Ц.Нямдорж сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийн болон цаашид үлдсэн өдрүүдийнх нь гялалзаж гялайтах ганц нь байх болов уу

Ачааны хүндийг үүрч сурсан хүмүүс гомдоллодоггүй. Ялангуяа улстөрийн талбарт хариуцлага хүлээж, иргэдийн өмнөөс эрхийг нь хэрэгжүүлж буйгаа бүрэн ухамсарласан хүмүүсийн үг хийгээд үйлдэл нь зөрдөггүй. Улстөрийг ПОП талбар гэж харалгүй, хариуцсанаа сайтар хийдэг. Тэгвэл яг ийм хүн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж л доо. Өчигдөр У.Хүрэлсүхийн удирдаж буй засаг 100 хоногийн тайлангаа тавьж, угтах хугацаанд юу хийхээ хэлж ярьсан билээ. Энэ үеэр У.Хүрэлсүх Ерөнхий Сайдын зангараггүй, хэтэрхий пялдага үг хэллээ.

Тэрбээр  “Ц.Нямдорж сайдыг үнэтэй машинаа буцааж зар гэж хэлсэн. Сайд өөрөө мэдэх байх. Ард түмэн битгий санаа зовоорой, бусад сайд нарт ч анхааруулга өгсөн” хэмээв. Харин Ц.Нямдорж сайд хавьгүй том асуудал ярив. Өнгөрсөн 20 жилд Монголчуудын анхаарлын төвөөс гарч байгаагүй С.Зориг агсны хэрэгтэй холбоотой баримтуудыг нууцын зэрэглэлээс гаргахад бэлэн болоод буйг хэллээ.

Үнэндээ бол Ц.Нямдорж сайдын эл зүтгэл түүхэнд үлдэнэ гэдэгтэй маргах хэрэггүй юм. Энэ Монгол Улсад “Үнэн ганцаардаж, шударга ёс өнчирч” буйг ул үндэстэй нь, угшил гаралтай нь шулуухан хэлж, сэрэмжлүүлж ирсэн Ц.Нямдорж гуай Монголчуудын 20 жилийн хүлээлтэд цэг тавьсан, шударга үйлийг хийж буй нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийг тэр байтугай цаашид үлдсэн өдрүүдийнх нь гялалзах ганц үйл байх болов уу.

Хууль зүйн салбарыг хэдэнтээ удирдаж, шүүсийг нь шахахдаа шахаж, хариуцсан шиг хариуцаж ирсэн Ц.Нямдоржийг бодлоготойгоор харлуулах гэсэн хүмүүсийн шидэх мессеж нь нэг машин болж үргэлжилж байна.

Ц.Нямдорж сайд өөрөө машин авья гээд мөнгө төсөвлүүлээд авчихаагүй, хөдөө орон нутагт байнга томилолтоор явдаг учраас туулах чадвар өндөртэй машин гэж хуваарилсан бөгөөд Хууль зүйн сайдын хэрэгцээнд хуваарилсан асуудал юм билээ л дээ. Уг нь бүхэл бүтэн хуулийн салбарын маргаашийг зурж буй, Монголд төрд нэг насаа зориулан зүтгэж буй түшээ хүн нэг ийм машин уначих хэмжээний эрэмбэтэй л баймаар. Гэвч хүнийг гутаах зорилготой нөхдүүдэд бол энэ хамаагүй л бололтой. Ц.Нямдорж гэж хүн муухай л харагдаж байвал болдог аж. Ер нь бол Ц.Нямдоржийг муулдаг цөөн сэдэв бий. Хоёр давхар зуслангийн байшин бариулчихлаа л гэдэг. Тэгээд одоо энэ машин. Уг нь сайдын суудлаас буухдаа аваад явчихгүй нь тодорхой шүү дээ.

Монгол төр хүчтэй байгаасай гэж ард түмэн хүсдэг. Тэрчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Монголоо томоор харч, том алхаасай гэж хүсч буй. Иргэдэд таалагдах, оноо авах үг хэлэх бол удирдагчийн үндсэн ажил биш билээ.

Засгийн газарт хийх ажил зөндөө байгаа. Хууль зүйн сайдад хийхээр төлөвлөсөн ажил ч их бий нь дамжиггүй. Зэрэгцээд түүнийг баалах сонирхолтой хэсэг ч ханцуйгаа шамласан хэвээрээ байх нь баттай харагдаж л байна.

Гээд яахав. Ц.Нямдорж бол ПОП хүн биш. Тэр худлаа шоудаж ярьж, оноо авах гэхгүй. Байгааг байгаагаар нь хэлнэ. Үнэн гашуун тул бусад нь түүнд хорсдог. Наанаа инээчихээд цаашаа харахаараа Ц.Нямдоржийг хорлочих гээд байх шиг.

Жирийн иргэд шударга ёсыг, үнэнийг хүсч байхад улстөрчид яг эсрэгээр хийж байгааг, төрийн шийдвэр, ардын санаа хоёр их хол зөрж буй тухай чанга дуугарч, бүлэглэлийн нөхдүүдэд адлагддаг ховор хүн уг нь тэр юм шүү дээ.

 

 

 

сэтгэгдэл үлдээх