Төрийн тэргүүн нарынг айлчлал

Монгол Улсын төрийн тэргүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын гадаад айлчлал Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал үүрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анхны албан ёсны төрийн айлчлалаа эхлүүлээгүй байгаа. Харин өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын Владивосток хотод болсон  Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтад оролцоод ирсэн. Засгийн газрын байгуулагдаад хоёр сар болох гэж байгаа учраас шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нарын анхны айлчлал хаанаас эхлэх вэ гэдэг нь Монголын төдийгүй дэлхий нийтийн анхааралд буй сэдэв.

СПИКЕР ХЯТАДАД АЙЛЧЛАХ УУ?
Монгол Улс дэлхийд тоглогч  хоёр том улсын дунд оршдог учраас Төрийн тэргүүнүүдийн анхны айлчлал хоёр хөршийн аль нэг нь байх уу  гэсэн хүлээлт бий. Тиймээс Монголын лидерүүд БНХАУ, ОХУ-ын алинаас нь төрийн айлчлалаа эхлүүлэх вэ гэдэг ч чухал сонголт.  БНХАУ-ын талд албан ёсны айлчлалаа эхлүүлэх саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  өгсөн гэсэн мэдээлэл бий. Гэвч БНХАУ-ын талаас шинэ Ерөнхий сайд, шинэ Засгийн газар байгуулагдах хүртэл айлчлалын асуудлыг хойшлуулж болох юм гэсэн утгатай хариу илгээсэн гэх мэдээлэл байна. Мөн Монгол Улсын шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлаа авсныхаа дараа БНХАУ-ын талд айлчлах хүсэлтээ илгээсэн ч МАН-ын Их хурлаас намын дарга хэн болох вэ гэдгээс айлчлал хийх эсэхийг шийднэ гэсэн хариу өгсөн талаар зарим эх сурвалжууд хэлж буй.  Харин албаныхан энэ мэдээллийг үгүйсгэж байгаа  ч үүнийг хоёр улсын төдийгүй улсын нэр хүндэд халтай мэдээлэл учраас нууцалж байж болох юм гэсэн хардлага ч бас байна. БНХАУ-д хийх анхны айлчлалыг Гадаад харилцааны сайд эхлүүлж буй. Тэрбээр арванхоёрдугаар сарын 3-ны өдөр БНХАУ-ыг зорьж, арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс албан ёсны айлчлалаа эхлүүлэх аж. Түүний айлчлалын зорилго нь УИХ-ын даргын албан ёсны айлчлалын бэлтгэл болж байгаа гэх мэдээлэл ч байна.

сэтгэгдэл үлдээх