Монгол Улс дараагийн сансрын нисгэгчээ эмэгтэй хүн байлгахаар төлөвлөж байна

Монголын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа 1981 онд “Союз-39” хөлгөөр ЗХУ-ын сансрын нисгэгч В.И.Жанибековын хамтаар сансарт хөөрч 8 өдрийн турш дэлхийг нийт 124 удаа тойрч эх дэлхийдээ амжилттай газардсан юм.

Тэр цагаас хойш 36 жилийн дараа Монгол хүн, тэр тусмаа эмэгтэй сансрын нисгэгчийг сансарт илгээх тухай яриаг УИХ-ын гишүүн Л.Болд чуулган дээр үг хэлэх үедээ хөндсөн юм. 

Тэрбээр “Монголын олон анхдагчууд хамтраад “Шинэ Монголын Санаачилга” гэсэн олон нийтийн байгууллага үүсгээд байна. Социализмын үед дэлхийн сансар судлалын арван орны нэгд бичигдэж байсан томоохон амжилт бидэнд бий. Харин энэ амжилтаа алдахгүй, ахиулах ёстой гэдэг үүднээс ойрын үеийн томоохон зорилтыг тавин ажиллаж байна. Энэ зорилгод Монголын анхны эмэгтэй сансрын нисгэгчийг сансарт нисгэх, сансар судлалд Монголыг илүү идэвхтэй оролцуулах төслийг хэрэгжүүлэх явдал багтаж байна. Түүнчлэн сансраас хийгддэг алсын зайн тандалтыг хөгжүүлэх чиглэлд хүн сонгохоор ажиллаж байна. Мөн хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэх Монгол орны алслагдсан газруудад яаж үр ашигтай үр тариа бусад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ургуулах вэ гэдэг тал дээр судалгаа хийх чиглэлээр ажиллаж байгаа юм. Энэ асуудлаар бид ОХУ-ын зарим байгууллагуудтай хамтран ажиллаж байхад Засгийн газар хоорондын гэрээг шинэчлэх шаардлагатай нь ажиглагдсан.” гэж хэлээд энэ асуудлыг ойрын үеийн засгийн газрын хоорондын комисс дээр ярилцаж хэлэлцээрийг дахин шинэчилж батлах асуудалд Засгийн газрыг анхаарал хандуулахыг хүссэн юм.

сэтгэгдэл үлдээх

хосоо

  • [192.168.1.1]
  • 6 Сар

ардын хувьсгалын 100 жил, Гагарин сансарт ниссэний 60 жил, Монгол хүн сансарт ниссэний 40 жил, 2021 онд тохионо. Одооноос хүнээ бэлдвэл 21 онд нисгэж чадах байх