Тувагийн тэмдэглэлүүд...

Нүүдэлчдийн баг цэргийг хиар цохиод нутгийн гүн рүү нь элдэн хөөсөн нанхиад жанжин олон хоног сараар эзгүй тал, ээрэм говь нутгаар хэдэн сарын нэгживч амьд амьтны бараа харсангүй туйлдан ядрав. Адуу малыг нь дээрэмдэн олзолж, эмс охидыг нь боол шивэгчин болгоно гэж хөөрцөглөж явсан тэд их санасан газар долоо хонов гэгчээр өлсч харангадан хүч тамир нь сүрхий доройтов. Чухамхүү энэ л үесд нутгийн хойд зах хязгаарын ой шугуй, хөвч тайгадаа бүгж тамир тэнхээ суусан нүүдэлчид дайснаа хиар цохиод сэтгэл ханасангүй хот сууринг нь галдан түймэрдэж эзэн хааныг нь олзлон хэдэн жил мал хариулуулжээ. Ийм жишээ ганц нэгээр тогтохгүй. 
Өмнөд хөршийн хүчирхэгжлийн үед умард зүгт дутаан одоод сэргэн хүчирхэгжихдээ тал нутагтаа буун ирж төр улсаа тохинуулдаг байсан нь Хүн нарын үеэс эхлэн оросуудад Байгаль нуур хийгээд түүнээс чинагшхийг алдсан үе хүртэл машид олон зууныг дамжсан байдаг. Монголын эзэрхийлэлийн нэг учиг шалтгаан чухам энэ байсан тухай мэргидийн өгүүлснийг Тува Монголын хилийн шалган өнгөрүүлэх гааль дээр дугаарлан зогсч байхдаа нэхэн санав. Урианхай, цаатан, түрэг, монгол угсаатан үеэс үед холилдон аж төрсөөр ирсэн Соёны уулсаар титэмлэгдэж, өргөн Енисей мөрнөөр энгэр цээжээ бүслэж, өтгөн балар ой тайгаар өвч бүрхэгдсэн эртний нүүдэлчдийн унаган нутаг умарш этгээдэд хаяа хярхаггүй үргэлжилнэ.  

Жадны үзүүр шиг сэрийлдсэн өндөр хөх уулсын дундах өргөн нарийн хөндий дундуур тавьсан өөгүй толигор замаар салхи татуулан давхиж явахад ойт хээрийн хэв шинж болсон шилмүүст мододын хэсэг бусаг зам тосон архайлдаж, өндөрхөн дов толгодын орой бэлээр одой хус, арц хөвдийн бутнууд сэрийлдэнэ. Тавдугаар сарын сүүлчийн тайгад номин ногоон өнгийг хэдийн өгчээ. Эх орноос минь үдэн гаргаж Тува нутгийн гүн хүртэл дагалдан бараа болох элбэг уст Тэсийн гол бургас шугуйгаараа даллана. Завханы Тосонцэнгэлээс энэ хүртэл засмал замын бараа хараагүй болохоор аяны ур замын зүдэргээгүй нэн таатай. Оросууд хэзээнээс алив  ажлыг чанартай хийдэг хойно замыг ч урлах шиг болжээ. Зам гүүрийн барилгын ажилдаа дэлхийд эхний тавд багтдаг гэж жолооч Андрей анд маань ярьж байна. Үнэн гэдгийг нь Соёны нурууны оргилуудыг холбосон зам засварын ажлаас хожим өөрийн нүдээр харж билээ. Цэвдэгт хөрстэй уулын замыг барилгын суурь барьж байгаа юм шиг газарт нь гүн ухаж тусгай цементээр цутгаж, хөрсний нуралтаас хамгаалан төмөр торон сараалжаар битүү торлон дахиад д цутгана. Тэгээд сая нэг асфальтаа хэд хэдэн үечлэлтэйгээр хучих юм билээ. Зардал өртөг гэдэг ч тоймгүй. Хаагуур яаж хэрхэн тавих судалгаа гаргахдаа цаг хугацаанд баригдахгүй. Хамгийн гол нь чанартай удаан эдэлгээтэй байх ёстой. Замын арчилгаа хамгаалалтандаа сүрхий анхаарна. Орон нутгийнхан нь замаа хэрхэн арчилж байгаагаас шалтгаалаад дараагийн замын хөрөнгө оруулалтын асуудлыг шийднэ. Их гүрэн юм болохоор сахилга хариуцлагыг тооцвол тооцсон шиг тооцно. Хамгийн бага торгуулиа гурван мянган рублиэс эхлүүлнэ. Манайхаар 90 гаруй мянган төгрөг. Цагдаа цуухаасаа айж эмээнэ гэдэг нь жигтэйхэн. Ийм том гүрнийг нэгэн дээвэр дор эмх амгалан аж төрүүлж буй төр бурууд хурц хатуу байхаас ч яах билээ. Оросын хил даваад Тэсийн голоороо хөтлүүлсээр 50 гаруй км явсны эцэст хамгийн түрүүнд тааралдах суурин бол Эрзин. Увс, Завханы хойд сумдынхан бол андахгүй. 90-ээд оны Монголын хилийн хамгийн халуун бүс нь Туватай хиллэх энэ зурвас газар байлаа. Домог шиг яриа хил орчмын хүн зоны дунд бишгүй. Аль аль талаасаа сайн эрчүүд ч олон төрсөн юм байх. Нутаг дамнасан малын хулгай аль тэртээ 1870-аад оноос гаарч байж. Манжийн доройтлын үед монгол ноёдоор засаглуулж байсан Тува нар ойр хавьцаах хошуудаас морь мал хулгайлан эх захаа алдаж Манжийн дарангуйллын эсрэг нэрийн дор самууны шинжтэй болсон тухай он дараалалын бичигт буй. Ховдоос цэрэг хөдөлгөн самууныг дарж, 30 гаруй толгойлогчдыг нь барьж Ховдын амбаны газар мөрдөн шүүж, дийлэнхийг нь цаазлан хороож бусдад нь сургамж болгох үүднээс Урианхайн хязгаарын голлох даваа, зам гудсын дагуух шонгоос толгойг нь өлгөж цээрлүүлснээр байдал намжжээ. Мал хулгайлж айл амьтан самууруулсан нь ч бий л байх. Тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн нь ч цөөнгүй. Тувагийн түүхэнд тэднийгээ 30 баатар гэж өргөмжилж бахаддаг юм билээ. Монголын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн түүхэнд ч судлууштай л үйл явдал юм билээ. 1990-ээд оны хил дамнасан малын хулгайн үеэр Монголын талаас арав гаруй хүн шархдаж амиа алдсан нь хөдөлбөргүй. Хилийнхэн маань ч цөөнгүйг нь буудаж шархдуулсан нь бий. Бүр нутгийн гүн рүү нь манай цөөхөн хилчид зохих зөвшөөрлийн дагуу энэ Эрзин тосгоны баруунтайх тайгын тагаас Айдас гэж алдаршсан бүлэг хулгайчдын заримыг нь барьж адуу малаа бүрэн бүтэн олж авч байсныг нутгийнхан өнөөг хүртэл ярьдаг. Үнэн худлыг нь бүү мэд цэрэг цагдаагийнхнаа ч айлгаж ичээж, нутгийн олноо ч амар жимэр суулгадаггүй мөнөөх Айдасыг ч монгол хилчид нутаг дээр нь номхотгож буудан хороосон ч гэж ярих юм билээ. Тийм дур зоргоороо зүйл гэж юу байх билээ. Хэд хэдэн удаагийн ийм дайралтын дараа хил дамнасан малын хулгай хумигдсан гэнэ. Гэхдээ Оросын төрийн бодлого ч их нөлөөлсөн болов уу гэж Тува нарын ярианаас бодолхийлж суулаа. Ганц Тува ч гэлгүй Орос даяараа 1990-ээд онд хямарч дээрэм хүчирхийлэл газар авсан үе байлаа шүү дээ. Путин гарч ирээд бүх зүйлийг байранд нь тавьсан гэж ярилцана. Үнэний ортой. 

ЗХУ задарч юун зах хязгаар нутагтай манатай байхад ийм дур зоргоороо ааглах нь элбэг байсан хэрэг. Хар тамхи, хил дамнасан хууль бус наймаа, архидалт, биеэ үнэлэлт, дээрэм тонуул гээд иргэншлийн бузар муухай бүхэнд тувачууд автаж эхлэжээ. Төмөр хөшигний дотор байсан болохоор ага ч үгүй биз. Гэнэн итгэмтгий, цайлган цагаан иргэншлийн сүүдрээс хол хөндий явсан ард түмэн хиртэхдээ төдийчинээ амархан. Цонх нээхэд цэвэр сайхан агаар орох нь сайхан боловч дагалдаад ялаа шумуул орж ирэх нь зүй шүү дээ. Оросын төр зах хязгаарын ард түмэндээ анхаарал халамж их тавина. Ажилгүйдлийн, гэр бүл болсны, сургалтын төлбөрийн, хүүхэд төрүүлсний халамж тэтгэлэг мундахгүй. Эхнэр авч айл гэр болоод улсаасаа байраар шагнуулчихна. Хүүхэд төрүүлбэл бас л байраа томсгуулчихна. Эсвэл дүйцэхүйц мөнгөн урамшуулалтай. Ажилгүй ч гэсэн тэтгэмжээр хоёр идэж хоосон хонохгүй. Төрийн алба бараадчихвал хязгаар нутгийн нэмэгдэл гээд төвийнхнөөсөө илүүг хүртэнэ. Төрийн хөнжилд хөлбөрнө гэдэг тэр.
Эрзин бол хэр тааруухан оросжсон тосгон. Орос тува холиод л яриад ойлголцчихно. Гэхдээ хилийн ойролцоо болохоор ч тэр үү тувагаараа гол төлөв ярина. Харин нийслэл Кызиль рүүгээ дөхөх тусам орос хэл зонхилоод эхэлнэ. Тэсийн гол минь чухам эндээс л биднийг үдэж гаргаж өгнө. Хамгийн эх оронч гол минь зам гудасын эхэнд манийгаа орхиод эх нутаг руугаа газрын дөтийг харан дүнхийсэн хадан уулсыг хутга шиг зорж онгон танхил бүсгүй шиг гуа сайхан атлаа догшин урсгалдаа тэвэр бүдүүн унанги дархи хөглөрүүлсээр талийж одно. 

Тувагийн түүх инээд баяслаар элбэг байхын сацуу уй гуниг, нулимсаар дүүрэн. Урианхай хязгаар гэж байгаад ах дүүс, амраг саднаасаа хагацаж хилийн наана цаана гарсан гашуун нулимс нь хатаагүй ард түмэн. Увс, Завхан, Хөвсгөлийн нутагт үлдсэн ах дүүсээ сураглах хөгшид хуруу дарам цөөхөн болжээ. Гэхдээ л элэг хойно сураг ажиг тавих дунд эргэм насныхан хааяагүй таарна. Бидний жолооч Андрейгийн ээж Балжид ч тэдний нэг. Балчир ахуйдаа нэг өглөө зуслангаасаа нүүх амжилгүй хилийн цаана гарчихсан гэдэг. Зарим нь нутаг буцах гэж тэмцээд хилийн харуулуудад туулгуулж, уйлж дуулаад буцсан гэнэ. Шөнө дөлөөр оргосон нэгэн нь баригдаж зодуулаад шорон гяндан руу ачигдсан нь тэдний гашуун түүхийн нэгээхэн хэсэг. Хөвсгөлийн хязгаарт эдүгээг хүртэл аж төрж суугаа Кадырь эмгэн, -Манайх олон бүлээрээ Тувагаас нүүж ирсэн. Хил хаагдчихсан байсан үе. Ирээд удаагүй байтал Тувагаас том дарга нар баахан орос цэрэг цуухтай хүрч ирээд манайхныг барилаад аваад явсан. Зарим нь зугтаад ихэнх нь баригдчихсан. Хоёр гарыг нь ард нь хүлээд хөлийг нь цааны гэдсэн доогуур холбож баглаад туучихсан. Хөгшин нялхгүй л явсан даа хөөрхийс гэж ярьсан нь эрхгүй санагдана. Цаг төр ч хэцүүхэн байж дээ. Тувагаа алдахгүй гэж маршал Х.Чойбалсан маань ч их хичээсэн гэдэг. Тувагийн сайд наадмаар Монголд уригдаж ирэхдээ ЗХУ-тай бид нэгдэнэ гэж хэлээд маршалд алгадуулсан юм гэнэ лээ. Халуун бүлээр нь өвөр, тагна тува, буриадтай нь үлдээчих санаа их байсан ч тусгаар тогтнолтой нь үлдээхээс өөр аргагүйд тулсан нь энэ биз. 
Багашаархан Эрзин суурингийн орой үдшийн намуухан сэвшээ салхинд бодол нэрэн суухад юу эс зүрх шархлуулах билээ. Монголын энэ өндөрлөгт нүүдэлчид хэчнээн ч удаа сэргэн мандаж, бууран доройтов. Цаашхийг эс мэдэвч буурлын ухаанаас тохой дор, уужим сэтгэлээс балга дутуу, чин халуун зоригоос өлмий дутуу явахгүйсэн гэж санаж билээ.

Н.Бадамжав

сэтгэгдэл үлдээх