Бээжингийн агаарын чанар илт сайжирч байна

1 дүгээр сарын 3-нд Бээжин хотын Байгаль   орчин хамгаалах товчоо мэдээлэл хийж, тус хотын 2017 оны агаарын чанарын байдлын   тухай тайлан тавилаа. Бээжингийн агаарын чанар илэрхий сайжирч, 2017 онд   Бээжингийн агаарын нарийн ширхэгтэй тоосонцор буюу PM2.5-ын жилийн дундаж хэмжээ   нэг шоо метрт 58 микрограмм байсан нь 2016 оныхоос 20 хувиар багасжээ.   

Бээжингийн Байгаль орчин хамгаалах   хяналт шинжилгээний төвийн дэд дарга Лю Баосянь: 2017 онд Бээжин хотын агаарын   нарийн ширхэгтэй тоосонцор буюу PM2.5 зэрэг дөрвөн зүйлийн гол бохирдол бодис   өмнөх оныхоос илэрхий буурч, эдгээрээс PM2.5-ын жилийн дундаж хэмжээ нэг шоо   метрт 58 микрограмм хүртэл багасав. Энэ нь улсын агаар мандлын бохирдлоос   сэргийлэн засах үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасан үүрэг зорилтод хүрч чадсан   хэмээн танилцуулсан байна.

“2017 онд Бээжингийн агаарын PM2.5-ын жилийн   дундаж хэмжээ нэг шоо метрт 58 микрограмм байсан нь 2016 оныхоос 20.5 хувиар   буурсан байна. Энэ нь улсаас дурдсан агаарын бохирдлоос сэргийлэх төлөвлөгөөн   дэх нэг шоо метрт 60 микрограмм орчим хүргэх зорилтыг биелүүлсэн хэрэг юм. Бусад   гурван зүйлийн гол бохирдол бодис болох хүхрийн давхар исэл (SO2) 8 микрограмм,   амьсгалын замаар дамждаг тоосонцор (PM10) 84, азотын давхар исэл (NO2) нэг шоо   метрт 46 микрограмм байсан нь 2016 оныхтой харьцуулбал 20, 8.7, 4.2 хувиар тус   тус багасан байна.”

2013-2017 онд Бээжин хотын агаарын   чанарын стандарт хангасан өдрийн тоо илэрхий нэмэгдэж, онц бохирдолтой тохиолдол   мэдэгдэхүйц цөөрснийг статистик бүртгэлд тэмдэглэжээ. Энэ тухай Лю Баосяний   яриаг сонсъё.

“2013-2017 онд, Бээжингийн агаарын чанар   стандарт хангасан өдрийн тоо илэрхий нэмэгдэв. Үүнд, 2013 онд стандарт хангасан   хоног 176 байсан нь бүтэн жилийн 48.2 хувийг эзэлж байлаа. 2017 оны 226 хоногт   агаар сайн байсан нь жилийн 62.1 хувьд хүрэв. Үүний дотор, “I” зэрэглэлийн онц   сайн агаартай өдрийн тоо илэрхий нэмэгдэж, 2013 онд 41 өдөр байсан бол 2017 онд   нээмэгдээд 66 хоног болсон юм. Онц бохирдолтой өдрийн тоо жил ирэх тутам   багасаж, 2013 онд 58 хоног байсан бол 2017 онд 23 хоног болж, ойролцоогоор 60   хувиар багассан юм.”

Бээжин хотын Байгаль орчин хамгаалах   товчооны Агаар мандлын орчны хяналт удирдлагын газрын дарга Ли Сян: Бээжин хот   сүүлийн жилүүдэд эрчим хүчний бүтэц, үйлдвэрлэлийн бүтэц, зам тээврийн бүтцээ   сайжруулах замаар агаар мандлын бохирдлоос сэргийлэн засах ажлыг ерөнхийд нь   ахиуллаа. Сүүлийн 5 жил нүүрс түлдэг зуухыг цэвэр эрчим хүчний болгон өөрчилж,   нийслэлийн үүрэгт нийцэхгүй, бохирдуулалт их үүсгэдэг компаниудыг цэгцлэх буюу   татан буулгаж, хуучин авто машиныг хөдөлгөөнд оролцохыг хориглосон юм. Мөн   Бээжин хот хууль хяналтыг нарийн оновчтой хэрэгжүүлэх, эдийн засгийн бодлогоор   дэмжих, байгаль орчин хамгаалах стандартаар хязгаарлах зэрэг арга хэлбэрээр   агаар мандлын бохирдлоос сэргийлэн засах хяналт удирдлагын түвшнээ бүх талаар   дээшлүүлсэн гэжээ.

“Сүүлийн таван жилд, агаар мандалд   бохирдуулалт үүсгэсэн 16.2 мянган хэргийг шүүн шийтгэж, 590 сая юанийн торгууль   оногдууллаа. Эдгээрээс,  байгаль орчны хууль зөрчсөн үйлдэл 50 орчим хувийг   эзэлсэн юм. Хоёрт, хүрээлэн буй орчныг хамгаалах стандартаар хязгаарлахаа   чангатгаж, зуух, хэвлэх, гэрийн тавилга зэрэг 43 нэр төрөлд агаарын бохирдуулагч   ялгаруулалтын стандарт тогтоож, улсын хэмжээнд хамгийн бүрэн, стандарт   хязгаарлалтаар хамгийн хатуу стандарт систем байгуулж, бохир бодис ялгаруулагч   компаниуд бохирдол үүсгэхээ засах, үйлдвэрлэлийн хэлбэрээ шинэчлэх, чанаржуулах   хүчтэй шаардлага тавьсан юм.”

Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хот   2018 онд агаарын нарийн ширхэгт тоосонцрын PM2.5-ын асуудалд хүчээ төвлөрүүлж,   хууль тогтоол, эдийн засаг, шинжлэх ухаан технологи, захиргааны зэрэг ерөнхий   арга хэмжээ авч, олон зүйлийн бохирдлыг нийтэд нь багасгахаар зорьж байна.   “Бээжин хотын 13-р таван жилийн хугацааны байгаль орчныг хамгаалах, экологийн   орчны бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд зааснаар, 2020 он гэхэд Бээжингийн   PM2.5-ын жилийн дундаж хэмжээг нэг шоо метрт 56 микрограмм хүртэл бууруулж,   жилийн онц сайн агаартай хоногийн тоог 56 хувиас дээш байлгах болно хэмээн   тэмдэглэжээ.

сэтгэгдэл үлдээх