Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн бодлогогүй үгнээс улбаалан өнөөдөр шатахууны зохиомол хомсдол үүссэн нь Засгийн газар сар шинийн дараа доргих магадлалтайг нотлов.

Эдийн засгийн нөхцөл байдал улам хүндэрч, иргэдийн амьжиргаа тартагтаа тулах нь. Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхийн мэргэн санаа, байж боломгүй үг, бодлогогүй үйлдлээс үүдэлтэйгээр. Тиймээс ч У.Хүрэлсүх нэг л биш ээ гэсэн яриа ч гараад амжлаа. Эдийн засгийн ухаанаар засаглалаа удирдаж чадахгүй байгаад иргэд ч дургүйцэв, улстөрчид ч бухимдан байна. Санхүүгийн талаар мэдлэг хомс, иргэдийн амьжиргааг боддоггүй хүнээр Засгийн газрын тэргүүн тавих нь ямархуу байдаг нь тодоос тод харагдаж ч байх шиг. Засгийн газрын гишүүн хэмээх "мэргэн бөөдийнүүд" ч асуудлыг олж харахгүй байгаа нь хачирхалтай. 

Төр, засгийн бодлоготой уялдан улс орны эдийн засаг сэхэх эсвэл сэхээний тасагтаа хэвтэн эмчилгээгээ хүлээн байх уу гэдэг тодорхой болдог. Өнөөдөр эрлэгийнхээ хаалгыг тогшин зогсоо Монгол Улсын эдийн засаг, нийгмийн амьжиргаа сайжрах дүр зураг огт харагдахгүй байна. У.Хүрэлсүх "Засгийн газраас ч авна, намаа ч удирдана" гэж зүтгэсээр өөрийн хүслээ гүйцэлдүүлсэн нэгэн. Тэгвэл түүний дараагийн хүсэл элгээрээ хэвтсэн эдийн засаг, монголчуудыг одоогийнхоос дор нөхцөл байдал руу хөтлөх үү гэдэг байна. 

Хууль тогтоох дээд шатанд 65 суудал авсан нам Засгийн газраа дангаар байгуулж, бодлогоор улс орныг удирдан, эдийн засгаа сайжруулах ёстой. Сонгуулийн үед хөхөө мэт уран цэцнээр донгодож, хөгжлийн хаалганы түлхүүр МАН-ын гарт байна гээд л сагсуурч явсан тэд өдгөө хэлсэн үг хийх ажлаа мартсан юм болов уу. Эсвэл эдийн засаг, нийгмийг сайжруулах ёстой Засгийн газрын ажил нь зогсчихов уу гэсэн асуулт ч байна.

Засгийн газраас явуулж байгаа бодлого нийгмийг хөлдөө чирж, хоногийн хоолоо чадан яваа хүмүүсийн халаас руу өнгийхөөс өөр зүйлд анхаарахгүй байгаа бололтой. Татварын бодлогоор дарамталж эхэллээ. Засгийн газрыг удирдагч У.Хүрэлсүх гуайн бодлого энэ. Тэр цэргийн хүн болохоор нударгаар бүхнийг шийдэх, тушаах хэлбэрээр асуудалд хандаад байна. Уг нь, засаглалыг ард түмнээ ойлгож, нийгмээ мэдэрдэг, цэвэр эдийн засагч удирдвал илүү оновчтой гэж ярьсаар ирсэн. Өмнөх гүйцэтгэх засаглалыг Ж.Эрдэнэбат толгойлж байх үед эдийн засгийн шинжтэй асуудалд нэлээд нухацтай ханддаг байсан гэх бор шувууны жиргээ ч бий. Харин У.Хүрэлсүх удирдан залах үеэс асуудал үүсч эхлэв. Түүний хэлсэн бодлогогүй үгнээс улбаалан өнөөдөр шатахууны зохиомол хомсдол үүсэв. Тодруулбал, нефть импортлогчдын асуудалд ямар нэгэн хориг саад хийх боломжгүй гэх утгатай зүйл хэлсэн нь зохиомол хомсдол үүсэх шалтаг болсон гэхэд хилсдэхгүй. Импортлогчид ч дур зоргоороо авирлаж эхэллээ. Иргэдийн халаасыг ёстой л нэг дур зоргоороо суйлж байх. Итгэлт баяны дүү “Дулмаа минь байсан ч болоосой” хэмээн уйлж суудаг шиг л Ж.Эрдэнбатыг солилгүй засгаа удирдуулж байсан бол гэх бодол ч МАН-ынханд төрж байгаа.

Ерөнхий сайдын хариуцлагагүй үгний золиосонд иргэд ингэж өртөөд байвал ирээдүйд ядуурал үгүйрлийн үүд хаалга монголчуудыг тосоод л авна. Тиймээс хэлэх үгээ бодож, хийх үйлдэлдээ хяналттай байвал яасан юм бэ У.Хүрэлсүх сайдаа. Тэгээд ч улс орны эдийн засгийг урагшуулах уу, үгүй юу гэдгийг шийддэг албан тушаалд цэргийн эрхэм таарч тохирохгүй бололтой. Тэр эдийн засгийн нүдээр улс орныг олж харахгүй явна. Зөвхөн би тушаана, бусад нь хүлээн зөвшөөрнө, биелүүлнэ гэсэн ганц зарчим тавиад байх шиг. Ийм маягаар цааш үргэлжилбэл У.Хүрэлсүхийн засаг нурж унах нь гарцаагүй. Үүний дохиог ард иргэдийн дургүйцэл, сөрөг хүчний мэдэгдэл илтгэлээ.

Хаврын синдром хөдлөх цагаар У.Хүрэлсүхийн харалган засаглалыг огцруулах, түлхэн унагах ажиллагаа явагдах магадлал тун өндөр байна. Магадгүй “огцор” нэртэй галт тэрэг хөдөлвөл М.Энхболд ч түүний эсрэг зогсч фракцаа хөдөлгөх нь гарцаагүй. Учир нь, улс төрийн гал тогоонд үүссэн гал намжаагүй яваа. Намын дарга асан, УИХ-ын даргаар ажиллах эрхмийн гар хөл бологсдоор туг тахисаар байгаа нь М.Энхболдод тийм ч их таалагдахгүй байгаа. Тиймээс У.Хүрэлсүхийн эсрэг хөдлөхөд бэлэн. Улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас харахад У.Хүрэлсүхийн толгойлсон засаг сар шинийн дараа, бослого тэмцлийн галаар шарагдаж унах байх гэсэн шуум төрийн ордонд нисч байна. Энэ ч үнэний ортой биз.

Ер нь, эдийн засгийн ухаангүй хүнээр засаглал удирдуулах нь тийм ч оновчтой биш гэдэг харагдлаа. Иймээс ямар хүнээр удирдуулж, гал тогоондоо амттай хоол бэлтгүүлэх вэ гэдгийг бодох л хэрэгтэй мэт. Ямартай ч хавар цагийн хуйсгануур салхи нийгэм, улс төрийг хэрхэн хөдөлгөхийг харж суух л үлдэж. 

 

сэтгэгдэл үлдээх