УИХ-ыг тараах санаачилгын цаана

ТАВИХ СУМ НЬ ЖАГСААЛ БОЛ БАЙ НЬ М.ЭНХБОЛД БАЙХ НЬ

Улс төрд мөнхийн дайсан гэж байдаггүй, мөнхийн эрх ашиг гэж л бий гэдэг. Яг энэ зарчим Монголын улс төрийн ноён оргилд ноёлох болсныг “Женко” Х.Баттулга, “Топор” У.Хүрэлсүх хоёрын нөхөрлөлөөс харж болж байна.

Хоёр өөр намын харьяалалтай энэ хоёр эрхэм Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр М.Энхболдын эсрэг хэрхэн хамтарч ажилласан нь “Херо” Б.Баатарын утасны задарсан ярианы бичлэгээс илхэн болсон. Тэгвэл энэ удаад “УИХ-ыг тараах ажиллагаа” энэ хоёр эрхмийн эрх ашгийг нэг цэг дээр огтлолцуулжээ. Яг л мөнхийн дайсан гэж байдаггүй, мөнхийн эрх ашиг гэж л бий гэдэг шиг. Одоо өгүүлье.

Ерөнхийлөгч Х.Баттулга эхлээд дүүргүүдэд, удалгүй орон нутагт ажиллаж иргэдийн санал бодлыг сонсч эхэллээ. Төрийн тэргүүн нь иргэдээ сонсохын муу уг нь байхгүй. Гэвч эдгээр уулзалтуудын ерөнхий дүр зургаас харахад УИХ-ыг тараах ёстой гэсэн ганцхан агуулга руу л чиглэж байна. Угаасаа ч АН-ын голдуу гишүүд цугласан уулзалтууд учраас МАН 65 суудалтай парламентыг тараах ёстой гэсэн хандлага давамгайлах нь гарцаагүй. Тэр уулзалтуудын бичлэгийг нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаас эхлээд бие төлөөлөгчид нь, зөвлөхүүд нь, PR-чид нь гээд бараг бүгд олон нийтийн сүлжээгээр цацаж, ухуулж, давсалж тарааж байна.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд нийгмийг бүхэлд нь стресстүүлэх, жагсах цуглах сэдэл өгөх, уур бухимдлыг дээд цэгт нь хүргэх ажлыг гардан гүйцэтгэж байна. Галыг нь тэр өөрөө өрдөөгүй ч гадна талаас нь үлээсээр ноцоож байгаа нь бодит үнэн. Ганцхан жишээ дурдахад шатахууны үнийн өсөлт, хомсдол байна. Энэ асуудлыг Засгийн газар “ОУВС-гаас асууж шийдвэрлэнэ” гэсээр сар гаруй гацаасан. Шатахуун хомсдсон, үнэ өссөн, нийгэм бухимдсан. Эцсийн дүндээ ОУВС-гаасаа асуулгүйгээр, албан ёсны уулзалтаа эхлэхийн өмнөх өдөр нь л ганц хуралдаад Онцгой албан татварыг нь тэглэж орхисон. Шатахууны онцгой албан татварыг тогтоодог онцгой эрхээ Засгийн газар ашиглалгүй, асуудлыг УИХ руу чиглүүлэх гэж үндсэндээ нэг сар нийгмийг бухимдуулав.

Тэгвэл энэ хоёртой зэрэгцэн АН ч зүгээр суусангүй. УИХ-д ердөө есхөн суудалтай энэ нам үндэсний хэмжээний жагсаал, цуглаан зохион байгуулахаа ил тод зарлаж, иргэн бүр рүү “фэйсбүүк” хаягаар нь хатгалга шидэлсээр л өдөр хоногийг өнгөрөөж байна. Таны, эсвэл ойр тойрны хүмүүс рүү тань “УНШААД ДАМЖУУЛ!!! Ядарч л явна уу, анд минь...” гэж эхлэх улмаар “2018.02.01-нд Сүхбаатарын талбайд жагсаалд ирээрэй” гэх зар шахуу ухуулга ирсээр байгаа биз. Тэгвэл энэ кампанит ажилд зориулж АН-ын дарга С.Эрдэнэ 2018 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн А/06 тоот тушаал баталсан юм байна. Уг тушаалын дагуу намын Үндэсний бодлогын хорооны 389 гишүүн ирэх сарын 1-нд болох жагсаал цуглаанд үйл ажиллагааны дэмжлэг үзүүлээд зогсохгүй санхүүжилт бүрдүүлж өгөх үүрэг хүлээжээ.

Ерөнхийлөгчийн ухуулж, Ерөнхий сайдын чимээгүй дэмжиж, АН-ын даргын санхүүжилтийг нь бүрдүүлж байгаа энэ кампанит ажлын огтлолцол нь “УИХ-ыг тараах” гэсэн ганц мессеж рүү л явж байгаа. Тэгвэл парламентын засаглалтай улсад УИХ хугацаанаасаа өмнө тарах боломж бараг л байхгүй. Хэдий Үндсэн хуульд УИХ-ыг тараах тухай зохицуулалт байдаг ч эцсийн шийдвэрийг УИХ өөрөө гаргадаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч хүссэнээр, сөрөг хүчин шаардсанаар, Ерөнхий сайд хатгаас явуулснаар УИХ тарна гэж байхгүй. Угаасаа энэ парламент тарахгүй гэдгийг Х.Баттулга, У.Хүрэлсүх, С.Эрдэнэ гурав мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Угаасаа энэ УИХ тарлаа гэж бодоход С.Эрдэнэ гудамжиндаа гарч, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаас огцрох нь ойлгомжтой. Иймээс ч УИХ-ыг юу юугүй тараачихна гэж байхгүй, угаасаа тарааж ч чадахгүй. Тэгэхээр “УИХ-ыг тараа” гэсэн жагсаалын цаад сценари нь юу байж болох вэ? Энэ гурвын тавих сум нь жагсаал бол бай нь УИХ-ын дарга М.Энхболд юм байна.

Шуудхан хэлэхэд УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахын тулд ирэх сарын 1-нд Төв талбайд жагсаал зохион байгуулах нь. М.Энхболдыг УИХ-ын даргаас нь буулгахын тулд өөрөөр үзэх ямар ч боломж тэдэнд байхгүй. Нэгд М.Энхболд өөрөө хүсээгүй, бас Үндсэн хууль зөрчөөгүй тохиолдолд огцрохгүй. Огцруулах боломж ч УИХ-д байхгүй. Иймээс л УИХ-ыг тараах нийгмийн шахалт, шаардлага хэлбэрээр УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах тохироо явагдсан бололтой.

Хамгийн гол нь нэг хүнээс суудлыг нь булаахын тулд нийт үндэстнээ Ерөнхийлөгч нь турхирч, Ерөнхий сайд нь бухимдуулж, АН нь жагсаалыг санхүүжүүлэх нь Монголын улс төр хэрхэн ялзарсны тод жишээ. Улс төрөө ордондоо хийхгүйгээр гудамжинд гаргаж, нийгмийг бухимдуулж, нийтээр нь хүчирхийлэлд турхирах нь өөрөө увайгүй улс төр юм даа. 

Эх сурвалж: 24tsag.mn / http://www.24tsag.mn/content/159369.shtml /

 

сэтгэгдэл үлдээх