Трамп Газын зурваст дайн дэгдээж магадгүй

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнгөрсөн  бямба гаригт Иерусалимын статусын асуудлаар шуурхай хуралдсан. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн Тель Авив дахь Элчин сайдын яамаа Иерусалим хот руу нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаж,  Иерусалим хотыг Израилийн нийслэл  гэж хүлээн зөвшөөрсний дараа дэлхийн улс орнуудын шаардлагын дагуу Аюулгүйн зөвлөл хуралдсан нь энэ юм. Америкийн эрх баригчдын шийдвэрийг Арабын  орнууд төдийгүй Европын холбоо, НҮБ, олон улсын нийгэмлэг цаг үеэ олоогүй буруу шийдвэр гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Арабын орнуудын удирдагчид ч гэсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Израиль болон Палестины хооронд хүчирхийлэл, эмх замбараагүй байдал үүсэхэд нөлөөлсөн гэж буруутгасан байна. Мөн тэд АНУ-ыг Ойрхи Дорнодын асуудлыг шийдэхэд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж буйд найдаж болохгүй гэж үзэж байна. 

Газар нутгийн маргаантай, статус нь  тодорхойгүй Иерусалим хотыг Израилийн нийслэл гэж хүлээн зөвшөөрсөн Цагаан ордны шийдвэрийг олон орон эсэргүүцэж, Иерусалимын статусын асуудлаар Аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдаан явуулахыг Боливи, Их Британи, Египет, Итали, Сенегал, Уругвай, Франц, Швед гэсэн найман улс  НҮБ-ын удирдлагад хандан хүсчээ. Аюулгүйн зөвлөлийн индэр дээрээс НҮБ-ын тэргүүн Антониу Гуттериш АНУ-ын Засгийн газрын шийдвэртэй санал нэгдэхгүй байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл Европын холбооны гадаад бодлого хариуцсан дарга Федерика Могерини “Одоо үүсээд байгаа нөхцөл байдал бидэнд асуудлыг энхийн замаар шийдвэрлэх нь ямар чухал вэ гэдгийг харуулж байна. Хамгийн гол нь оролцогч талууд бүгд нөхцөл байдлыг хурцатгаж, даамжруулахгүй байхад анхаарах нь юу юунаас илүү чухал байна. Одоо ариун дагшин газруудад, бүсийн хэмжээнд нөхцөл байдал улам хурцдах аюул тулгараад байна. Учир нь Иерусалимын энэ асуудал бүсээр зогсохгүй дэлхий нийтэд хамааралтай” гэж мэдэгдсэн байна.  Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан “Иерусалимын статустай холбоотой асуудал нь Израиль, Палестины зөрчилд гол маргаан дагуулж байна. Өөр өөр үндэстэн, шашныг илтгэх энэ асуудал их адармаатай, эмзэг сэдэв гэж хэлж болно. Иерусалим хотын асуудлыг хэлэлцээний журмаар шийдвэрлэхийг олон улс хүсэж байгаа. БНХАУ Ойрх Дорнодын энхийн хэлэлцээг дэмжиж байгаа. Иерусалим хотын статусаас авахуулаад Ойрхи  Дорнодын асуудлуудыг НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн хууль дүрмээр шийдвэрлэх хэрэгтэй. Талууд энхийн хэлэлцээ байгуулахад бүгд идэвх санаачилгатай байж бүсийн хэмжээнд энх тайван, тогтвортой байдлыг бататгаасай гэж уриалмаар байна” гэжээ. Ерөнхийдөө Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд Трампын шийдвэрийг хурцаар шүүмжилж, үүсээд буй нөхцөл байдлыг энхийн аргаар шийдвэрлэхийг талуудад уриаллаа.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд  Иордан голын баруун эрэгт орших Палестины Бифлеем хотод эсэргүүцлээ илэрхийлэгчид Израилийн цэргүүд рүү чулуу нүүлгэсэн байна. Үүний хариуд Израилийн цэргүүд жагсагчдыг резинэн сумтай буугаар буудаж, нулимс асгаруулагч хий цацжээ. Мөн Газын зурвасаас Израиль руу хоёр пуужин харвасан байна. Израилийн тал хариуд нь Палестин руу их буугаар галлажээ.  Хоёр талын мөргөлдөөний үеэр Газын зурваст хоёр хүн амь үрэгдэж, 760 гаруй хүн шархадсан гэнэ. Амь үрэгдэгсэд нь палестин хүмүүс аж. Түүнчлэн   Палестины  олон хотод эсэргүүцлийн жагсаал өрнөж байна. Тэд  ислам  шашинтнуудын ариун сүм байдаг   Палестин Улсын  нийслэлийг  Израилийнх хэмээн зарласныг эсэргүүцэж  буйгаа илэрхийлж  АНУ-ын төрийн  далбаа,  Ерөнхийлөгч  Трампын хөргийг  шатааж  байна.  Мөн   Палестины  Хамас хөдөлгөөний удирдагч  Исмаил  Хания  ард иргэдийг жагсаал  цуглаанд  нэгдэхийг уриалжээ.  Тэрбээр “Трамп Ерөнхийлөгчийн мэдэгдэл  Израиль Палестины энхийн хэлэлцээнд  цэг  тавилаа. Одоо тэмцэх  цаг ирсэн” хэмээжээ. Мөн  өнгөрсөн бямба гаригийн  шөнө  АНУ-ын  Нью-Йорк,  Чикаго  зэрэг хотод  Ерөнхийлөгч  Трампын  шийдвэрийг  эсэргүүцсэн хүмүүсийн  жагсаал  болсон  байна.  Жагсаалыг  Америкийн  Палестиныг  дэмжигч байгууллагууд  зохион байгуулсан байна.
Иерусалим гэдэг нь “Бурхны ариун газар" гэсэн утгатай араб үг бөгөөд иудей, христ, исламын шашны ариун газар гэж нэрлэгдсэн сонирхолтой хот юм. Хүн амын 64 хувь еврей, 32 хувь нь нь ислам, хоёр хувь нь христийн шашинтай. МЭӨ I зууны үед Дэвид хаан нийслэл хотоо Хэброноос энд нүүлгэж ирсэн цаг аас хойш иудейн шашинтай холбогдох болсон гэж үздэг.  МЭӨ 30 оны үеийн Гэгээн Хеленагийн загалмайг эндээс олсноос хойш христчүүдтэй "холбогдсон" бол МЭ-ний 610 онд Исламын шашны гурав дахь ариун хотоор Иерусалимыг тодруулснаар ислам шашинтнуудад хамаатай болж таарчээ. Гурван шашны төлөөлөл аж төрөх болсон үеэс манай гаригийн хамгийн адармаатай газрын нэг болсон. Израиль Палестины цуст сөргөлдөөн балар эртнээс бүр түүх тэмдэглэгдсэн цаг үеэс л эхлээд энэ хоёр ард түмэн сөргөлдөгчид байсан гэдэг. Дэлхийн II дайны дараа Ойрхи Дорнод дахь Английн колоничлол дуусгавар болж, Израиль болон Палестин гэсэн еврейн улсуудыг байгуулах санал гаргаж байв. Үүний дагуу 1948 онд Израиль Улсыг байгуулсан бөгөөд энэ нь хагас зууныг дамжсан дайны эхлэл болсон байна. 
Арабын орнууд тус улсыг хүлээн зөвшөөрөөгүйгээс дайн дэгдээв. Энэхүү “Араб, Израилийн дайн” бүтэн жил үргэлжилж, Израилийн ялалтаар дууссан. Уг дайнаар газар нутгаа тэлж, одоогийн Палестины газар нутгийн талыг эзэлж, сүүлд Иерусалим хотыг эрхэндээ оруулжээ. Үүнээс улбаалаад 1967 оны “Зургаан өдрийн дайн”, 1966-1970 оны “Туйлдуулсан дайн”, 1982 оны “Ливаны дайн”, 2006 оны “Долдугаар сарын дайн”-ууд дараалан гарсан. Энэ бүхнийг дэлхий дахин зүгээр хараад суусангүй. Геополитик хийгээд гео эдийн засгийн сонирхлын дагуу тэргүүлэгч гүрнүүд эл хэрэгт оролцож байлаа. Мөн НҮБ, НАТО зэрэг байгууллагууд тодорхой шийдвэр гаргаж байсны томоохон нь 1993 оны “Ослогийн хэлэлцээр” юм. Уг хэлэлцээрээр Палестины Үндэсний автономи буюу “Газын зурвас”, “Иордан голын баруун эрэг”, “Зүүн Иерусалим” гэсэн гурван хэсгээс бүрдэх, өөртөө засах эрхтэй, дотоодын хууль тогтоомжтой, Израилиас хараат улс бий болсон юм. Үүнээс эхлээд л Палестин тусгаар тогтнохыг, Израиль бүрэн хяналтдаа байлгахыг хичээж мөргөлдөх болжээ. Газын зурваст хоёр сая, баруун эрэгт 1.5 сая палестин хүн  байдаг бол Палестины газар нутагт 300 гаруй мянган израиль хүн амьдардаг аж. Баруун эргийн газар нутгийн ердөө 2.7 хувьд Палестины бүрэн хяналт, 25.1 хувьд Папестин-Израиль хосолсон, үлдсэн 72.2 хувийг Израиль бүрэн хяналтдаа байлгадаг бөгөөд Газын зурваст Палестин бүрэн эрх мэдэлтэй байдаг. Өөр нэг маргааны эх үүсвэр бол Иерусалим хот. Энэ нь яахын аргагүй аль алины хувьд ариун дагшин газар нутаг мөн учраас дэлхий нийт ч учраа олохгүй яваа.

 

сэтгэгдэл үлдээх