Барак Обама Си Зиньпинтэй уулзсаныхаа дараа Далай ламтай уулзав

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама өнгөрсөн долоо хоногт Бээжин хотод Хятадын удирдагч Си Зиньпинтэй уулзалт хийсэн юм. Тэрбээр үүний дараа баасан гарагт Энэтхэгт Түвдийн Гадаад дахь засгийн газрын байранд Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламтай уулзалт хийжээ.

Барак Обама, Далай ламын уулзалтын гол сэдэв нь дэлхийд энх тайвныг хэрхэн тогтоох асуудал байсан гэж Дээрхийн гэгээнтний хэвлэлийн төлөөлөгч Касур Тэмпа Цэрэн мэдэгдсэн байна. Тэрбээр “Далай лам, Барак Обама нарын 45 минутын уулзалтын ярианы гол сэдэв нь дэлхийн энх тайван, эв нэгдлийг бэхжүүлж, хүчирхийллийг зогсоох асуудал байлаа” гэжээ.

Нобелийн энх тайвны шагналт Барак Обама, Далай лам нар зургаа дахь удаагаа уулзаж байгаа аж. 82 настай Далай лам өнгөрсөн долоо хоногийн уулзалтаар Цагаан ордны экс тэргүүнийг “Бид эртний, үнэнч нөхөд” хэмээн тодорхойлсон байна.

сэтгэгдэл үлдээх