Харвардын эрдэмтэд Аз жаргалтай амьдралын нууцыг олжээ

Хүн хэзээ аз жаргалтай байдгийг мэдэхээр 75 жилийн турш Харвардын их сургуулийн судалгааны баг  ажиллажээ. 1938 онд эхлүүлсэн уг судалгаанд сэтгэлзүй, антропологи, IQ, согтууруулах ундааны хэрэглээ, гэр бүлийн харилцаа, орлогын түвшин зэрэг нилээд олон хувьсагчийг тооцохыг хичээжээ. Энэ судалгааны багийн гаргасан дүгнэлтийг та бүхэнд  тоймлон хүргэж байна.

1.Аз жаргал гэдэг бол хайр, өөр юу ч биш!  Хүмүүс хоорондын харилцаа хүний амьдралын аз жаргалыг шууд тодорхойлдог аж. Судалгаагаар хүндэлдэг хүмүүстэйгээ ажилладаг  хүмүүс албан тушаал ахих, цалингаа нэмүүлэхээс илүүтэйгээр сэтгэлийн бодит таашаал авч байсан байна. Мөн багадаа эхийн хайраар дутаагүй өссөн хүн  бусдыг илүү хайрлахаас гадна орлогын түвшин нь ч үүнийгээ дагаад эхийн хайрыг мэдрээгүй, “дутуу” хайрлуулж өссөн хүмүүсээс хамаагүй илүү байсан байна (даруй жилийн 87000 ам.доллараар илүү гэдэг тоог ч гаргажээ). Мөн эцгийн хайраар дутаагүй өссөн хүмүүс ачаалал даах, стресст автах чадвар нь бусдыгаа бодвол өндөр гарч байв. Хүүхдийнхээ ирээдүйг гэрэлтэй байлгахын тулд эцэг эхийн хайр, гэр бүлийн халуун харилцаа асар чухал аж.
Архи, тамхины зохисгүй хэрэглээ дундаж наслалтыг багасгахаас гадна гэр бүл салалтыг гол суурь шалтгаан болж байгааг мөн баталжээ.

2. Сэтгэлийн амар амгалан. Бие биесээ хүндлэх, , бусдыг хүлээн зөвшөөрч сурах нь сэтгэлийн амар амгаланг олох суурь аж. Тэрнээс бус мөнгөний тооны араас хөөцөлдөөд байвал хүний шунал хэзээ ч дуусдаггүй. 2015 онд эдийн засгийн салбарт Нобелийн шагнал авсан Angus Deaton-ны 2010 оны судалгаагаар хүний жилийн орлого 75000 ам.доллараас илүү гараад ирэхээрээ мөнгөнөөс таашаал авахаа больж эхэлдэг гэдгийг батлахыг хичээжээ. Иймээс мөнгө чухал ч хэмжээ нь тодорхой түвшинд хүрээд чухал биш болдог ажгуу.
Хүнийг өнөөдөр болон өнгөрснөөр нь үнэлж хэмжиж харьцаж болохгүйг онцолжээ. Хүний удам угсаа, гэр бүлийн түүх зэрэг нь тухайн хүний аз жаргалын индекц, сайхан амьдралтай ямар ч хамааралгүй болохыг мөн баталжээ. Хүн ялгаж харьцаад байвал аз жаргал гэдэг амьтныг та олохгүй нь!

80 наснаас  хойших эрүүл мэнд 50 наснаас өмнө олж авсан амьдралын дадал зуршлаас шууд хамаардаг гэдгийг онцолжээ.
Хүн аз жаргалтай байхын тулд бусдыг хайрлахын зэрэгцээ бусдаар жинхнээсээ хайрлуулах хэрэгцээ гардаг аж. 1908-1970 онд амьдарч байсан Америкийн сэтгэл судлаач А. Маслоу хүний хэрэгцээг 5 шатлалаар  эрэмбэлсэн бөгөөд  эрдэмтэн судлаачид  дахин 3 шинэ эрэмбийг нэмсэн байдаг. Эдгээр нь бусдыг ойлгох хэрэгцээ (cognitive needs); гоозүйн хэрэгцээ (aesthetic needs); бусдад туслах, бусдыг дэмжих, бусдыг хайрлах хэрэгцээ (transcendence needs). Энэхүү шатлалын  дээд түвшний хэрэгцээг мэдэрсэн хүмүүс бол өнөөгийн нийгэмд амьд бурхан гэж нэрлэгдэх биз ээ. Тэгэхээр аз жаргалтай амьдралын үндэс  нь  бусдыг аз жаргалтай байлгахад  оршдог ажээ.

 

сэтгэгдэл үлдээх