Д.Загджав нь шатахуун түлшний үнэ нэмэгдсэнийг огт мэдээгүй хэмээн сэтгүүлчдэд мэдэгдэж, Оюутолгойн эсрэг мэдээлэл хийх нь ямар учиртай юм бол доо.

Сүүлийн үед дуулиан шуугианы гол төвд байгаа хүмүүсийн нэг бол яах аргагүй Уул уурхай, Хүнд үйлдвэрийн Дэд сайд Д.Загджав. Тэрбээр танхимын зарчмаар ажиллах учиртай Засгийн газрын байр суурийг нэгдмэл байдлаас бус хувийн зүгээс нийгэмд түгээсэн нь шуугиан тарьсан билээ.  Шуугиан тарина гэхээсээ илүүтэй хамтрагчдынхаа дургүйг хүргэсэн гэхэд болно. Түүний гол байр суурь бол Оюутолгойн эсрэг шүүмжлэл өрнүүлж, тэдний үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй хэмээн мэдэгдсэн.. Үүнээсээ болоод салбарынхаа сайд Д.Сумъяабазарт хөөгдөхдөө тулчихсан сууна.

Гэтэл Уул уурхай, Хүнд үйлдвэрийн Дэд сайд маань өөрөө ч бас Оюутолгой компанитай хувийн бизнесээр шууд бус утгаараа холбоотой гэдгийг эх сурвалж хэлсэн. Тодотгож хэлбэл, түүний төрсөн дүү Д.Загд-Очир нь Дорноговь аймагт “Интер транс” хэмээх тээврийн компанитай билээ. Энэхүү компани нь Сайншандын төвөөс Оюутолгой компанид шатахуун түлш зөөвөрлөдөг аж. Гэхдээ тээврийн маш олон компани Оюутолгойн хэрэглээний шатахуун түлш тээвэрлэхийг хүсдэг ч тэр бүрий энэ ажлыг олж авах нь бэрхшээлтэй аж. Харин Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайдын төрсөн дүү нь Оюутолгойд шатахуун түлш нийлүүлдэг эрхийг эдэлж байгаа аж. Үүнд улстөрийн нөлөөлөл маш чухал гэдгийг мөн онцолсон. Тэгэхээр Дэд сайд маань Засгийн газрынхаа байр сууринаас зөрж, Оюутолгойд гомдоллох шаардлага чухам юу байсан юм бол доо.

“Интер транс” компани нь хэдийгээр түүний төрсөн дүүгийн нэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа ч анх байгуулахдаа ах Д.Загджавтай хамтарч байсан гэдгийг ч эх сурвалж нуусангүй.  “Интер транс” нь Дорноговь аймгийн төвийг сонгож үйл ажиллагаа явуулах болсон нь төмөр замаа бараадсан хэрэг. Тэдний хувьд төмөр замаар тээвэрлэж ирэх шатахуун түлшийг шилжүүлэн ачиж, Оюутолгой, Тавантолгой гэх мэт стратегийн том ордуудад хүргэдэг маршрутаар ажилладаг байна. Харин тус компани нь 2012-2016 онуудад шатахуун түлш зөөвөрлөх ажлыг 100 хувь гүйцэтгэж чадаагүй, заримдаа тээвэр тасалдаж байсан нь цаанаа улстөрийн нөлөөтэй байсан гэдэг. Тиймээс “Интер транс” нь Сүхбаатар аймгийн нутгаас мөн л уул уурхайн тээвэрлэлт хийж ажлаа залгуулж байсан удаатай. Харин өнгөрөгч оноос Оюутолгой компанид шатахуун түлш тээвэрлэх ажлаа эрчимтэй үргэлжлүүлсэн цөөн компаниудын нэг билээ.

Энэ бүгдээс харвал “Интер транс” компанид Д.Загджав сайдын ашиг сонирхол бага ч атугай байгааг харуулж байна. Нөгөө талаар “Интер транс” хэмээх айлын хувь заяаг Д.Загджав сайд атган суудаг гэхэд тэгтлээ буруудахгүй байх. Энэ бүхий л процессоос харвал Д.Загджав нь Оюутолгой компанитай салшгүй холбоотой байх нь. Гэтэл яагаад Оюутолгой компанийг ийнхүү заналхийлэн шүүмжлэх болов гэдэг нь өөрөө бас асуудал дагуулж байна. Үйл ажиллагааг нь зогсоох хүртэл мэдэгдэл хийхийг бодоход ашиг сонирхлын том зөрчил байна гэж үзэж болно. Түүнээс бус төрсөн дүүгийнх нь “Интер транс” Оюутолгой компанийн хүчээр л гайгүй идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна шүү дээ.

Дурдахгүй өнгөрч болохгүй зүйл бас бий. Оюутолгой, Тавантолгой хэмээх шатахуун түлшний өргөн хэрэглээтэй уул уурхайн томоохон газарт нийлүүлэгч байна гэдэг нефть импортлогчдын хувьд хамгийн том боломж. Тийм ч учраас шатахуун түлш нийлүүлэх ажил нь улстөрөөс байнга хараат явж ирсэн түүхтэй. Хэн дуртай нь Оюутолгойд цорго нээгээд байхгүй. Үүний цаана асар том эрх ашгийн сонирхол байдагт л хамаг учир бий. Тэгвэл Оюутолгой компанид түлш нийлүүлдэг цөөн импортлогчдын нэг нь “Петровис”. Тодотгоход, үнийн савлагаа үүсгэж, зохиомол хомсдол бий болгоод байгаа “Петровис” шүү дээ.

Аварга Оюутолгойн шатахуун түлшний хэрэглээг аймаг сумаар жиших аргагүй учраас нефть импортлогчдын хувьд ёстой л мөрөөдөл болсон хамтрагч бол энэ газар мөн. Тиймээс ч үүнд чөлөөт өрсөлдөөн гэхээсээ илүүтэй улстөрийн нөлөөлөл баттай орчихсон. Харин Д.Загджав нь шатахуун түлшний үнэ нэмэгдсэнийг огт мэдээгүй хэмээн сэтгүүлчдэд мэдэгдсэн нь ямар учиртай юм бол доо. Ямартай ч Д.Загджав сайд хувийн зүгээсээ Оюутолгойд өс санах учиргүй.  

Эх сурвалж: www.zindaa.mn

 

сэтгэгдэл үлдээх