Хойд Солонгостой худалдаа хийсэн компаниудад хориг тавилаа

АНУ-ын эрх баригчид Хойд Солонгостой худалдаа арилжаа хийсэн БНХАУ-ын компаниудад хориг арга хэмжээ авлаа.

Тэдгээр компани дотор Хятадын “Кэхуа экономи трейд”, “Шианхэ трейдинг”, “Хонда трейд” компаниуд багтаж байна. Эдгээр компани БНАСАУ-д 650 сая ам.долларын бараа таваар экспортлодог бол 100 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн импортлодог аж.

АНУ-ын Төрийн департмент мэдэгдэлдээ “Бүс нутаг дахь Хойд Солонгосын аюул заналхийлэл оршсоор байгаа энэ нөхцөлд тус улсын эдийн засгийн гол эх үүсвэрүүдийг тусгаарлах, хязгаарлах асуудалд бид тууштай хандах болно. Хойд Солонгост хийж байгаа худалдааны хэмжээ олон сая ам.доллараар яригддаг. Мөн бид  тээврийн компаниуд, тэдгээрийн хөлөг онгоцуудад хориг тавьж байна” гэжээ.

Хориг арга хэмжээнд багтсан Хятадын бизнес эрхлэгч Сун Сидоны “Дандон донян индастриал” компани Хойд Солонгост 28 сая ам.доллар өртөг бүхий автомашин, автомашины мотор, электрон механизм, радио долгионы төхөөрөмж, хөнгөн цагаан, төмөр зэргийг нийлүүлж байсан аж. Пхеньяны үй олноор хөнөөгч зэвсэг үйлдвэрлэж байгаа нь  “Дандон донян индастриал” гэх мэт компаниудтай салшгүй холбоотой гэнэ.

Вашингтон Хойд Солонгосын батлан хамгаалахын хүчин чадлыг нэмэгдүүлсэн, цөмийн үйл ажиллагааг дэмжих, эдийн засгаар дэмжсэн аливаа үйлдэл, худалдаа арилжааны асуудалд хориг тавих төлөвлөгөөтэй байгаа юм.

сэтгэгдэл үлдээх