ЯПОНЫ ЭЗЭН ХААНЫ СЭНТИЙГЭЭС БУУХ ТОВЫГ ЗАРЛАЛАА

Япончуудын хайр, хүндэтгэлийг хүлээсэн эзэн хаан Акихитогийн хаан ширээнээс буух ёслолыг 2019 оны дөрөвдүгээр сарын 30-нд хийхээр Эзэн хааны зөвлөлийн хурлаар шийдвэрлэжээ. Шийдвэрийг тус улсын ерөнхий сайд Шинзо Абэ албан ёсоор танилцууллаа.

Угсаа залгамжлах хунтайж Нарухитог удаах өдөр нь буюу 2019 оны тавдугаар сарын 1-нд хаан ширээнд өргөмжлөх ажээ. Тэрбээр Японы түүхэн дэх 126 дахь эзэн хаан болох юм.

Эзэн хааны зөвлөл өнөөдөр /2017.12.01/ хуралдав.

2016 оны наймдугаар сард эзэн хаан Акихито телевизээр ард түмэндээ хандан мэдэгдэл хийхдээ, “Өндөр насыг зооглож, бие чилээрхэх болсон тул хойшид эзэн хааны үүрэг хариуцлагыг дааж явахад бэрх боллоо” гээд, хаан сэнтийгээ залгамжлагчдаа шилжүүлэхийг ард түмнээсээ хүссэн юм.

Дэлхийн II дайнаас хойш Японы түүхэнд эзэн хаан ард түмэндээ хандан мэдэгдэл хийсэн ердөө гурав дахь удаагийн тохиолдол тэр болсон билээ. Өмнө нь эзэн хаан Хирохито Япон улс Дэлхийн II дайнд ялагдал хүлээсний дараа, дараа нь түүний хүү болох Акихито 2011 онд Фүкүшимагийн цөмийн станцад гарсан ослын дараа ард түмэндээ хандаж байв. 

Японы парламент өнгөрсөн зургадугаар сард эзэн хааны хүслийг гүйцээж, хаан сэнтийгээс буухыг зөвшөөрсөн хууль баталсан билээ. 

1933 оны арванхоёрдугаар сард төрсөн, удахгүй 84 насыг зооглох эзэн хаан Акихитогийн бие доройтож, сүүлийн хэдэн жилд зүрхний мэс засалд орж, хавдрын эмчилгээ хийлгэсэн юм. 

Тэрбээр эзэн хаан Хирохитог таалал төгссөний дараа 1989 оны нэгдүгээр сард 56 настайдаа хаан ширээнд заларчээ. 

сэтгэгдэл үлдээх