Засаглалын хүндрэлийг БИД даахгүй

Засаг хямдхан, түмэн өнөр байвал ТӨР тогтвортой байх дүр зураг сүүлийн өдрүүдэд ажиглагдаад байгаа юм. Төр нь яам агентлагаараа томроод ард түмэн нь жижигдээд байхад улс яаж хөгжих билээ дээ. Саадаг үнээ нь дөрөвхөн мөөмтэй байхад хөхөх уруул нь үй түм байхад үнээ яаж сүүтэй байх юм. Дөрвөн аргын тоо, гучин таван үсгээ мэдэх хүүхдийн сэтгэлгээнээс гарах энгийн л нэг гаргалгаа. Нэг яам байлаа гэхэд дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, хэлтсийн дарга нар гээд явж өгнө. Басхүү агентлаг нь ийм бүтэцтэй. УИХ-аар бий болгосон 20 гаруй сан бас л ийм бүтэцтэй. Ихэвчлэн улс төрийн албан тушаалтнууд. Мэргэжлийн боловсон хүчин хуруу дарам цөөн. Улс төрийнхөн толгой дээгүүр албан тушаалд томилогдонгуутаа л мэргэжлийн төрийн албан хаагчдыг өөд уруугүй халж солино. Намчирхаж гадуурхана. Төрийн ажил гацаж байгаагийн учир жанцан энэ.

Парламент хуулиа батладаг. Намуудын мөрийн хөтөлбөр, үзэл санаа, сонгогчдын захиа даалгаврын үндсэн дээр өөр өөрсдийн үзэл бодлоо уралдуулж байж шийдвэрээ гаргаж хууль батлана. Засгийн газар түүнийг биелүүлэх үүрэгтэй. Тэднийг гүйцэтгэх засаглал гэдэг. Улс төрийн шийдвэр гаргах эрх тэдэнд байхгүй. Нэгэнт парламентаас хууль тогтоосон бол хууль хэрэгжүүлэх  ёстой. Улс төржих ямар ч шаардлага байхгүй. Үндсэн хуулинд ч ингэж заасан байсан. Эрх мэдэл нь дутуу санагдсан УИХ өөртөө Засгийн газрыг шингээхийг хүссэнээс гажуудлыг бий болгосон. Үндсэн хуулийг дордуулсан долоон өөрчлөлт. Засаглалын хуваарь алдагдахад нйигэм эдийн засаг яаж өөрчлөгддөгийг хангалттай харлаа. Монгол орон баялгаараа баян. Ашигт малтмалын үнэ ханш өндөр байх үед цутгасан мөнгөө халаасныхаа цоорхойгоор цувруулан намынхаа нэр хүндийг өсгөхөд зориулахад Засгийн газрын танхимд салбараа мэддэг мэргэжлийн хүн байхгүй байх тусам ашигтай байлаа. УИХ-ын олонхи хэн байна түүнд л Засгийн танхим үйлчилсээр ирэв. Үр дүнд нь яамд мэргэжилтэн нэрээр байршсан улс төрийн албан тушаалтнаар дүүрсэн. Таалагдахгүй нэгнээ зүгээр л хөөж орхино. Нэг нэгнээ матна. Засаг солигдох тоолонд мэргэжлийн боловсон хүчин улстөрчдийн заналхийлэлд өртөнө. Сэтгэлээ шингээсэн төсөл хөтөлбөр бүхэн нь бүтэлгүйтнэ. Эсвэл бусдын нэрийн хуудас болно. Тэд нь дээш бичсэн матаасныхаа хариуд сандал ширээг нь эзэгнэнэ. Эдийн засгийн наад захын мэдлэггүй нэг нь улсын төсөв зохиож сууна. Энийг гажуудал гэхгүй бол өөр юуг гажуудал гэхэв дээ.

Найзуудаа одоо болсон. Төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулах хуулийг энэ л жишгээр боловсруулж өөрсдийнхөө хүсэл таашаалаар багаа бүрдүүлдэгийг болиулья. Татварынхан цалин аваад дээр нь татвар их цуглуулж өрсөлдсөнийхөө төлөө орлогынх нь цөөнгүй хувиар шагнуулж байгааг сонсоод Ерөнхийлөгч ихэд гайхаж билээ. Бүр цэнхэр дэлгэцээр шүү дээ. Тэр дор нь арга хэмжээ аваад буцааж төлүүлээд даргыг нь өөрчилснөө мэдээллэсэн. Оны сүүлийн хагаст энэ шагналыг хүртэгсэд өртөөд, хэдэн жилийн туршид үргэлжилсэн шагналаар байлагсад зүв зүгээр өнгөрлөө. Ийм журам байдгийг төрийн тэргүүн хүртэл мэдэхгүй л суулаа. Татварын байтугай гаалийн албан хаагчид ч илрүүлсэн зөрчлийнхөө мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх цөөнгүй хувийг шагнал нэрээр өөртөө шингээсээр ирсэн. Төрдөө тангараг өргөөд хийсэн ажлынхаа төлөөнөөс дээр нь энэ урамшууллыг хүртэж байна гэдэг хэр шударга юм бол. Гэтэл энгийн хөдөлмөрлөөд цалингаа хүргэж ядаж байгаа мань мэт нь хэн болж байна аа. Но байна аа гэж хардах эрх бидэнд бий. Хэдийгээр өөр ажил мэргэжилтэй ч гэлээ ажил хийсний үнэлэмж өөр байхад бухимдахаас ч яалтай билээ. Тиймээс л мэргэжлийн боловсон хүчингээр төр өөрийн аппаратаа бүрдүүлэх нь чухал. Тоо мэддэгүй хүнтэй тоо яриад байлтай нь биш. Соёл урлагийн наад захын боловсролгүй өөрийнхөө номыг бестселлер болгоод давгүй мөнгө хураачихдаг хүнээр соёлоо удирдуулаад байлтай нь биш. Эвгүй дээ. Мэдээж урт удаан хугацааны ширүүн тэмцэл эсэргүүцэл бий. Гэхдээ улс төр мэддэг гурван хүнээс салбараа мэддэг нэг хүн нь илүү ажил хийнэ, ажилдаа чин сэтгэлээсээ хандана. Яагаад гэвэл тэр амьдралаа энэ мэргэжилдээ зориулж чадна. Улстөрчид гүйцэтгэх албанаас аяны шувуу шиг нисээд л алга болно.

Энэ Засгийн газар хүнд ажлыг өөртөө авч байгаа. Засаглалыг төвшрүүлэх алхмыг сайн хийгээд саар хийсэн ч муу нэрийг л хүртэнэ. Гэхдээ энэ нь Монголын ирээдүйд хэрэгтэй. Улс төрийн амбицаа дагаад хол явахгүйг олон нийт харж байна. Тиймээс улстөрчдийг дагадаггүй (тэртэй тэргүй УИХ-д суудалтай намуудаас танхим бүрдэх болохоор) мэргэжлийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх нь эхний ээлжийн зорилт. Үүнийг л шинэ Ерөнхий сайддаа хаяглах гэсэн юм.

Н.Бадамжав

сэтгэгдэл үлдээх