АХБ бидэнд таагүй байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёлонда Фернандез Ломменыг хүлээж авч уулзан Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар санал солилцсон юм. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт “Хүнс тэжээл, нийгмийн халамж”, “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх”, “Салбар орон нутгийн хөгжлийн жендерийн мэдрэмжтэй бодлого, үйл ажиллагаа” төслүүд хэрэгжиж буй бөгөөд ирэх оноос “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрэх үйлчилгээг сайжруулж оролцоог нэмэгдүүлэх” төсөл хэрэгжиж эхлэх юм.

С.Чинзориг сайд хэрэгжиж буй төслүүдийн талаар өөрийн саналаа хэлж, үйл явцынх нь талаар тодорхой саналуудыг тавьсан. Тэрбээр “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийг онцлон дурдсан. 2015-2019 онд хэрэгжих уг төслөөр мэргэжлийн боловсрол сургалтын тогтолцоог хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн сайжруулснаар төгсөгчдийн хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэхэд бодитой үр дүн гарна хэмээн хүлээж байгаа төслийн үйл ажиллагаа удаашралтай явж буйд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлж “Би 2015 онд Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаа уг төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангуулж, УИХ-аар соёрхон батлуулсан төдийгүй төслийн нэгжийг байгуулж үйл ажиллагаа явуулах бүхий л нөхцөл боломжийг хангасан. Гэтэл төсөл батлагдаад 2,5 жилийн хугацаа өнгөрсөн атал өнөөг хүртэл нэг ч долларын хөрөнгө оруулалт хийгээгүйд миний хувьд сэтгэл гонсгор байна” хэмээсэн. “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг дээшлүүлэх” төслийн хүрээнд 2017 онд 5,0 сая ам.долларын хөрөнгө оруулалт мэргэжлийн боловсрол сургалтын салбарт орж тэр хэрээр төслийн үр өгөөж нэмэгдэх ёстой байтал энэ ажил хийгдээгүй нь АХБ-тай гэхээсээ хариуцсан яам, төслийн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой хэмээн үзэж буйгаа С.Чинзориг сайд дуулгаад цаашид төслийн үйл явцыг эрчимжүүлэхийн тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хүлээгдэж байсан хэд хэдэн асуудлыг шийдсэн болон ажил сайжруулах үүргийг холбогдох хүмүүст өгсөн гэдгээ ч хэлсэн. Түүнчлэн төслийн үйл ажиллагаа хэтэрхий удаашралтай байгааг санхүүжүүлэгч тал ч мөн анхаарч ажиллахыг Суурин төлөөлөгчөөс хүсч тодорхой саналуудыг тавьсан. Тодруулбал, 2017 онд санхүүжүүлэхээр төслийн баримт бичигт тусгасан хөрөнгө оруулалтыг ирэх оных дээр нэмж тусган төлөвлөсөн үйл ажиллагааг явуулах боломжоор хангах асуудлыг шийдвэрлэхийг санал болголоо. Мөн “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийн үйл ажиллагааг хариуцсан ажилтныг АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраасаа томилж ажиллуулбал Монголын Засгийн газраас тавьж буй санал, хүсэлтийг заавал төв оффисоос шийдвэр хүлээж цаг алдахгүй хурдан шуурхай шийдэж байх боломжтой гэдгийг тайлбарласан юм.

С.Чинзориг сайд төслийн үйл ажиллагааг идэвхтэй, эрчимтэй явуулахад манай талаас шалтгаалсан зүйл нэг биш байгааг анхаарч бүтэцтэй холбоотой зарим нэг өөрчлөлтийг хийхээ амласан. Үүнтэй адил асуудал “Салбар орон нутгийн хөгжлийн жендерийн мэдрэмжтэй бодлого, үйл ажиллагаа” төслийг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй Жендерийн үндэсний хорооны ажлын албанд байгааг тайлбарлаад өмнө нь Ерөнхий сайдын дэргэд байсан уг албаны статусыг өөрчилж яамны нэг газарт харьяалуулсныг өөрчилж сайдын дэргэдэх болгож бүтэц, зохион байгуулалтад нь өөрчлөлт оруулж, статусыг нь нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа дуулгасан.
Мөн ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилтоо үр дүнтэйгээр хэрэгжүүлэхийн тулд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь чухал байгаа бөгөөд үүний тулд залуучуудыг ур чадвартаа түшиглэн өөрөө өөртөө ажлын байр бий болгох, зохион байгуулалттайгаар хөдөлмөрөө хорших санаачлагыг дэмжиж, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл, гарааны бизнесийн дэмжлэг үзүүлж шаардлагатай тоног төхөөрөмжийг бага хүүтэй лизингээр олгох зэрэг ажлыг төслийн үйл ажиллагаатай уялдуулах боломжтой эсэхийг тодрууллаа. Мөн ажилгүй хүн бүрийн ур чадварын судалгааг нарийн гаргасан мэдээллийн нэгдсэн сан үүсгэх шаардлага байгааг ч онцолсон.

Ажилгүй байгаа иргэдийг ажлын байраар хангахаас гадна бага орлоготой иргэдээ анхаарч тэднийг ядуурал өртүүлэхгүй байх бодлого хэрэгжүүлэх шаардлага бий. Үүний тулд ажлын байрыг хадгалах, орлогыг бодитоор нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг Засгийн газраас авч эхэлж буйг сайд ярианыхаа үеэр онцолж байлаа.

Мөн Монголын нийт ажиллагсдын 50 гаруй хувь нь тогтмол орлогогүй малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид байдаг бөгөөд үүнээс шалтгаалан малчдын 80 шахам хувь нь нийгмийн даатгалд хамрагдаж чаддаггүйг өөрчлөх зорилгоор нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүүгийн туслалцаа дэмжлэг хэрэгтэй байгаа тул энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлэх боломжийг судлахыг АХБ-ны Суурин төлөөлөгчид уламжиллаа.

Хатагтай Ёлонда Фернандез Ломменыг сайдын тавьсан асуудлуудыг анхааралтай судалж, шуурхай шийдвэрлэхээ амласан юм. Ялангуяа “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг дээшлүүлэх” төслийн явц удаан байгаад дүгнэлт хийж сайжруулах, асуудлыг шуурхай шийдвэрлэдэг байхын тулд боломжтой бүх арга хэмжээг авна гэлээ.

сэтгэгдэл үлдээх