2017 ОНД АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГИЙН УЛМААС 69,5 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ-

Авлигатай тэмцэх газрын удирдлагууд дөнгөж сая цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мөн өнгөрсөн арванхоёрдугаар сард хийсэн ажил болон 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажил, шалгасан хэргүүдийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

-2017 ОНД АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГИЙН УЛМААС 69,5 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ-

АТГын шалгалтаар 2017 онд Авлига, албан тушаалын хэргийн улмаас нийт 69,5 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 3,4 тэрбум төгрөг нөхөн төлүүлсэн. Үл хөдлөх байр, орон сууц, машин, тоног төхөөрөмж зэрэг нийт 11 төррлийн 29,3 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалжээ. Өмнөх онтой харьцуулахад гэмт хэргийн улмаас учирсан хохирол 84 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хохирол нөхөн төлүүлсэн байдал 21 хувиар өссөн байна. Хурлын үеэр сэтгүүлчдийн асуусан асуултад хариуллаа.

-"Монголросцветмет"-ийн захиралыг саатуулсан хэргийн шалгалтын ажиллагаа ямар шатанд яваа вэ?

-"Монголросцветмет" компанийн ерөнхий захирал Д.Ганболдыг гадаад улсад түүхий эд нийлүүлэхээр байгуулсан гэрээнүүдээс зарим компанид илт давуу байдал бий болгосон, түүхий эд ийн зах зээлийн ханшийг хэрхэн тогтоож гэрээ байгуулсан, эдгээр гэрээнд албан тушаал, авилга, гэмт хэргийн шинж байж болзошгүй, улмаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.

-МХЕГ-ын байцаагчид хахууль авсан хэргээр баривчлагдсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-МХЕГ-ын газрын алба, хэлтсийн дарга нарыг 2017 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн яллагдагчаар татан мөрдөн шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаагаар эдгээр хүмүүс бүлэглэж бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүнсний бүтээгдэхүүн, мал малын гаралтай бүтээгдэхүүн, шонхор шувуу, тахиа, гахайны мах, ургамлын гаралтайт түүхий эд, рапс, самар зэрэг зөвшөөрлийг олгохдоо иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээнд хүнд суртал гаргаж удаашруулах, хясан боогдуулах замаар нэр бүхий аж ахуй нэгжээс их хэмжээний мөнгө хахууль болгон авч зарцуулсан болох нь тогтоогдсон. Прокурорын зөвшөөрөлтэйгээр хийгдсэн нэгжлэгээр сэжигтнүүдийн ажлын байр, орон сууц, хамаарал бүхий обьектуудаас нь нийт 500 гаруй сая төгрөгийн валют хурааж авсан. Энэ хүмүүсийг яллагдагчаар цагдан хорьж байгаа. Мөн шалгалтын явцад их хэмжээний хахуулийн хэрэг нь дахин илэрч, шалгаж байна. 

-Цагдаагийн хоёр албан тушаалтан авилгын хэргээр шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл байна. Үнэн үү?

-АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс 2017 онд эрүүгийн 412 хэрэгт 639 хүнийг холбогдуулан шалгасан тухай сая мэдээллэсэн. Эдгээр хэргийн холбогдогчдыг албан тушаалын байдлаар нь авч үзвэл төрийн тусгай албан тушаалтан 168 байна. Цагдаагийн бүх шатны албан тушаалын 140 хүн холбогдсон 120 хэргийг Эрүүгийн шинэ хууль тогтоомжийн дагуу хүлээн авч шалгаж шийдвэрлэсэн.

-Авто тээврийн үндэсний төвийн албан тушаалтан авлигын хэрэгт холбогдсон. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярт 2017 оны наймдугаар сарын 04-нд эрүүгийн хэрэг нээсэн. Тэрбээр нэр бүхий компанид олон улсын ачаа тээврийн зуучийн эрх олгох зөвшөөрөл гаргаж өгөхийн тулд албаны эрх% албан тушаалын байдлаа урвуулан  удаа дараагийн үйлдлээр их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэмт хэргийг илрүүлсэн. Улмаар прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг хийж бэлэн мөнгө илрүүлэн эд мөрийн баримтаар хурааж аваад байгаа. АТГ-аас Д.Батбаярыг 11-р сарын 16-ний өдөр яллагдагчаар цагдан хорьж шалгасан. 2017 оны 12-р сарын 14-ний өдөр шүүхээс үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэж сулласан. Шүүхийн эрх мэдлийн асуудал тул бидэнд санал гомдол гаргах эрх байдаггүй. Зам тээврийн яам болон Авто тээврийн үндэсний төвийн албан тушаалтнууд олон улсын ачаа тээврийн С тусгай зөвшөөрлийг танил тал харах, хахууль авах байдлаар олон тоогоор олгосон байдаг. Энэ хууль бус үйлдлээс болж Өмнөговь аймагт нүүрс тээвэрлэлтийн зохиомол ачаалал дараалал үүссэнийг та бүхэн мэдэж байгаа.

-АТГ-ын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөлт орно гэсэн мэдээлэл байгаа. Үнэн үү?

-АТГ бүтцийн өөрчлөлт хийхгүй. 2014 онд прокурорын мөрдөн байцаах албыг АТГ-т шилжүүлсэнтэй холбоотойгоор манайд 27 орон тоо нэмэгдсэн. Тэр орон тоог албан ёсоор нэмүүлж, УИХ-ын тогтоолоор батлуулж амжаагүй өдийг хүртэл явсан байсан. Тиймээс тэдгээр орон тоог нэмүүлж, баталгаажуулж авах асуудал юм.

 -Төмөр замын хэргийг шалгаж байгаа юу?

 -Мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй.

-ННҮГ-ын дарга тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийн холбогдогчдын тоо нэмэгдэж байгаа юм уу? Хэчнээн удаагийн үйлдлээр их хэмжээний хөрөнгө завшсан бэ? Ш.Одончимэгийг албан ажлаа хийж байгаа гэсэн мэдээлэл бий?

 -Одончимэг, Энхжаргал нарт 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэсэн. Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга Ш.Одончимэг нь 2015 оны 01 дүгээр сараас 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасныг зөрчиж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, өөрийн хамаарал бүхий этгээдүүдийнхээ компаниар их хэмжээний мөнгө завшсан гэх асуудлыг шалгаж байна.Мөрдөн шалгах ажиллагаа болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг нягтлан шалгах явцад Ш.Одончимэг нь 2 тэрбум гаруй төгрөгийн нуугдмал хөрөнгө болох үйлчилгээний оффис, орон сууцнууд, авто машин, агуулахыг өөрийн ажилчид болон хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр худалдан авсныг тогтоосон. Мөн төсвийн хөрөнгөөр өөртөө өндөр үнэтэй брэндийн хувцас, хэрэглэл, гоо сайхны үйлчилгээ авдаг, орон байрандаа төсвийн хөрөнгөөр эд хөрөнгө худалдан авдаг, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй үйлдлүүдийг илрүүлэн шалгаж байна. Яллагдагч Ш.Одончимэгийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Авлигатай тэмцэх газраас яллагдагчаар цагдан хорьж шалгаж байсан боловч 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр  шүүхээс цагдан хорих шаардлагагүй гэж үзэж сулласан

-Монголбанкны захирал асан Н.Золжаргалыг батлан даалтад гарган шалгаж байгаад иргэд ихээхэн шүүмжлэлтэй байна. Түүнийг хорьж шалгах боломж бий юу?

 -Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалд холбогдуулан тодорхой хэд хэдэн үндэслэлээр цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар албаны эрх мэдлээ хэтрүүлэн бусдад болон өөрийн хамаарал бүхий хүмүүст нийгмийн асуудал шийдвэрлэх нэрийдлээр давуу байдал олгосон, банкны хууль тогтоомжийг зөрчсөн, өөрөө үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй асуудлыг нарийвчлан шалгаж байна. Түүнчлэн зарим арилжааны банкаар гадаад улсад хамаарал бүхий этгээдэд нь их хэмжээний мөнгө шилжсэн, эд хөрөнгө худалдаж авсан зэрэг байдлуудыг судлахаар гадаад улсад Мөрдөгчийн даалгавар хүргүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

-УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэрэгт дүгнэлт гаргасан ШШҮХ-гийнхнийг танайд шалгуулахаар болсон гэсэн үнэн үү?

-Энэ асуудал харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлж байсан. Энэ юу болсон бэ?

 -Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Шүүх, прокурорт шилжүүлсэн ямар хэргүүд байна вэ?

-Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга асан Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарт холбогдох  эрүүгийн хэргийг Авлигатай тэмцэх газраас 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн. “ТОСК” ТӨҮГ-ын захирал А.Гантулга нарын 6 хүнд холбогдох Буянт-Ухаа хорооллын  орон сууцнуудаас албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр шилжүүлэн завшсан 12 үйлдэлтэй хэргийг прокурорын хяналтад шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлээд байна.

-Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэрэг ямар шатандаа байгаа вэ?

-М.Сономпил нь Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа өөрт ашиг хонжоо олгох зорилгоор албаны эрх мэдлээ урвуулан  Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг БНХАУ-ын “СМЕК” компаниар гүйцэтгүүлэх гэрээ хийж  барилга угсралтын ажлын тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлсэн, улсад онц их хэмжээний хохирол учруулсан, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн  шалгах ажиллагааг явуулж байна.

Г.Өсөхбаяр аваргын эхнэр, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Д.Нарантуяаг шалгаж байгаа юу. Өөрөө бол үгүйсгэсэн мэдээлэл өгч байна лээ?

 -Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг шалгагдаагүй.

-УИХ-ын гишүүн асан Н.Батбаярт холбогдох хэрэг ямар шатандаа байгаа вэ?

-Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг албаны эрх мэдлээ хэтрүүлэн ‘’Монроуд’’ ХХК-д хууль бус давуу байдал олгож улсын төсөвт 2 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2-т зааснаар  эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн. Улмаар прокурор хянаад 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг баталсан. Одоо мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

-Эрчим хүчний сайд асан Д.Зоригт тэргүүтэй хүмүүсийг Үндэсний Аудитын газраас ирүүлсэн шалгалтын материалын дагуу шалгаж байгаа гэсэн мэдээлэл бий. Сайд асанд эрүүгийн хэрэг үүсгэсэн үү?

-Үндэсний Аудитын газраас ирүүлсэн гомдлыг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Оффшор бүсийн жагсаалтыг Засгийн газар шинэчлэн баталсан. Тэгэхээр оффшор дансаа хаах, хаасан тухайгаа мэдүүлэх хуулийн хугацаа сунгагдах уу?

-2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан Засгийн газрын тогтоолд орсон 49 улс, бүс нутгийн хувьд хугацаа сунгагдахгүй. Энэ дагуу 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөр оффшор бүсэд эзэмшиж байгаа дансаа хаасан байх ёстой. Улмаар 2018 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн дотор Авлигатай тэмцэх газарт энэ тухайгаа мэдүүлэх ёстой. Харин сая шинээр батлагдсан 15 улс, бүс нутгийн хувьд Засгийн газрын тогтоол албажсан өдрөөс эхлэн хугацаа тоологдоно. 

-Оффшор бүсийн жагсаалтад 15 улсыг оруулсан. Эдгээр 15 улс нь яг манай оффшортонгуудын хамаарч байгаа бүс нутаг байж чадаж байгаа юу? Энэ талаар АТГ судалж үзсэн зүйл байна уу?

 -Жагсаалтад ямар улс орон, бүс нутаг орох ёстой болон орох ёсгүй талаар Авлигатай тэмцэх газар санал гаргах эрхгүй. Төр, засгаас баталсан хууль тогтоомжийг бид даган мөрдөж, хэрэгжүүлэх үүрэгтэй.

-Стандарт, хэмжил зүйн төвийн дарга Гантөмөртэй холбоотой хэрэг шалгагдаж байгаа юу?

 -Энэ тухай гомдлыг шалгаж байгаа. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

 -УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Б.Хурцыг хамгаалдаг шүүгч, прокурор, мөрдөгч нарын нэрийг зарласан. Танай зарим мөрдөгч нар нэр дурдагдсан. Энэ талаар АТГ ямар тайлбар хийх вэ?

 -Энэ мэдээлэлд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Д.Золжаргалын нэрийг дурдсан байсан. Д.Золжаргал бол ахлах мөрдөгч. Ахлах мөрдөгчийн хувиар олны анхаарал татсан гэмт хэргийг шалгах ажлын хэсгийг ахалж ажилладаг. Албан үүргээ хуулийн дагуу гүйцэтгэж байгаа ахлах мөрдөгч Д.Золжаргалын талаар гаргасан мэдээллийг Авлигатай тэмцэх газар хүлээн зөвшөөрөхгүй.   

-ГЕГ-ын даргын хууль бус ажиллагааны улмаас 950 гаруй сая төгрөгийн татвар чөлөөлөгдөж улсын төсөвт хохирол учирсан гэж Ч.Улаан ярьжээ. ГЕГ-ын дарга Асралт гэх залууг Сү.Батболдын хамаатан гэдэг?

 -Энэ хэрэг манайд байхгүй.

 -Төсвөөс 80 тэрбум төгрөг авсан хэрнээ 127 хэрэг шийдвэрлэсэн гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ дээр тайлбар өгнө үү?

-Авлигатай тэмцэх газар 10 жил ажиллахдаа 127 хэрэг шийдвэрлэсэн гэдэг улс төрийн зорилготой, улс төрийн өнгө аястай мэдээллийг хэсэг бүлэг хүмүүс зориудаар тарааж байгаа. Дөнгөж сая сэтгүүлч та нөхөд 2017 оны мөрдөн шалгах ажлын мэдээлэлтэй танилцсан. Авлигатай тэмцэх газар 2017 онд хуульд заасан харьяаллын 1286 үйлдэлтэй, 639 холбогдогчтой 412 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Зөвхөн нэг жилийн хувьд ийм тоо гарч байгаа. Харин 10 жилийн хувьд нийт 2207 эрүүгийн хэрэг шалгасан. Эдгээр 2207 хэргээс 233-ыг нь шүүхээр шийдвэрлэсэн байна. 2017 онд 46 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна.

Манай байгууллагын хүлээн авч шалгасан хэрэг, прокурор, шүүхийн шатанд шийдвэрлэгдсэн хэргийн тоо нь хоорондоо өөр өөр байдаг. Үүнийг мэдсээр байж иргэд, олон нийтэд зориуд ташаа мэдээлэл тарааж байгааг манай сэтгүүлчид ойлгох хэрэгтэй.

-БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Болормаа сайд Цогзолмааг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан. Энэ асуудал ямар шатандаа байна вэ?

-Энэ тухай гомдлыг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа.

 

сэтгэгдэл үлдээх