Монголын мөнхийн эрх ашиг

1990 оноос хойш Монгол улс гуравдагч хөршийн эрэлд бишгүйдээ хатсан. Төрийн хар хайрцагны бодлогын хамгийн ахицтай нь гуравдагч хөршийг өөртөө татах энэ бодлого байлаа. Өнөөдөр энэ бодлогын ашиг тусыг гамгүй нээлээ. Дал гаруй жил хойд хөршийнхөө үлэмж нөлөөн дор байж Москва найтаахад Монгол ханиад хүрч, халуундаа дагжин чичирдэг байв. Өнөөдөр хаалга үүдээ сэвхийтэл нээж орчин тойрныхоо сайн сайхан бүхнийг шүүрдэн оруулахыг чармайж байна. Мэдээж сайны хажуугаар саар гэгчээр хогийн ургамлын элдэв үр хийсэн ирж хөрсөнд минь соёолно.

Хоёр хөрш нүүгээд явчихгүйгээс хойш хоёулантай нь эв түнжинтэй байх учиртай.  Олон зүйлээр бид хойд хөршөөсөө хамааралтай. Европ, зүүн хойд Азийн зах зээл рүү гарах умард гарц их баавгай нааштай хандвал нээгдэнэ. Үүнээс болоод умард гарцдаа эдийн засгийн идэвхтэй хөдөлгөөн бий болох боломжгүй байгаа юм. Импортын хараат улс байгаа бас нэг шалтгаан Хятадтай шууд холбоотой. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний дийлэнх нь Хятадаас орж ирж байна. Газар нутгийн байдал биднийг яалт ч үгүй хүлэмжийн орон болгодог юм. Энэ хүлэмжийг цоочин салхи савир оруулахад дэд бүтэц нэн шаардлагатай. Ийм боломж нөхцлөө өнгөрсөн жил Орос, Хятад, Монгол гурван улсын умард коридор нээх тухай хэлэлцээрээр нээсэн. Хятад, Оросын том зах зээлийг өөрийн орны онцлог дээр тулгуурлан холбох энэ төлөвлөгөө Н.Алтанхуягийн Засгийн газрын олон алдааг цайруулж мэдэх юм шүү.

Гуравдагч хөршийн эрлийг бүхий л түүхийнхээ туршид Монголчууд хийсэн. Ази Европыг холбосон Торгоны замыг хяналтандаа авахыг оролдож байлаа. Даавуу, даалимба, торго дурдан, гурил будаа зэрэг өдөр тутмын бараа бүтээгдэхүүнээр өмнөд хөршөөс хараат бус байхыг чармайж байсан нь энэ хүсэл эрмэлзлээр нотлогдоно. Ганц эдийн засгийн хувьд ч бус нүүдэлчдийн өвөрмөц соёл, зан заншил, ахуй байдлаа уусгахгүй байхыг хичээсэн хар хайрцагны бодлого байлаа. Хэл бичгээ хаа байсан хол Уйгараас, шашин шүтлэгээ Хятадыг дамнуулан Жагарын орноос (буддын шашин) авч байлаа. Хятадыг удаа дараа эзэрхийлж байлаа ч суурьшин төвхнөж байсангүй. Энэ бүхэн төрөлх нүүдэлчин угсаатнаа уусгахгүй гэсэн ёгт санаа байв.

XX зууны эхэнд ч гэсэн Богд гэгээнээ эзэн хаанаар өргөмжилж тусгаар тогтнолоо зарласан даруйдаа Англи, Америк, Япон, Франц зэрэг гуравдагч хүчирхэг орнуудад дипломат харилцаа тогтоохыг хүсэмжилсэн утга бүхий захидал илгээж байлаа. Гуравдагч хөршийн эрэл цаашид ч үргэлжилнэ. Хэт хамааралтай байхаас гадаад ертөнцтэй бүхий л талаараа шүргэлцэх нь тусгаар тогтнолын хамгийн том баталгаа. Дэлхий хавтгайрсан энэ эрин үед үндэстэн дамнасан томоохон корпорациуд дэлхийн эдийн засгийн гол механизмыг хөдөлгөж байна. Тэднийг өөртөө байршуулах аятай таатай нөхцлийг бүрдүүлэх гэж хөгжиж буй орнууд хичээж байдаг. Ингэснээр эдийн засгийн хувьд хөршөөсөө хараат бус байхаас гадна тусгаар тогтнолынх нь нэгэн баталгаа болдог гэдгийг харуулж буй юм. Бид ч ийм замналаар замнаж байгаа. Гол нь ашиг сонирхлын улс төрийг бид үгүй хийх хэрэгтэй. Төрийн толгойд Оросыг баримтлагч, Хятадын сонирхлыг илэрхийлэгч фракцууд бий болж энэ эрх ашигтай нийцсэн хууль баримталж, бодлого хэрэгжүүлэх “Чимээгүй дайн” өрнүүлдэг болж. Уг нь Монголын мөнхийн эрх ашиг “Гуравдагч хөрш”-ийн эрэлд үеийн үед нийцдэг юм шүү дээ.

Н.Бадамжав

сэтгэгдэл үлдээх