Мэргэжил ба боловсрол

Мэргэжил ба боловсрол

М.Энхболдын намтрыг харжээ суухад “Мэргэжил: Төлөвлөгч эдийн засагч” гэж бичжээ. Залуу цагийн дурсамж сэдэрч ч байх шиг. Энэ ямар мэргэжил билээ? Ийм мэргэжилтэй хоёр дахь хүнтэй “танилцаж” байгаа нь энэ. Эхнийх нь доктор Ж.Нэргүй. Мань хүн төлөвлөлтөөр 10 жилийн завсартай дэд эрдэмтэн, эрдэмтэн цолыг хойно (ЗХУ-д) хамгаалсан юм билээ. Тэр үед эмч домчтой андуурам "доктор" энэ тэр гэхгүй сайхан монгол цолтой байжээ. Гэвч түүний гурван үеийн намтрыг шүүгээд эрлийз учраас өөд нь гаргалгүй, дарсаар тэтгэвэрт нь гаргажээ. Ж.Нэргүй гуайн амбиц бол төлөвлөгөөний комиссын дарга болох байсан ч улсын тархи болсон Зөвлөлттэй холбох ганц сэжмийг “хятадын эрлийзэд” өгч болохгүй байж л дээ, тэгээд Ж.Нэргүй доктор нийгэмдээ өсөрхсөн диссидент “тэрс үзэлтэн” болж хувирсан юм.

Ардчилсан хувьсгал ялахад цол, мэргэжил нь үгүйсгэгдсэн ч угаасаа тэтгэвэрт суусан Ж.Нэргүй гуайд хэрэг болохоо өнгөрсөн хэрэг. Учир нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг халж, зах зээлийн эдийн засгаар солигдсон юм. ... дугаар таван жилийн төлөвлөгөөнүүд алга болж, "Госплан"-Улсын төлөвлөгөөний комисс, ЭЗХТЗ гэх мэт коммунист нийгмийн “гол” байгууллагуудыг татан буулгаж “төлөвлөгч эдийн засагчид” бүгдээрээ ажилгүй, гол нь нийгэмд зөвшөөрдөггүй, мэргэжилгүй болов. Түүний оронд эрэлт нийлүүлэлт, чөлөөт үнэ, үнэт цаас, хувьцаа гэх мэт шал өөр эдийн засгийн ойлголтууд бий болов. Ер нь эдийн засаг бол дангаараа ШУ биш сэтгэлгээ, бусад ШУ-тай хавсарч байж гэмээ нь "шинжлэх ухаанждаг" салбар. Коммунизмын үед улстөртэй ихээхэн холилдсон, өнөө статистик үзэл суртал хоёрыг ялгахаа байдаг шиг болчихсон байв даа. Тэгэхээр манай УИХ-ын дарга, Ерөнхийлөгчид нэр дэвшигч орчин үеийн шалгуураар бол огт "мэргэжилгүй" хүн болж таараад байгаа юм. Дарга гэдэг мэргэжилтэй гэж гөрдөхгүй бол шүү дээ.

Дорнод Европын орнуудад энэ "төлөвлөгч эдийн засагч" гэдэг шинжлэх ухаанч бус мэргэжлийг шууд мэргэжил биш гэж тооцохын зэрэгцээ, тухайн үед нийгмийн ШУ-наар хамгаалсан бүх цол хэргэмийг хүчингүй болгож санаа нь амарсан билээ. Тиймээс төлөвлөгч эдийн засагч мэргэжилтэн системийн хувьд “гологдол” болж, өөр мэргэжил эзэмшихээс аргагүй болсон юм. Тэр байтугай Хятадад ч тоохоо байсан, одоо мэргэжил биш харин судалгааны, тэр дундаа түүхийн ШУ-ны сэдэв болж магадгүй юм.

Өнөөдөр албан бичгийн стандарт алдагдаж, бүр логикгүй болсныг анхаарахгүй бол горьгүй болжээ. Жишээ нь М.Энхболд дарга 1996 онд Япон улсад Төрийн захиргааны байгууллагын удирдлага, зохион байгуулалтын асуудлаар мэргэжил дээшлүүлсэн, 1998 онд ХБНГУ-д Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн гэж байна. Мэргэжлээ дээшлүүлэхийн тулд эхлээд тэр мэргэжлийг нь ядаж эзэмших хэрэгтэй биз дээ? Эзэмшээгүй мэргэжлийг дээшлүүлнэ гэж байх уу? “Хар параагчигаар” дарга болоод түүнийгээ хөгжингүй оронд дээшлүүлдэг учир байдаг л юм байх даа? Эсвэл “коммунист дарга суудал” баруунд ингэтлээ өндөр үнэлэгддэг юм болов уу? Томилсон тушаал мэргэжлийн үнэмлэхийг орлодог гэж би л лав сонсоогүй.

Бүр гайхалтай нь 2000 онд Эдийн засгийн магистр цол хамгаалжээ. Коммунизм сүйрээд 10 жил болсон хойно “төлөвлөгч-эдийн засагч” хүн ямар сэдвээр мастер хамгаалсан байж таарах вэ? “Коммунизмын материал техникийн баазыг сүйрүүлэх нь” магадгүй “Арын хаалгыг авилга болгож хөгжүүлэх нь” гэх мэт сэдвүүд бол байж болно, бас ямарваа цол зэргийг бичихдээ ямар сэдвээр хамгаалсныг заавал бичдэг номтой юм л даа. Тэгээд сэдэв байтугай агуулга “хуулсан” бол хураалгадаг жишиг саяхан пост коммунист орнуудад бий болсон. Коммунизм капитализм хоёр ингэтлээ найзархдаг ёс Монгол, Хятад хоёрт л байдаг байх.

Дашрамд гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр дөрөв дэхь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос “Харвардад хамгаалсан сэдвээ өгөөч” гэж гуйгаад ядсан гэсэн. Тэр их мундаг ажил байгаа даа, олоод үзчих юмсан гэж би ч бас дотроо бодоод л байдаг юм. Даан ч өнөөх маань гаргадаггүй. Эрдмийн ажлынх нь үр дүнг өөр дээрээ мэдэрсэн 3 сая Монголчуудад уг нь их хэрэгтэй эд байх аа...

М.Энхболд даргын маань 2002 оны НҮБ-ын Олон улсын мэдээлэл зүйн Академийн жинхэнэ гишүүн бол бүр хадуураад явчихсан хэрэг. Харин 2003 онд БНСУ-ын Гуан-Үн их сургуулийн төрийн захиргааны Хүндэт доктор, 2006 онд “Орхон” их сургуулийн Хүндэт доктор бол болж байна аа. Хүндэт бол хүндэтгэл болохоос мэргэжлийн үнэлгээ огт биш.

Харин нийгэмд улстөрчийг сонгохдоо боловсролыг нь харгалзаж үзнэ гэж их ярьдаг. Боловсрол бол мэргэжлээс огт өөр юм л даа. Жишээ нь урлаг, утга зохиол талынх нь мэдлэг мэдрэмжийг тооцвол Н.Энхбаяр, Х.Баттулга хоёрын аль нь ч М.Энхболдоос хамаагүй боловсролтой, миний л харахаар. С.Баяр Ерөнхий сайд байхдаа “Танайд хоноё” нэвтрүүлгээр “боловсролоо гайхуулж” ганцхан зураг үзүүлдэггүй юу? Олон адууг сөрж давхиж байгаа ганц цагаан морины зураг...

АПУ-ын захирал П.Батсайхан боловсролтой, бас орчин үеийн зургийн сайхан цуглуулгатай. Их үнэтэй уран зураг Хонгконгийн дуудлага худалдаанаас авсан талаар шуугиж байх үед бид “Чингис хаан” архины асуудлаар нэг ярилцсан юм. Тэгэхэд “Би тэр зургийг гайхуулах гэж аваагүй, мөнгөө үрж ядаад ч яваагүй. Азийн бизнес клубүүдэд орж ажил ярих л гэж авсан. Алтан цаг, феррари, шилэн байшин, нүсэр үйлдвэр амжилттай бизнесийг тодорхойлдоггүй, харин тэр хүн тийм зурагтай гэвэл өөрөөр харж, бизнес ярьдаг” гэж байсан санагдана. Боловсролын шалгуур бол энэ шүү дээ...

Авиан Баатархуяг

сэтгэгдэл үлдээх