ХОЙД СОЛОНГОС ЦӨМИЙН ЗЭВСЭГТЭЙ УЛС БОЛОХ ЗОРИЛГОДОО ХҮРЖЭЭ.. Харин МОНГОЛ

Ойрын өдрүүдэд Зүүн хойд азийн байдал дайны ирмэг дээр ирээд байна. Зөвхөн зүүн хойд азиар ч тогтохгүй тив алгасаад Америкийн аюулгүйн байдалд заналхийлсэн мэдэгдлийг хойд Солонгосын залуу удирдагч удаа дараа хийх боллоо. Өмнөд Солонгосын стратегийн ач холбогдол өндөр хот, далайн боомт хийгээд нийслэл Сөүлийг нь 100 мянган артиллерийн их буу онилсон түүгээр ч үл барам Америкийн баруун эргийн хотууд, Хавайн цэргийн баазуудыг овоо хараандаа онилсон гэнэ. Тагнуулын мэдээгээр энэ мэдээлэл бүрэн батлагджээ. 1,5 сая байнгын цэрэгтэй, 30-аад сая хүн амынх нь эмэгтэйчүүд хүртэл цэргийн алба хаадаг, цэргийн хүчээр дэлхийд тавдугаарт жагсдаг энэ орон дайн өдөөвөл бүс нутагтаа байтугай дэлхийн улс төр нийгмийн байдалд ноцтой аюул занал учруулна. Хойд Солонгос бол Ирак, Афганистан биш. Цэрэг армиа 10 саяд хүргэж чадах, артиллерийн хүчирхэг армитай хамгийн аймшигтай нь цөмийн зэвсэгтэй улс. Ард түмэн нь өлсгөлөнгийн аюулд нэрвэгдээд армиа тэжээж дийлэхгүй хэмжээнд хүрсэн улс орныг залуу удирдагч нь аав Ким Чен Ирээсээ хүлээж авсан.

Цөмийн зэвсгээр хөөцөлдөх болсноор олон улсаас ямар ч дэмжлэг тусламж байхгүй болсон түүнд бусдыг айлгаж дарамталж болохгүй бол цэрэглэн хөдлөж гэмээн тусламж дэмжлэг авах бодлого баримталж байх шиг. Солонгосын ард түмний амьдралын өнөөгийн байдал үнэхээр нүд хальтрам болсон. 0,7-хон га талбай дээр нэг өрх бүл тариа ногоогоо тарих эрхтэй. Байгаль цаг уурын хувьд эрс тэс, жилдээ ганцхан ургац авдаг гээд бодохоор нөхцөл байдал ямар хэмжээнд очсныг төвөггүй төсөөлж болно. Ард иргэдийнхээ ахуй амьдрал гэхээсээ цэрэг армийнхаа хэрэгцээг хангахад энэ улс байдгаа шавхаж байна. Өнөөдөр тэр бүх нөөц бололцоо нь шавхагдсан. Тэгээд л тэр дайныг хүсч... Дайнаар бүх асуудлаа шийдвэрлэхийг хүсч.. Харамсалтай нь энэ шийдвэр хэчнээн хүний цус нулимс дагуулахыг тэр бодохыг ч хүссэнгүй.

Солонгосын хойгийн талаар нуршин өгүүлэхийн учир нь энэ нөхцөл байдалд Монгол улс ямар гадаад бодлого баримталж, ямар байр суурьтай оролцох вэ гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ. ОХУ, БНХАУ төвийг сахисан, Япон болон бусад улс илэрхий өмнөд Солонгос, Америкийн талыг баримталж байгаа өнөөгийн нөхцөлд хойд, өмнөд Солонгостой хоёулантай нь найрсаг харьцаатай Монгол улс эвлэрэн уулзаж гар гараа барилцах чухал цэг нь болох учиртай. Үүгээрээ бид 90 оноос хойш гадаад бодлогодоо баримталсаар ирсэн олон тулгуурт бодлого маань биелэлээ олох учиртай. Улаанбаатарын уулзалт гэсэн эвлэрэлийн олон улсын уулзалтыг яагаад монголчууд санаачлан хэрэгжүүлж болохгүй гэж.

Улсын маань нэр хүнд өснө үү гэхээс буурна гэсэн ойлголт байхгүй. Аливаа дайтагч, заналхийлэгч хоёр улс тус бүс нутгийнхаа хамгийн тайван оронд хоёр талаас уулзаж үг хэлээ ололцдог олон улсын жишиг бий. Орос, Хятад хоёр төвийг сахин чимээ аниргүй байгаа энэ л нөхцөл байдлыг ашиглан өөрийн орондоо тэр дундаа нийслэл хотдоо дайсагнагч талуудыг эвлэрүүлэх уулзалтыг зохион байгуулахад геополитикийн хувьд үлэмж ашигтай. Хэрвээ дайн самуун боллоо гэхэд эвлэрлийн гэрээг санаачлан зохион байгуулсан улс орон руу халддаггүй бичигдээгүй хууль бий.

Олон улсын ийм томоохон хэлэлцээрийг Монгол улс санаачлан багагүй амжилтад хүрч улсынхаа нэр хүндийг өргөж байсан тохиолдол бий. Үүнд цөмийн зэвсэггүй бүс нутаг болох уриалга. Олон улс нааштай хүлээж авсан. НҮБ, Америк, НАТО, ОХУ, БНХАУ, Япон зэрэг тэргүүлэгчид энэ л өнцгөөс Монголд элэгтэй хандаж хүнд хэцүү үед бидэнд туслаж дэмжиж байсан. Олон улсын анхаарлыг өөртөө хандуулна гэдэг тэр болгон олдоод байдаг тохиол биш ээ. Цаг хугацаа, орчин, бодит байдал давхцаж байж л ийм боломж, хувьсгалын тохироо бүрддэг. Монголын гадаад бодлогод ийм л чухал нөхцөл тохироо бүрдээд байна. Харин манай Гадаад яам аанай л чимээ аниргүй. Төв үзлийг баримталж байгаа болохоос аль нэгний талд орьё гэсэнгүй. Эвлэрүүлье гэснээс хагаралдуулья гэсэнгүй. Зөвхөн ирээд уулз, хоорондоо ярилц, хөндлөнгийн ямар нэгэн нөлөөгүй халуун тогоондоо учраа ололц гэсэн л урилга.

Хойд Солонгос өмнөдтэй харилцдаг 24 цагийн утсан холбоогоо салгасан. Хэрвээ хилийн дагуу хэн нэгэн хийрхэгч нөхөр буу алдвал дайны бэлэн байдалд байгаа хоёр талаас өч төчнөөн галан шуурга дэгдэнэ. Нөхцөл байдал цаг минутаар хэмжигдэж байгаа энэ нөхцөлд эвлэрлийн уулзалтыг зохион байгуулахад бүс нутагтаа төдийгүй, дэлхий дахины энх амгаланд эерэгээр нөлөөлнө. Үнэндээ энэ хойгийн дайн дэгдвэл Монголын нийгэм эдийн засагт хүнд тусна. Хүчирхэг Америк Ирак, Афганистаныг арчсан шигээ арчаад л өнгөрнө. Үй олон дүрвэгсэд Манжуур, Оросоор дамжин Монголд ирнэ. Олон улсын өмнө хүлээсэн үүрэгтэй болохоор дүрвэгсдийг байршуулна хооллож ундална, хэрэгцээт зүйлсээр нь хангана.

Энэ ч бага хэрэг гэж үзэхэд эдийн засагт ихээхэн дарамт учирна. Энэ дайнд өмнөд Солонгос ихээхэн хохирол үзэх нь дамжиггүй. Тэр хэрээр эдийн засаг нь доройтоход Монгол дахь хөрөнгө оруулалтууд ор сураггүй болно. Манай эдийн засгийн түшиг болсон Япон энэ нөхцөл байдалд татагдан оролцохгүй байна гэж үгүй. Тийм тохиолдолд өнөөдрийн хоёр улсын байгуулсан стратегийн түншлэл маань сураггүй болно. Чухам ийм учраас л монголчууд нөхцөл байдлыг зүгээр нэг хараад суух биш идэвхтэй оролцох учиртай юм.

Бидэнд идэвхтэй оролцох бас нэг ноцтой шалтгаан бий. Тэр нь өмнөд Солонгост ажиллаж амьдарч байгаа манай улсын 20 гаруй мянган хүний хувь заяаны асуудал байна. Муу ч сайн ч Монгол улсын иргэн. Нэг хүнийх нь хувь заяаны төлөө улс гүрнүүд хэрхэн санаа тавьдгийн жишээг бэлхнээ мэднэ шүү дээ. Гэтэл тэнд 20 гаруй мянган монгол хүн байна. Дайн дэгдвэл энэ нь монгол улсын эрх ашгийн эсрэг зүйл л болж таарна. Тиймээс бид Солонгосын хойгийн асуудал дээр ийм хөшүүн хойрго хандаж даанч боломгүйсэн. Монгол төр юу бодож байна аа гэж эцэст нь асууя. Томоос том асуултын тэмдэгтэй шүү.

Н.Бадамжав

сэтгэгдэл үлдээх

Зочин

  • [192.168.1.1]
  • 7 Сар

Их зөв санаа дэвшүүлсэн байна дэмжиж байна