С.Нарангэрэл: Үнэхээр буцааж татахаас өөр аргагүй гишүүд УИХ дотор олон байна

УИХ-ын гишүүн л бол  хууль тогтоох дээд байгууллагаас баталж буй бүхий л хууль тогтоомжуудад гишүүний эрх, үүргийн хүрээнд оролцоотой байх ёстой. За мөн ёс зүйн хувьд ёроолдоо тулчихсан увайгүй байж болохгүй. Тиймээс ч нэр бүхий гишүүдийн зүгээс хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг үл ойшоодог, хуралд суудаггүй, ёс зүйн зөрчил гаргасан гишүүн гэх тодотголтой хүмүүсийг эгүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж буйгаа мэдэгдсэн.

Тэгвэл энэ анхаарал татсан асуудлаар хуульч С.Нарангэрэл дараах байр суурийг хэвлэлд илэрхийлжээ. Тэрээр “Уг нь манай дагаж мөрдөж байгаа Үндсэн хуульд УИХ-ын гишүүн гэдэг бол жинхэнэ тойргийн сонгогчдыг төрд төлөөлж чадах өндөр ёс суртахуунтай, эрдэм боловсролтой хүн гарч ирнэ гэж тооцсон. Өнөөдрийнх шиг хуралдаа суудаггүй, хувийн ажил, бизнес, эрх ашгаа хамгийн эхэнд боддог ийм хүмүүс УИХ-д орно гэж тэр үед Үндсэн хууль батлахдаа тооцоогүй. УИХ-ын гишүүнийг сонгохдоо намууд нэрийг нь дэвшүүлж, нам нь болохоор хэн сонгуулийнхаа зардлыг төлөх төлбөрийн чадвартай, намдаа эдийн засаг, санхүүгийн хувьд тусалж чадах  вэ гэдгийг харж ирснээр өнөөдөр ийм байдалд орсон. Дээр нь, УИХ-ын гишүүн болсон зарим хүн Засгийн газрын гишүүн болох хүсэлтэй болсон. Яагаад Засгийн газрын гишүүн болох сонирхол ихтэй байдаг вэ гэхээр сүүлийн үед улс төр рүү орж байгаа хүмүүс Засгийн газар хамгийн их мөнгөтэй газар гэж ойлгосон. Татвар төлөгчдийн мөнгө цугларч, тэр мөнгөнөөс зөвхөн гарын үсэг зурж, албан тушаалаа урвуулан ашиглаж, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж хахууль авах замаар асар богино хугацаанд баяжиж болдог юм байна гэдгийг ойлгоод Засгийн газрын гишүүн рүү тэмүүлдэг, учиргүй сэтгүүргүй зүтгэдэг болсон. Сайдын ажлыг хийж чадахгүй, дийлэхгүй гэдгээ өөрөө мэддэг хэрнээ тэрийгээ ч хайхрахгүйгээр зүтгэдэг болсон. Үндсэн хуульд нэгэнт УИХ-д шилдэг хүмүүс гарна гэж үзсэн учраас УИХ-ын гишүүд тойргоос сонгогддог боловч Үндсэн хуульд зааснаар нийт ард түмний эрх ашиг, сонирхлыг хамгаалах учиртай. Нийт ард түмний эрх ашиг, сонирхлыг хамгаалж байгаа хүнийг хэдхэн сонгогчдын саналаар татах боломжгүйгээр одоогийн Үндсэн хууль хийгдсэн. Гэтэл амьдрал дээр үнэхээр буцааж татахаас өөр аргагүй гишүүд УИХ дотор олон байна. Энэ хоёр хоорондоо зөрчилдөх үйл явц бий болж байна” гэжээ.

 

сэтгэгдэл үлдээх