Мөр нь улайсан миний ард түмэн

Зунжин намаржин унасан эдийн засгийн цохилтын хүндийг ард түмэн хүртсээр ирлээ. Засгийн газар харьяа агентлагаараа улс орны нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг ямагт эерэгээр гаргаж түмний тархийг угаахад илтэд туршлагажжээ. Урин дулаанд олон нийт эдийн засгийн огцом доройтолд тэр бүрий анхаарал тавьж дадаагүй нь Монголын онцлог. Жилийн хамгийн өндөр зардал шаардагддаг өвлийн улиралд халаас нимгэрч, бараа бүтээгдэхүүний үнэ талийх үед л байдал бишдсэнийг биеэрээ мэдэрдэг. Засгийн газрын аль худал хэлэхийг хэлж барахав. Гуйж гувшсаар байгаад үнэ тогтворжуулах хөтөлбөр гээчдээ 3 их наяд төгрөг зарцуулсан ч зах зээл тэр дорхноо хариу барьж валютын ханш чангарч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 30 хувь болтлоо өсөв. Эдийн засгийн өсөлт ч зогсонги байдалд орлоо. Ерөнхий сайд ирээдүйн том бүтээн байгуулалтад мөнгөө зарцууллаа. Ашгаа өгнө л гэнэ. Нөгөө бухын доодохыг харж үнэг турж үхэв гэдэг л болоод байна.

Цуглуулсан хөрөнгө мөнгө хаашаа орсон нь мэдэгдэхгүй хэрнээ нийт баялгийн 80 орчим хувийг атгаж байдаг 400 гаруй гэр бүл цулайтал таргалаад байдаг. Гурван сая орчим иргэний хэд нь манийхаа толгой дээр завилчихаад тансаглаад суугааг дөрвөн аргын тоо гадарладаг хэнбугай ч тооцоолоод гаргачихна шүү дээ. Үнэ тогтворжуулах хөтөлбөрт цацсан 3 их наяд төгрөгөө иргэдийнхээ цалин тэтгэвэр тэтгэмжийг 28 хувиар өсгөх боломж байна. Аль эсвэл нийт иргэддээ дөрвөн жилийн туршид 21000 төгрөг олгоод байх боломж байгаа. Ийм их мөнгөөр тоглосны гайгаар эрүүл саруул явах ёстой зах зээл бөглөөнд орсон юм. Мөнгөгүй худалдан авагчид бялхсан мөнгөөр нийлүүлэгчийн халз тулаанд амь эрсдсэн хэрэг. Амьд үлдэхийн тулд эцсийн мөнгөө шавхан байж голоо дэвтээнэ. Гэтэл маргааш нөгөөдөр гэж бий. Өвлийн хүйтэнд осгож үхэхгүйн тулд түлээ түлш хэрэгтэй. Ажил сургуульдаа явахдаа өмсөж зүүх дулаан бүлээн хувцас хунар хэрэгтэй. Хэн нэгнээс зээлэх хэрэг болно. Банкууд гэдийчихнэ. Тэгээд дэлхийн хаана ч байхгүй өндөр хүү тооцно. Хүүгийн хүү гээд явж өгнө дөө. Гадныхны нүдэнд баялагтаа хахаж цацсан эдийн засгийн өсөлтөөрөө 2030 он гэхэд бүс нутагтаа Япон, Сингапурын дараа жагсах хэтийн прогнозтой мундаг Монгол. Үнэн хэрэг дээрээ өвөр нь цуурч, мөр нь улайсан хөл нүцгэн Монголчууд болоод байна. Цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 759 тэрбум хэрэгтэй. Зарлаж байгаад нэмэхээр имфляци галзуурна. Тиймээс сэмхэн нэмнэ гэж Ерөнхий сайд тайлбар хийж байгаа. Сэмхэн сэмхэн гэсээр өнгөрсөн онд иргэдийн халаасанд нэг төгрөг нэмээгүй. Хариуг нь өнөөдөр ард түмэн хүртэж сууна. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг дааж тэсэх орлоготой байхгүй юм бол Монголын ямар ч сайхан ирээдүй үлгэрээс цаашгүй зүйл болж хувирна шүү дээ.

Эдийн засаг тогтворжиход Монголын онцлогтой эдийн засгийн хувьд бүтэн улирлын зай байна. Цагаан сар гэж Монголын өрх бүрт толгойн өвчин болсон амаргүй даваа угтаж байна. Мөнгөний урсгал гадагшаа тэр тусмаа Эрээн лүү чиглэнэ. Эдийн засаг импортынх болж хувирна. Гарсан мөнгөний хариу нэг удаагийн хэрэглээ болж хогийн цэгийн овоог өндөрсгөнө. Яаж бид худлаа ярьж, худлаа инээж, худлаа шилээ маажин гэмшдэг засаг төргүй болох вэ...

Н.Бадамжав

сэтгэгдэл үлдээх