Израильчууд Газын зурваст хилээ хаалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иерусалимыг Израилийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрсөн шийдвэрээс хойш Газын зурваст байдал хурцадмал болоод байна. Хөрш лалын шашинтай улс орнууд дээрх шийдвэрийг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байгаа юм.

Газын зурваст палестин залуус эсэргүүцлээ илэрхийлсээр буй. Тэдний үйлдлийг дэврээхгүйн тулд Израилийн цэргийн талынхан Газын зурвас дахь Керем Шалом, Эрез хэмээх явган хүний нэвтэрдэг хилийн хэсгийг тодорхойгүй хугацаагаар хаажээ.

Трампын шийдвэрийн дараа палестинчууд Израилийн цэргүүд рүү гар хийцийн бөмбөг, пуужин хөөргөсөн хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн байна. Өчигдөр гэхэд Палестины талаас илгээсэн хоёр пуужинг Израилийн цэргүүд агаарт сөнөөж чаджээ. Уг пуужингууд 25 мянган хүн оршин суудаг Сидерот хот руу чиглэж байсан аж. Харин өөр нэг пуужин хүнгүй газарт унажээ.

Палестины пуужингууд орчин үеийн технологийн дэвшлийг шингээгээгүй тул Израилийн агаарын довтолгооноос хамгаалах систем төвөггүй устгасан гэж барууны хэвлэлүүдэд бичиж байна. Харин Израилийн талд радарт үзэгдэггүй, байндаа тусах замыг нь яаралтай тогтоож болохгүй, даялалттай нисдэг пуужингууд бий аж.

сэтгэгдэл үлдээх