, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, хэт үндсэрхэх үзэлтэй, төр засгийн эрхийг илэрхий хүчирхийллийн аргаар авах зорилго, үйл ажиллагаатай улс төрийн нам, байгууллагыг хориглоно.
11.6.     Үзэл баримтлал, зорилго, үйл ажиллагаандаа баримтлах зарчим нь харгис, дарангуйллын шинж чанартай, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, хэт үндсэрхэх үзэлтэй, төр засгийн эрхийг илэрхий хүчирхийллийн аргаар авах зорилго, үйл ажиллагаатай улс төрийн нам, байгууллагыг татан буулгах асуудлыг Хүний Эрхийн Үндэсний Хороо Улсын Дээд Шүүхэд өргөн барьж, Улсын Дээд Шүүх тус нам, байгууллагыг татан буулгах эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.
11.7.     Эдгээр харилцааг хуулиар тодотгон зохицуулна.
 
Арванхоёрдугаар зүйл. БНМУ-ын нийслэл, засаг захиргааны бүтэц
 
12.1.     БНМУ-ын хууль тогтоох эрх мэдэл, хууль хэрэгжүүлэх буюу гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдэл, хянах эрх мэдлийн төв байгууллагууд байнга оршдог хотыг улсын нийслэл гэнэ.
12.2.     БНМУ-ын нийслэл нь Улаанбаатар хот мөн.
12.3.     БНМУ-ын төр засгийн бүрэн эрхийн аль нэгэн эрх мэдлийн төв байгууллага байнга оршдог хотыг хоёр дахь нийслэл гэнэ.
12.4.     БНМУ нь засаг захиргааны хувьд нийслэл, аймаг, хотод хуваарилагдана. Нийслэл, улсын чанартай хот нь дүүрэг, хороонд, аймаг нь орон нутгийн чанартай хот, тосгон, сумд хуваарилагдана.
12.5.     Эдгээр харилцааг хуулиар тодотгон зохицуулна.
 
ХОЁРДУГААР БҮЛЭГ
 
БНМУ-ЫН  ХҮНИЙ БОЛОН ИРГЭНИЙ ЭРХ,
ЭРХ ЧӨЛӨӨ, ҮҮРЭГ, БАТАЛГАА
 
Арвангуравдугаар зүйл. Хүний болон иргэний эрх, эрх чөлөө 
 
13.1.        Хүн бүр амьд явах эрхтэй. Хүн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хуулийн хүрээнд хамгаалах эрхтэй.
13.2.        Хүн бүр хууль эрх зүйн этгээд байна. Хүн бүр хууль эрх зүйн харилцаанд аливаа байгууллага, албан тушаалтантай ижил тэгш эрхтэй.
13.3.        Хүн бүр халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хүний оршин сууж байгаа байр халдашгүй дархан байна. Шүүхийн шийдвэргүйгээр эрх чөлөөгөө хязгаарлуулсан хэн боловч эрх чөлөөг нь  хязгаарласан ажиллагаа хууль ёсны дагуу хийгдсэн эсэхийг нэн даруй тогтоолгохоор шүүхэд хандах эрхтэй.
13.4.        БНМУ-д эмэгтэй эрэгтэй хүн гэр бүл, улс төр, нийгэм, эдийн засгийн аливаа асуудлаар тэгш эрхтэй. Эмэгтэй эрэгтэй хүн сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх, адил ажил хийсний төлөө адил хэмжээний цалин хөлс авах, нийгмийн хамгаалалд хамрагдах, аливаа албан тушаал хаших, дэвших, шагнал, урамшуулал авах тэгш эрхтэй.
13.5.        Хүн хөдлөх, үл хөдлөх өмч хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлах, залгамжлуулах эрхтэй. Өмч хөрөнгөө хуулийн хүрээнд хамгаалах, хамгаалуулах эрхтэй.
13.6.        БНМУ-ын иргэн өөрөө, эсхүл хуулийн этгээдээр дамжуулан хуулиар хориглоогүй, хязгаарлаагүй аливаа үйл ажиллагаа явуулах эрхтэй.
13.7.        Хүн бүр сурч боловсрох, мэргэжил эзэмших, мэргэжлээ ашиглах болон ажлаа сонгох эрхтэй.
13.8.        БНМУ-ын иргэн эрх тэгш зарчмын дагуу төрийн алба хаших эрхтэй.
13.9.        Хүн бусадтай харилцах, бусадтай харилцсаны нууцаа хамгаалах, хамгаалуулах, өөрийн тухай болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхэд, төрөл садныхаа талаарх мэдээллийг нээн дэлгэхгүй байх эрхтэй. 
13.10.    БНМУ-ын иргэн төр засаг өөрийнх нь тухай цуглуулсан мэдээлэл, өөртэй нь холбоотой баримттай чөлөөтэй танилцах, өөрийнх нь талаар төр засгийн цуглуулсан буруу ташаа, бүрэн бус, хууль зөрчин олж авсан мэдээллийг устгуулах, залруулахыг шаардах эрхтэй.
13.11.    БНМУ-ын иргэн эх орныхоо нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр  болон удаан хугацаагаар оршин суух газраа чөлөөтэй сонгох, эх орноосоо чөлөөтэй гарах, эх орондоо чөлөөтэй орох эрхтэй.
13.12.    Монгол үндэстэн мөн гэдэг нь албан ёсоор тогтоогдсон хүн БНМУ-д байнга оршин суух эрхтэй.
13.13.    Гадаадын иргэн, харьяалалгүй хүн улс төрийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар БНМУ-д орогнох эрхтэй.
13.14.    Хүн шүтэх, эс шүтэх эрхтэй.
13.15.    Хүн өөрийнхөө бодол, санааг чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдлэхдээ бусдын нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөөг хүндэтгэн үзвэл зохино.
13.16.    Хүн эвлэлдэн нэгдэх, жагсаал, цуглаан зохион байгуулах, түүнд оролцох эрхтэй. Сайн дурын байгууллага,  мэргэжлийн холбоо, ажил олгогчдын байгууллага зэргийг байгуулах, түүнд элсэх, нэгдэх эрхтэй. Хүн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд ажил хаялт болон бусад хэлбэрийн эсэргүүцлийг зохион байгуулах, хамтын маргааныг шийдвэрлэх, хамтын хөдөлмөрийн болон бусад гэрээ байгуулах зорилгоор яриа хэлэлцээ хийх эрхтэй.
13.17.    Хүн мэдээлэл эрж хайх, олж авах, түгээж дэлгэрүүлэх эрхтэй. Мэдээлэл авах эрхэд төр засгийн үүргийг гүйцэтгэж, төрийн өмчийг  эзэмшиж, улсын төсвийг захиран зарцуулж байгаа аливаа төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, мэргэжлийн байгууллага болон хувь хүний үйл ажиллагааны тухай бодитой мэдээлэл авах явдал мөн адил хамаарна.
13.18.    Хүн хөдөлмөр эрхлэх, эрүүл, аюулгүй нөхцөл бүхий ажлын байраар хангагдах, хийсэн ажил, эзэмшсэн мэргэжил, ур чадвартаа тохирсон, гэр бүлийнхээ ахуй амьжиргааг хүний зэрэгтэй авч явахад хүрэлцэхүйц цалин хөлс авах эрхтэй.
13.19.    Хөдөлмөр эрхэлж байгаа хүн долоо хоног тутам амрах өдрүүдтэй байх, жил бүр нэгээс доошгүй удаа цалинтай амрах эрхтэй.
13.20.    БНМУ-ын иргэн тэтгэврийн насанд хүрсэн бол тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар алдсан, хүүхэд төрүүлсэн, хүүхдээ асарч байгаа, түүнчлэн өвчний болон хөгжлийн бэрхшээлтэйн улмаас хөдөлмөрлөх чадвар, эсхүл тэжээгчээ алдсан, өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажилгүй болсон бол тэтгэмж зэрэг хуулиар тогтоосон нийгмийн халамж хүртэх эрхтэй.
13.21.    Амьжиргааны баталгаажих доод төвшнөөс доогуур орлоготой иргэн төрөөс сар бүр баталгаатай орлого авах эрхтэй.
13.22.    Хүн эрүүл мэндээ хамгаалах, хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. БНМУ-ын иргэн орлогын төвшингөөс үл хамааран төсвөөс санхүүжүүлж байгаа эрүүлийг хамгаалах зардлаас тэгш хүртэх эрхтэй.
13.23.    БНМУ-ын иргэн, түүний хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, эдгэршгүй хүнд өвчтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, сэтгэцийн хүнд эмгэгтэй  иргэн төр засгийн онцгой анхааралд байж, эрүүл мэндийн үйлчилгээний зардлаа БНМУ-ын төр засгаар  бүрэн хариуцуулах эрхтэй.
13.24.    БНМУ-ын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, халдварт өвчин, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй.
13.25.    Хүн нийтийн биеийн тамираар хичээллэх эрхтэй.
13.26.    Хүн төр засгийн байгууллага, албан хаагчийн хууль зөрчсөн үйлдлээс учирсан хохирлыг төр засгаар нөхөн төлүүлэх эрхтэй.
13.27.    БНМУ-ын иргэн шууд буюу төлөөлөгчөөрөө уламжлан төр засгийг эмхлэн байгуулах эрхтэй. 18/21 нас хүрсэн БНМУ-ын  иргэн бүх нийтийн санал асуулгад оролцох, БНМУ-ын Ерөнхийлөгч, Хүний Эрхийн Үндэсний Хороо, УБХ, ҮИХ, Улсын Дээд Шүүх, Ардын Хянан Шалгах Хорооны гишүүнийг сонгох, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын төлөөлөгчийг сонгох эрхтэй.
13.28.    Шүүхийн шийдвэрээр хорих ял эдэлж байгаа иргэний сонгогдох эрхийг хязгаарлаж болно.
13.29.    Эцэг эхийн халамж үзэхгүй байгаа хүүхэд төр засгийн халамж, тус дэмжлэгийг авах эрхтэй.
13.30.    Хүүхдийг хүчирхийлэх, харгис хэрцгий хандах, дарлан мөлжих болон уруу татах явдлаас хамгаалахыг хүн төр засгаас шаардах эрхтэй.
13.31.    Хүн бүр уран бүтээл туурвих, шинжлэх ухааны судалгаа хийх, үр дүнг нь хэвлэн нийтлэх, багшлах, соёл урлагийн бүтээлтэй танилцах, үр шимийг нь хүртэх эрхтэй.
13.32.    Хүн өөрийн, нийтийн ашиг сонирхол, бусдыг төлөөлөн тэдний ашиг     сонирхолын дагуу аливаа байгууллагын шийдвэрлэж байгаа асуудалтай холбогдуулан хүсэлт, өргөдөл, гомдол гаргах, шийдвэрлүүлэх эрхтэй.
13.33.    БНМУ-ын иргэн гадаадад байх цаг хугацаандаа төр засгаас тус дэмжлэг авах эрхтэй.
13.34.    Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрх эдэлнэ. Хүн БНМУ-ын  хууль,хууль тогтоомж, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл эрхээ хамгаалуулахаар шүүх, Хүний эрхийн үндэсний хороонд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй.
13.35.    Хүн өөрийн эрх, эрх чөлөөг хамгаалахын тулд  өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхтэй.
13.36.    Хүн бүр өөрт нь тулгасан аливаа эрүүгийн ял болон эрх, үүргээ тодорхойлуулахдаа бие даасан, хараат бус, үл туйлширдаг шүүхээр адил тэгш эрхийн үндсэн дээр нээлттэй, шударгаар хэлэлцүүлэх эрхтэй. Асуудал нь  шүүхээр хэлэлцэгдэж байгаа хүн аль ч шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох эрхтэй.
13.37.    Хүн өөрийнхөө болон гэр бүлийн гишүүд, төрөл төрөгсөд, ойр дотны хүмүүсийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.
13.38.    Хүн шүүх, эсхүл төр засгийн байгууллага Үндсэн хуулинд заасан өөрийнх нь эрх чөлөө, эрх үүргийн талаар эцсийн шийдвэр гаргахдаа үндэслэсэн хууль, хууль тогтоомж, шийдвэр нь Үндсэн хууль, түүний утга агуулга, зарчимд нийцэж байгаа эсэхийг тогтоолгохоор Улсын Дээд Шүүх, Хүний эрхийн үндэсний хороонд хандан гомдол гаргах эрхтэй.
 
Арвандөрөвдүгээр зүйл. Хүний болон иргэний үүрэг
 
14.1.        Хүн бүр бусдын эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүндийг хүндэтгэх үүрэгтэй.
14.2.        Үндсэн хууль, бусад хууль, хууль тогтоомжийг дээдлэн сахиж, улс үндэсний эрх ашгийг хүндэтгэх үүрэгтэй.
14.3.        Эцэг эх хүүхдээ өв тэгш хүмүүжүүлэх журамт үүрэгтэй. Хүүхдээ хүмүүжүүлэхдээ түүний нас, бие бялдар, хүйсийн онцлог, хүсэл тэмүүлэл, итгэл үнэмшилтэй байх эрх, эрх чөлөөг нь харгалзсан байвал зохино.
14.4.        Хүний хөдөлмөрлөх журамт үүргийг хуулиар тогтооно. 16 нас хүрээгүй хүүхэд хөдөлмөрлөх журамт үүрэг хүлээхгүй.
14.5.        Иргэн бүр дээд боловсрол эзэмших, тодорхой мэргэжилтэй болох үүрэгтэй. БНМУ-ын иргэн дээд боловсрол эзэмших, тодорхой мэргэжилтэй болох үүргийг биелүүлэх журмыг хуулиар тодотгон зохицуулна.
14.6.        Хүн бүр нийтийн эрх ашиг, сайн сайхан амьдралын төлөө өөрт ноогдох хуулиар тогтоосон төлбөр хураамж, татварыг төлөх үүрэгтэй.
14.7.        БНМУ-ын иргэн эх орноосоо урвахгүй байх, монголын ард түмний нийтийн эрх ашиг, сайн сайхан амьдралын төлөө чин үнэнчээр зүтгэх үүрэгтэй.
14.8.        БНМУ-ын эрэгтэй эмэгтэй иргэн бүр эх орноо хамгаалах, цэргийн алба хаах үүрэгтэй. Цэргийн албыг дүйцүүлэн хааж болно.
14.9.        Хүн байгаль орчныг хайрлан хамгаалах үүрэгтэй. Байгаль орчныг доройтуулсан үйлдэл, эс үйлдэлдээ хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.
14.10.    Эдгээр харилцааг хуулиар тодотгон зохицуулна.
 
Арвантавдугаар зүйл. Хүний болон иргэний эрх, эрх чөлөөний баталгаа
 
15.1.        БНМУ-д Монгол хүн төрийн хамгаалалтанд байна. БНМУ-ын  төр засаг хүний болон иргэний эрх, эрх чөлөөг хуулиар бататган хамгаалах, аюулгүй байдлыг нь баттай хангах үүрэгтэй.
15.2.        Хүний эрх, үүрэгт нь үл хамаарах үйлдлийг хүчээр тулган хийлгэхийг хориглоно.
15.3.        Төр засаг хүн бүрт сурч боловсрох эрхээ эдлэхэд нь  эрх тэгш нөхцлөөр хангана. Төрийн өмчийн сургуулийн сургалтын бүх зардлыг төр засгаас хариуцна.
15.4.        Төр засаг хүн бүрт тэгш хандах үүрэгтэй. Хэнийг ч аливаа улс төр, хууль эрх зүй, нийгэм, эдийн засгийн үндэслэл шалтгаанаар ялгаварлан гадуурхахыг хориглоно.
15.5.        Аль нэгэн нам, бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэнийх нь төлөө хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно.
15.6.        БНМУ-ын  төр засаг хүний хувийн амьдралын нууц, нэр төрийг хуулиар хамгаална. Хүний бусадтай харилцах, харилцсаны нууцыг хамгаалах, хамгаалуулах эрхийг гагцхүү хуулиар тогтоосон үндэслэл шалтгаанаар хуулийн дагуу гаргасан шүүхийн шийдвэрээр хязгаарлаж болно.
15.7.        Хүний амь насыг хуулиар хамгаална. БНМУ-д цаазаар авах ялыг хориглоно.
15.8.        Хэний ч бие бялдарт  хууль бусаар халдахыг хориглоно.
15.9.        Хэнийг ч өөрөө сайн дурын зөвшөөрөл өгөөгүй бол шинжлэх ухаан, анагаах ухааны туршилтад оруулахыг хориглоно.
15.10.    Хэнтэй ч ямар ч үндэслэл шалтгаанаар харгис хэрцгий, хүнлэг бусаар харьцах, дорд үзэн доромжлох, нэр төрд нь халдан гутаахыг хориглоно.
15.11.    Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь аливаа хэлбэрээр хязгаарлахыг хориглоно.Хүний орон байр, тээврийн хэрэгсэл, аливаа өмчид гагцхүү хуулиар тогтоосон үндэслэл шалтгаан, журмын дагуу нэгжлэг хийж болно.
15.12.    Хүнээс өөрийнх нь болон гэр бүлийн гишүүд, төрөл төрөгсөд, ойр дотны хүмүүсийнх нь эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно.
15.13.    Хүнийг хуульд заасан үндэслэл шалтгаанаар албадан саатуулах, баривчлах, цагдан хорих байдлаар эрх чөлөөг нь хязгаарлахдаа үндэслэл, шалтгааныг тэр дор нь өөрт нь тодорхой ойлгогдох байдлаар тайлбарлаж, энэ тухай түүний гэр бүл, өмгөөлөгч, эсхүл эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүний нэрлэсэн хүнд нэн даруй буюу 12 цагт багтаан мэдэгдэнэ. Хүнийг хуульд заасан үндэслэл шалтгаанаар баривчилсан, цагдан хорьсон бол 24 цагт багтаан түүний баривчлагдсан, цагдан хоригдсон асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ. Хэрэв баривчлагдсан, цагдан хоригдсон хүн асуудал нь шүүхэд шилжсэнээс хойш 24 цагт багтан өөрийг нь тодорхой хугацаагаар үргэлжлүүлэн баривчилсан, цагдан хорьсон тухай шүүхийн шийдвэрийг өөрийг нь буруутгаж байгаа үндэслэлийн хамт хүлээж аваагүй бол нэн даруй суллагдана.
15.14.    Эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүнтэй хүнлэг ёсоор хандаж харилцана. Хэнийг ч ямар ч үндэслэл шалтгаанаар эрүүдэн шүүхийг хориглоно.
15.15.    БНМУ-ын төр засаг иргэнээ зориудаар гэмт хэрэгт холбогдуулах үйл ажиллагаа явуулахыг  хориглоно. Хэнд ч  хилсээр ял тулгаж үл болно. Хууль бусаар эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүний хохирлыг төр засаг заавал хариуцан төлнө.
15.16.    Тухайн үед гэмт хэрэгт эс тооцож байсан аливаа үйлдэл, эс үйлдлийг үндэслэн хэнийг ч гэмт хэрэгт яллан шийтгэж болохгүй. Гэмт хэрэг гарсан тохиолдолд хүнийг яллан шийтгэхдээ эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг баримтлана. Хүнийг яллан шийтгэхдээ өмнө нь ял эдэлсэн гэх шалтгаанаар хүндрүүлж яллахыг хориглоно.
15.17.    Дээд шатны албан тушаалтны хууль зөрчсөн шийдвэр, тушаалыг доод шатны албан тушаалтан нь биелүүлэхгүй байх үүрэгтэй.
15.18.    Хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг, цэрэг дайны эсрэг гэмт хэрэг, шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй.
15.19.    Шүүхээр гэм буруутай гэж эцэслэн тогтоогдох хүртэл хэнийг ч гэм буруугүйд тооцно. Хуульд заасан журмыг зөрчин гэмт хэрэгт холбогдуулахыг хориглоно. Шүүх гагцхүү Үндсэн хууль, түүний утга агуулга, зарчимд нийцсэн хуулийн дагуу хүний гэм буруутай эсэхийг тогтооно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно.
15.20.    Шүүхийн шийдвэрийг нээлттэй зарлана. Шүүхийн хуралдааныг  зөвхөн улс орны аюулгүй байдалтай холбоотой шалтгаан, тухайн хүний өөрийнх нь хүсэлтийн дагуу хувь хүний нууцтай холбоотой асуудлаар хаалттай хийж болно.
15.21.    Өмчтэй байх, өмчлөлийн бусад эрх эдлэх, өв залгамжлах, залгамжлуулах эрх эдлэхийг хуулиар бататгана. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Зөвхөн хуулиар тогтоосон үндэслэл шалтгаанаар, хуулийн дагуу гаргасан шүүхийн шийдвэрээр аливаа өмчийг хураан авч болно. Өмчтэй байх эрхийг өмчтэй байхын утгыг алдагдуулахгүйгээр гагцхүү хуулиар хязгаарлаж болно.
15.22.    Эцэг эх байх эрхийг гагцхүү хуулиар тогтоосон үндэслэл шалтгаанаар хуулийн дагуу гаргасан шүүхийн шийдвэрээр хязгаарлаж, эсхүл хасч болно.
15.23.    БНМУ нь ардчилсан зарчмыг тууштай баримтлагч улс орон мөн тул төр засаг иргэдээ мөрдөн мөшгөх, тагнах, захидал харилцаанд нь халдах, хувийн харилцааных нь талаар  мэдээлэл эрж хайх, цуглуулахыг хориглоно.
15.24.    БНМУ-ын нутаг дэвсгэрт оршин сууж байгаа гадаадын иргэний эрх, үүргийг БНМУ-ын хууль, уг иргэнийг харьяалсан улстай байгуулсан гэрээгээр, харьяалалгүй хүний эрх, үүргийг БНМУ-ын хуулиар тус тустогтооно. Үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор, эсхүл онц хүнд гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаагаас бусад үндэслэлээр хүний БНМУ-ын нутаг дэвсгэрээс гадагшаа гарах, оршин суух эрхийг хязгаарлахыг хориглоно. БНМУ-д улс төрийн шалтгаанаар мөрдөн мөшгөхөөс дайжин зугтаж орогнох эрх хүссэн, хүчирхийллийн аргаар гэмт хэрэг үйлдээгүй нь тогтоогдсоноос бусад гадаадын иргэнийг албадан гаргах, гадаад улсад хүлээлгэн өгөх асуудлыг уг иргэнийг харьяалсан улстай БНМУ-ын байгуулсан гэрээгээр, ийм гэрээ байхгүй бол БНМУ-ын шүүхээр шийдвэрлэнэ. БНМУ-д улс төрийн шалтгаанаар  мөрдөн мөшгөхөөс дайжин зугтаж орогнох эрх хүссэн, хүчирхийллийн аргаар гэмт хэрэг үйлдээгүй нь тогтоогдсоноос бусад харьяалалгүй хүнийг албадан гаргах, гадаад улсад хүлээлгэн өгөх асуудлыг БНМУ-ын шүүхээр шийдвэрлэнэ.
15.25.    БНМУ-ын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд эдлүүлэхдээ БНМУ-ын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний салшгүй эрхээс бусад эрхи

сэтгэгдэл үлдээх