Аугаа хайр байдаг юм шүү буюу ЦАГ ХУГАЦАА БҮХНИЙГ УУЧИЛдАГ

Намрын нэгэн хүйтэн шөнө Баатархүү тэр бүсгүйтэй анх танилцжээ. Аав ээжийнхээ үлдээсэн хашаа байшинг зарж борлуулаад ганц жижиг машин авч өдөр шөнөгүй хүн зөөн дөнгөж мөнгө хурааж эхлэж байсан үе. Таксинд явдаг машин тэрэг ховор, гар өргөдөг хүн ч цөөхөн байсан ч гэлээ чамлахааргүй мөнгө олдог байсан цаг үе. Замын түгжрэл энэ тэр ч байсангүй. Залуу болохоор ядрахыг ч мэдэхгүй. Өөрийн ах дүү хамаатан садан гэж байхгүйтэй адил болохоор бор зүрхээрээ л зүтгэдэг байлаа. Шөнө 4 цаг хүртэл яваад л аятайхан зогсоол олж хоёр гурван цаг нүдний хор гаргана. Тэгээд л өглөө ажил эхлэхээс өмнө гарч өгнө. Хүн ч элбэг таарна.

Нэг удаа хорооллын урд замаас нүдэнд дулаахан дэгжин байрын өндөр цагаан хүүхэн гар өргөлөө. Яриа хөөрөө ч сайтай. Дөчин мянгатын ягаан байр хүргүүлтлээ чөлөө завгүй л элдвийг ярина. Ах дүү олуулаа л гэнэ. Анагаахын дээдийн төгсөх дамжааны оюутан, Дарханд гэртэй ч сургуульдаа ойр байр хөлсөлдөг тухай, удахгүй дадлагад гарах гэж байгаа энэ тэр гээд урсгаж гарлаа. Үе үехэн хөөрхөн нүдээ тормолзуулан нууцгайхан инээд алдахад хараацайн даль шиг жирвэгэр хөмсөг нь тахиралдах нь бүр ч эгдүүтэй. Залуу эр ч хөгжөөн элдвийг ярилцсаар богинохон замд хэзээ язааны танил дотно хүмүүс болоодохов. Буухдаа гар эсгэм гурван мянган төгрөг өгөөд, -Та намайг хүлээж байхгүй юу. Эсвэл хоёр цагийн дараа ирээд авчихаж чадах уу. Хамаатныхаараа орох юм. Жаахан удаж магадгүй гэхэд Баатархүү ч дуртайяа тэгье л гэж. Хоёр цагийн дотор хэд хэдэн ч хүн хүргэж өгөөд олз омог арвинтай мөнөөх ягаан байрных нь үүдэн дээр яг таг зогсч байлаа. Яагаад ч юм бэ, энэ хоёрхон цагийн хугацаанд үргэлж л мөнөөх хүүхний тухай бодож явлаа. Багийн бүрэг ичимхий тэр яагаад түүнтэй тийм илэн далангүй тоглоом наргиантай байж хамаг бүхнээ уудлаж чадахуйц болтлоо дотносчихов гэдэгтээ өөрөө өөртөө гайхаж байлаа. Тийм ч царайлаг биш ч гэсэн Баатархүүд тийм сайхан царай зүстэй хүүхэн урьд өмнө нь огт тааралдаж байгаагүй юм шиг санагдана. Шөнө орой болж намрын хүйтэн усан бороо шавшиж эхлэв. Цагаа харвал болзсон цагаасаа хагас цаг хоцорч байв. Арай мартчихна гэж баймгүйсэн, хамаатныдаа хонохоор болсон юм болов уу гэхчлэн бодсоор ямартай ч дахиад жаахан хүлээхээр шийдлээ. Цаг хүлээсний эцэст бүсгүй гараад ирлээ. Шууд л түүний машин руу ирж хаалга онгойлгоод, “Би таныг хүлээж ядаад явчихлаа л гэж бодлоо. Баярлалаа таньд” гэж хэлэхэд хэдхэн цагийн дотор их л санаснаа мэдээд өөрийн эрхгүй гайхав. Ирнэ гэдгийг нь мэдэж байж надад итгэсэн байна гэж бодохоор цээжин дотор нь ямар нэгэн үл мэдэгдэх бүлээн мэдрэмж асч ер бусаар хайрлан дурламаар санагдав. Бага зэргийн дарс ханхалж хэл нь ээдэрсэнд ч гэм зэм бодсонгүй. “Ахын эхнэр дарс задлаад шахсаар байгаад хоёр гурван хундага тогтоолгочихлоо. Уучлаарай” гэхэд Баатархүү,

-Өө надаас уучлалт эрэх яах вэ. Ойрд уулзаагүй ах дүүсийн уулзалт тийм байхаас ч яахав... гэсхийгээд өнгөрөөв. Бүсгүй мөнөөх бялзуухай шиг жингэнэсэн дуугаар ам чөлөөгүй урсгаж эхлэв. Найз нөхдийнхөө, ирээдүйн ажлынхаа тухай эцэс төгсгөлгүй яриа дэлгэлээ. Баатархүү ч аан уун гэхийн сацуу хэзээ ч түүнд байгаагүй шогч байдлаар ганц хоёр хоржоонтой үг хавчуулж бүсгүйн инээдийг барна. Инээхийг нь харж сонсохыг тэсгэлгүй хүсэхдээ арайхийн санасан хэдэн онигоогоо хойно урд нь оруулан ур дүй муутай ярих ч түүнийг нь бүсгүй огтоос тоосон шинжгүй үнэн сэтгэлээсээ инээнэ. Энэ учрал Баатархүүгийн сэтгэлд насан туршид нь хадагдан үлдсэн юм. Бүсгүй байрныхаа гадаа ирээд,

-Маргааш өглөө хичээл эрт орно. Та амжвал манай энүүгээр шүргээд гарч чадах уу.. гэж гэнэтхэн асуув. Тэгснээ цүнхээ ухаад 20 мянган төгрөг гаргаж, -Задгай байдаггүй ээ. Энэнээс авчих гэхэд Баатархүү өөрийн мэдэлгүй, -Аа яах вэ . Өглөө ирж чамайг авахдаа нэгмөр тооцчихьё. Манайх танайхтай ойрхон болохоор ядаад байх юмгүй. Өглөө 6.30-д болох уу гэхэд бүсгүй,

-Болно болно гэж хэлээд орц руугаа гүйгээд орчихов. Зүрх нь булгилан цохилж, санаа сэтгэл нь алсын алс тэртээд дэрвэлзэн намирах шиг санагдана. Баатархүүд юуных нь гэр орон байх билээ. Байрных нь булангийн зогсоолд машинаа тавиад сандлынхаа түшлэгийг арагшлуулан унтахаар хэвтлээ. Сэтгэлд мөнөөх бүсгүйн дүр төрх үл сална. 6.30 минут болохыг л тэсгэлгүй хүснэ. Ядаж байхад цаг явахгүй. Унтья гэвч нойр эс хүрнэ. Машинаараа мөнгө хурааж байгаад хашаа байшин авна. Бүүр өгсүүлээд орон сууц ч худалдаж авч чадна. Тэдэн сарын дотор төдийг олоод хадгалчихна. Халтуур хийх завсраа машин засна. Юуны төлөө автобаазын мехаикийн хүү билээ дээ. Засварын газар нээж ажлуулна. Энэ бүсгүй тоогоод цуг амьдарвал тэгээд л болоо өөр юу ч хүсэх билээ гэхчлэн элдвийг бодож машиндаа хоноглолоо. Бүсгүй өглөөний 6.30 минутдаа гарч ирлээ. Хүлээж цөхсөн Баатархүү өмнөөс нь угтаад л жийгүүлчихэв.

-Таньд их төвөг удаж байна даа...

-Өө хаанаас даа. Би чинь тэртэй тэргүй өглөө оройгүй хүн зөөдөг хүн. Хүн зөөж л байвал болоо. Ажилтай байна гэсэн үг шүү дээ

-Та тэгээд хэдий завандаа амардаг хүн бэ. Арай нойр гээчийг огт мартсан хүн биш биз. Би л бүүр нойрны халуун гээч нь болоод байна. Өглөө өдөржин хичээл. Орой нь хүн асарна. Яахав дээ. Хэвтрийн хүмүүст тариа тарьж, эмийг нь уулгана. Асарч сувилна. Төгсөх дамжаа болохоор бидэнд зөвшөөрдөг юм. Дандаа баячуулын аав ижий болохоор мөнгө гайгүй өгнө. Гэхдээ ааш нь олдохгүй жаахан хэцүү л байдаг юм гэлээ. Тэгснээ торомгор нүдээ сэтгэл татам тормолзуулан, -”Ингэхэд хоёулаа танилцаагүй юм байна ш дээ.  Намайг Халиунаа гэдэг. Таныг ..” гэхэд, “Таныг юу байхав дээ. Үеийнх байх аа чи бид хоёр...” гэх үгийг хэлэхэд Баатархүүд хэчнээн дотно сайхан санагдсан гэхэв. -Баатархүү гэдэг гэж хариулав. Анагаахын сургууль хүртэлх богинохон зайнд бяцхан болжмор хөгжилтэйеэ жиргэн дурлалынхаа гал халуун аагинд Баатархүү автан баяр баясал аз жаргалаар дүүрэн явлаа.

Ингэж Баатархүү өглөө оройдоо Халиунаа хэмээх бяцхан хөөрхөн дагинаа сургуульд нь хүргэн өгч, авдаг боллоо. Мөнгө төгрөг авахгүй гэх боловч Халиунаа суудал дээрээ орхичихоод явна. Тэр хоёрын яриа дуусахгүй. Эх ундарга нь хаанаас ч юм сад тавин хөгжин бадарч дүрэлзэн асна. Урьд өмнө нь огт сонирхож байгаагүй анагаахын тухай Баатархүү одоо бол баргийн хүнээс дутахгүй ярина. Шалгалт шүүлгийнх нь асуултыг заримдаа Баатархүү асууж Халиунаагийн хариулахыг зөв хариулттай нь тулгаж оноо өгнө. Хүн зөөхийн далимд Халиунаатай ярих сэдэв, хөгжилтэй яриа, онигоо цээжилж явна.

Ангийнх нь охидууд сүүлдээ андахаа ч болив. Жиг жуг инээлдэн учир ургууллаа гэж ярьцгаах болсон тухай Халиунаа нэг өдөр ярихад Баатархүү ихэд цочиж, -Яадаг билээ. Одоо яах вэ гэхэд Халиунаа огт тоосон шинжгүй тас тас хөхрөн, -Тэд нар дандаа тэгж байдаг юм. Охидууд болсон хойно тиймэрхүү л юм жиг жуг хийнэ. Тоох хэрэггүй дээ. Эр эргүүлж явдаг арчаагүй амьтад байгаа юм гэлээ. Баатархүү шөнө орой явах нь ихэслээ. Халиунаагийн асарч тойлдог хүмүүс нь олшров бололтой. Заримдаа хөл дээрээ тогтож ядталаа ядарсан байх хэдий ч мөнөөх л хөгжилтэй зангаараа хошигноно. Баатархүү халуун савтай цай хоол дэргэдээ байнга байлгах учир бүсгүйтэй оройн хоол машиндаа идэж, цай цүй болох нь элбэг. Баячуул хөгшдөө асруулаад голцуу доллар, евро өгнө. Баатархүү, Халиунаа хоёр Найман шарга валютын зах дээр очиж монгол мөнгө болгоно. Хальтхан харвал эхнэр нөхөр хоёр шиг л өвлийг барлаа. Баатархүүгийн сэтгэл тэр жилийн намар, өвөл шиг тийм их аз жаргалаар хэзээ ч бялхаж байсангүй. Бүсгүй ч өөрт нь сайн юм шиг санагдсан ч хүний охин үрийг гомдоочих вий гэхдээ Баатархүү хайрын сэтгэлээ чинад нууцласан юм. Хэлчих л юм бол түүнийгээ бүрмөсөн алдчих юм шиг, илчилчих л юм бол өөрөөс нь холын холд үүрд одох юм шиг санагдаад зүрх зориг эс хүрнэ. Нэгэн удаа танил хоёр охинтой нь Халиунааг гэрт нь хүргээд эргээд нөгөө хоёрыг гэрт нь хүргэхээр боллоо. Урьд өмнө хэзээ ч харж байгаагүй тэр хоёрын ярианаас аймшигт үнэнийг сонсов. Халиунааг гэртээ оров уу үгүй юу мөнөөх хоёр бүсгүйг нь муулж гарлаа.

-Наад муу чинь урьд шөнө овоо мөнгө хийсэн гэнэ лээ. Бүдүүн Туяа тэгж байна. Нэг японтой экспрессдээд ханаагүй нөгөө муу англи өвгөн дээр очсон байгаа юм даа.

-Тэгнэ ээ. Дандаа маниусын цэцэг зулгааж явдаг юм ш дээ.

-Чи яаж мэдээв.

-Солонгоо. Яагаав Сансарын ..тэр тэгж хэлж байна лээ. Нөгөө англи дээр очсон чинь саяхан танай Халиука ирээд явсан. Байнга явуулж байгаарай. Халуухан амьтан байна лээ гэсэн байгаа юм. Энэ үг Баатархүүгийн толгой дундуур татаад авах шиг болжээ. Машиныхаа тоормозыг тултал нь гишгэж огцом зогслоо. Зүрх нь амаараа гарчих шиг цохилж, нүд нь харанхуйлаад явчихав. “Бууцгаа” гэж орилсноо л тэр сүүлд нь санасан юм. Хоёр охин хараал зүхлийг амныхаа зоргоор урсгаж байсан ч тэдний үг огт сонсогдсонгүй. “Тэр янхан байсан юм гэж үү. Үнэхээр тийм гэж үү” гэж өөрөөсөө давтан давтан асуухад хоёр нүднийх нь нулимс өөрийн эрхгүй асгарч байлаа.

Хоёр гурав хоног Баатархүү Халиунаа дээр очсонгүй. Очих сөхөө ч түүнд байсангүй. Аль болох ажилтай байхыг хичээж, өдөр шөнөгүй хүн зөөж давхив. Гэвч хайр бүхнийг дийлдэг хойно аажим аажмаар Халиунааг уучлах, өрөвдөхийн алин болох ууч сэтгэл ундарч нэг мэдэхэд Халиунаагийн гэрийн гадаа зогсч байлаа. Хоёр охиноос юу сонссоноо хэлэхгүй байхаар шийдэв. Халиунаа ч юу ч болоогүй юм шиг инээд наргиан болсоор суулаа. Хэд хоног хаачсныг нь ч асуусангүй. Бүх зүйл урьдийн хэв зандаа оров. Гагцхүү орой үдшийн цагаар Баатархүү түүнийг хэн нэгэн хөгшнийг асрахаар явахад нь хүргэж өгөхөө болив. Шөнө орой бүр Халиунаа ямархан эрийн доор тарчлан хэвтээ бол гэж бодохоос байж ядна.

Хаврын урь орж газар дэлхий сэргэн амилав. Халиунаа ч сургуулиа төгсч Англи явах болов. Баатархүү одоо түүнд хайраа илчлэх хэдийн зүрх зориггүй болсон. Хонхны баяраараа халамцсан Халиунаа түүнийг тэврэн уруул дээрээс нь удаан гэгч нь озон, “Би чамд хайртай” гэж хэлэхэд ч тэр итгэсэнгүй. Худлаа юм шиг бодогдоно. Түүний хайрын дэргэд Баатархүүгийнх хиртээшгүй нандин, салхи жаварт ил гаргамгүй ариун тансаг санагдсан болохоор хайраа өөртөө үүрд булшлахаар шийдсэн юм.

Халиунаа Англи явахаар боллоо. Баатархүү ийш тийш яван хэрэгтэй бүх зүйлийг нь бүтээхэд чадлаараа зүтгэв. Түүний халаасан дахь 25 мянган доллар нь ямар үнээр олдсныг мэдэх болохоор үдэж гаргахдаа бөөн  хар үүл цээжин дотор нь бөглөрөн нүүнэ. Нисэхийн хүлээлгийн танхим руу орж явахдаа Халиунаа хөгжилтэйгөөр нүдээ ирмэн,

-Миний төлөө хийсэн бүхэнд чинь баярласан шүү. Би чамтай холбоотой байна аа гэж хэлсэн ч цээжинд нь түүнд хэлэх өч төчнөөн үг бийг Баатархүү ухаарахдаа хачин их өрөвдөж, өөртөө харамсч билээ. Гэвч тэр хэдийн хожимдсон байлаа.

Халиунаа явснаасаа хойш нэг ч удаа холбоо барьсангүй усанд хаясан чулуу шиг ор сураггүй болсон юм. Сэтгэлийн шарх аниагүй ч гэлээ хуучин амьдралынхаа хэмнэлд Баатархүү төдөлгүй орлоо. Олон жил өнгөрөв. Баатархүү одоо амьдралаа хэдийн босгосон. Өөрийн гэсэн автозасварын сүлжээ сервистэй, хотын төвд хаустай, боломжийн орлоготой хэдий ч эхнэр авсангүй. Сэтгэл санааа алдарсан бүсгүй байсан ч Халиунаатай өөрийн эрхгүй жишнэ. Хөгжилтэй, нугаршгүй, чухамхүү Баатархүүд л таалагдах бие галбир, зүс царай, сэтгэл гижигдсэн инээд хөөртэй Халиунаа нь санаанд нь мөнхөд хадгалагдан үлджээ.

Зуны нэг орой Баатархүү дуртай машинаа хөлөглөн зуслан өөд жийгүүлж яваад замын хажуугаар олон жил сэтгэлдээ хадгалж нандигнаж явсан хайртайгаа гэнэтхэн таарлаа. Зам дээрээс ургаад гараад ирээ юу гэлтэй Халиунаа мөнөөх л янзаараа инээмсэглэн алхаж явлаа. Гартаа бужгар шар үстэй охиноо хөтлөн инээд цалгиулан алхаж явна. Өөрийн эрхгүй тоормозоо даран хаалгаа онгойлгон урдаас нь гүйчихэв. Сандарч мэгдсэндээ юу ч дуугарч чадсангүй. Халиунаа ч алмайран гайхлаа. Энэ дахин уулзсан мөчөөс хойш хэзээ ч салахгүй дээ гэж өөртөө андгайлсан Баатархүүгийн хурим яг нэг сарын дараа нижгэр сайхан болсон юм. Халиунаа хүний нутаг гүний хошуунаас эрдэм мэдлэг төдийгүй цэвэр англи цустай охин тээж иржээ. Өнгөрсөн явдлын харыг нь цагаанаар будаж амьдрах хэрэгтэй, цаг хугацаа бүгдийг уучилдаг юм билээ гэж Баатархүү ах ярианхынаа төгсгөлд өгүүлсэн юм. “Эхнэр маань оюутан байхдаа л аав ээжээсээ өнчирсөн юм билээ. Сургуулиа хаяхгүй эрхэнд тийм зүйл хийж явсан гэж ярьсан. Гэхдээ саяхан. Хамаг үнэнээ хэллээ чи намайг яавал яа гэхэд би аль хэдийн мэдэж байсан юм аа гэж л хэлсэн. Хэзээнэээс гэхэд бүгдийг нь хэлж өгсөн. Бие биенийгээ уучлахгүйгээр яаж хайр сэтгэл үргэлж шинэхэнээрээ байх билээ. Халиунаа минь ухаантай бүсгүй бүгдийг мэднэ. Би ч гэсэн ухаантай биш юмаа гэхэд ухаалаг байхыг хичээх юм. Ер ухаалаг байна гэдэг чинь хүнлэг, уужуу байхын л нэр юм билээ” гэж Баатархүү ах ярьсансан.

 Н.Бадамжав                                                                   

 

сэтгэгдэл үлдээх