МАХН-ын жинхэнэ дарга нь хэн юм бэ

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгож танхимынх нь гишүүдийг бүрдүүлснээс хойш улстөр харьцангуй нам тайван байлаа. Яахав Б.Хурц, Ц.Нямдорж хоёр байнгын арсалдаан дүүрэн байдаг ч хэн хэнийг нь хуулийн засаглалынхан буруутгаж чадаагүйгээс хойш тэгсхийгээд намжсан өдрүүд үргэлжиллээ. Харин амралтын өдрүүдэд МАХН-ын хоёр тусдаа хурлаа хийж чулуу шидсэн нь гүмхэн улстөрийн цээлд хөөрхөн долгио үүсгэлээ. Тавцангаас арчигдахаа шахсан МАХН-д нэг суудал олж өгсөн О.Баасанхүү өөрийн фракцаа бүрдүүлэн бямба гарагт Төрийн ордонд намын их хурлаа хийв. Зөрүүлээд ням гарагт экс ерөнхийлөгч Н.Энхбаярын фракцынхан АСА циркэд их хурал хийв. О.Баасанхүү намын дарга Н.Энхбаяраа огцруулж өөрөө дарга болов.  МАХН-ын дэд дарга С.Ганбаатар оролцсоноороо арай л илүү жин дарах мэт харагдана. Гэвч үхсэн буурын толгойноос амьд ат айна гэгчээр Н.Энхбаяр түүнээс ч олон хүн цуглуулж эрх мэдлээ буцааж авахаар О.Баасанхүүгийн зохион байгуулсан хурал хүчингүй, хууль бус хэмээн зарлалаа. Энэ хоёр хурлын аль нь хүчин төгөлдөр вэ гэдэг ойлгомжгүй, аль аль нь бие биенээ үгүйсгэж байна. Хэнийх нь зөв гэдгийг ялгахад бэрхтэй. МАХН байгуулагдаад таван жил болж байна. Анх 2012 онд МАХН гэх нэрээ албажуулж, намын даргаар нь Н.Энхбаяр томилогдсон. Түүний хормойноос зүүгдсэн олон арван хүмүүс энэ намын лидерүүд болсон ч удсан ч үгүй уван цуван явсаар бараг лидергүй үлдсэн. Н.Энхбаяр ямагт энэ намын ил биш юмаа гэхэд далд эзэн нь байсаар ирсэн. Удаа дараагийн сонгуульд ялагдал хүлээсэн ч намын дарга нь огцрох байтугай солигдох ч эрхгүй гэдэг үзлийг чухам тэр л тулгасаар байгаа. О.Баасанхүү гишүүн бол УИХ-ын танхимд суугаа тус намын цор ганц төлөөлөл. Тиймээс ч намынхаа дарга болж улстөрийн үзэл баримтлалаа парламентад илэрхийлж байх нёстой нь мэдээжэ. Гэвч анхнаасаа Н.Энхбаярын далбаан дор байгуулагдсан болохоор энэ том хүчний өмнө эрхгүй мөхөсдөж байна.     

МАХН гэх “сураггүй” нам хоёр даргатай болчихлоо. МАНАН-гийн хөнжлийн сэжүүрийг сөхөж бага ч атугай салхи оруулах улстөрийн гуравдагч хүчин хэрэгтэй тул МАХН өдий хүртэл "амьд" яваа. Харин тэр өнөөдөр амьд бодгальд огтоос баймгүй хоёр толгойтой нэгэн болж хувирлаа. 

Н.Бадамжав   

 

 

сэтгэгдэл үлдээх