ДАЛАЙ ЛАМД МӨРГӨХ ЮМ БОЛ ДАЛАН ГУРАВ ЦАВЧУУЛАХ ТАМЛАГАТАЙ БӨӨ НАР ШАШИНТАЙ ДАЙТСААР БАЙНА

ОХУ-ын Тувагийн БНУ-д Бурханы шашны залбирал унших үеэр аянга бууснаас нэг хүн амиа алджээ. Уг явдал энэ оны 4-р сарын 15-нд болжээ. Цечэнлиг хийдийн лам нарыг ном уншиж байх үед аянга бууснаас Каа-Хем тосгоны 36 настай оршин суугч амиа алдсан ба тэр үеэр мөн хоёр эмэгтэй шатсан байна.

          /Хэвлэлийн мэдээ/

 

Бөө бол Монголын язгуурын тэнгэр шашин. Энэ шашныхаа ид шид тэнгэртэй холбогдсон хэл мэргэ, дагуул хамгаалал, харсан дэмжсэн тэнгэрийн агуу их хүчний дэмжлэгээр монголчууд дэлхийн талыг эзлэн, Их эзэнт улсыг байгуулж байсан билээ. Тэнгэр шүтлэг бөөгөө Түвд шашны харгис үзэл суртал, Манжийн эзлэн түрэмгийлэх бодлогын уршгаар устгах бодлого 17-р зууны үеэс ихэд идэвхжиж ирсэн байдаг. Юу гэж сурталдаж, ухуулж байсан гэвэл бөө бол харгис хар үйл, харин шарын шашин бол энэрэнгүй амгалан, сэтгэлийн ариуныг сурталчилдаг, номхон амгалангийн суртал хэмээж, манай ноёд ихэс ч ихэд хүсэмжлэн авсан байдаг. Автай сайн хан Гомбогүр бурханыг залсан домог хийгээд Ойрад, Монголын олон ноёд хан, тайж нар өөр өөрийн сонголтоор бурхан шүтээнийг Түвдээс залж, амар амгалан, сайн сайхан амьдралыг бусдаас хайж эхэлсэн нь монголчуудыг улам хүчин дорой болгож хүрээ хийдэд шавилан, нүцгэн толгойгоор нүглийг зогсоож болох мэтээр хуурч мэхэлж байжээ. Ойрадын Зая бандида Намхайжамц маш олон зуун бөөг дарж, амьдаар нь шатааж энэрэнгүй гэх шарын шашны мөн чанартаа хамгийн харгис зан үйлтэй болохыг харуулж байсан түүх байна.

Дээр ишлэл авсан мэдээнээс үзэхэд бөө хийгээд шарын шашны тэмцэл, ид шидийн хүч чадлын зөрүү өнөө хүртэл илэрхий харагдаж, шинж тэмдгээ үзүүлсээр байгааг гэрчилж байна. Бөө бол тувачуудын хувьд ихэд бөх оршиж хадгалагдсан байдаг. Бараг л шарын шашинд зайгаа тавьж өгөлгүй, тухайн шашин болон манж нарын бөөгийн эсрэг явуулсан бодлоготой хүртэл үзэлцэж байсан байдаг. Тува урианхайчууд бөө илүү юу, шашны ид шид зан үйл илүү юу гэдгийг өнөө хүртэл тэнсэн харсаар байдаг. Саяхан Тувад болсон хэрэг явдал нэн жигтэй шинж тэмдгийг харуулж байгаа юм. Дөрвөн сард аянга буух байтугай борооны сураг ч ар өвөр тайгын энэ нутагт байх учиргүй. Энэ бол байгал цаг уурын хувьд боломжгүй л зүйл юм. За яахав, аянга бууж болдог юм байж. Өнөө цагт дэлхийн уур амьсгал хэрхэн өөрчлөгдөж, ямар ч үзэгдэл гарч болохыг үгүйсгэхгүй гэсэн тайлбар хийж болно гэж бодъё. Тэгвэл заавал яагаад бурханы шашны ном залбирал уншиж, хурал хурах үеэр захиалгатай юм шиг ингэж аянга ниргэсэн нь тохиолдлын зүйл гэж үзэж болохооргүй л байгаа юм. Эрт дээр үеэс бөө нар шашны лам нарыг ихэд шоглон ид шидээрээ дээрэлхдэг байжээ. Тэнгэр шашин гэдгээ цаг ямагт батлахыг оролдож баталж ч ирсэн байдаг.

Урианхайчуудыг нэгмөсөн гартаа оруулж авах гэсэн манж нар бөө нарыг нь хамгийн түрүүлж баривчлан есөн эрүү тулган зүрх зоригийг нь мохоож, нийт ард түмнийг номхон хүлцэнгүй болгох арга хэрэглэж байжээ. Үүнээс болж Тагнын урианхайд шилийн сайн эрс олноор гарч ирэн бослого гаргах болсон байна. Энэ нь зэргэлдээх арван баядын хошуунд ч бас нөлөөлж байжээ. Тэрхүү сайн эрчүүдийг “гайхал” гэж нэрлэнэ. Гайхал нь эрэмгий зоригтой, эрс шийдэмгий зориг санаатай, үлэмж бяр тэнхээтэй, моринд эрэмгий, зүс царай төгөлдөр сайхан тийм л эрчүүд байдаг байж. Одоо ч гэсэн Увс аймгийн Тэс сумын баядууд сайхан зүс царайтай, эрэмгий эрийг “ ёстой гайхал байна даа” хэмээн хэлэлцдэг билээ. Гайхал Жамъян, гайхал Аръяа гээд түүх болж үлдсэн хүмүүс ч цөөнгүй. Тагнын урианхайн гайхалуудын ихэнх нь бөө нар байсан гэдэг. Барих гэж очиж буй тамгын тахруудыг хаана явааг нь төвөггүй мэргэлж мэдээд тэдний гараас зугтаж чаддаг байжээ. Тэхдээ үзэл санаагаа бөөгийн тамлагадаа шингээж, тэмцлийн уриа дуудлага болгож явжээ.

Урианхайн Пунцагжий гэж алдартай бөө шилийн сайн эр байсан аж. Түүнийг тамганы тахрууд барих гэж оролдоод барсангүй. Түүний хойноос хөөцөлдөх тусам урианхайн амбаны хамгийн хайртай  сайн морьдыг туугаад явчихдаг байжээ. Түүнийг нэг удаа гэнэдүүлэн барьж дээлийнх нь ханцуйнд улиас мод шургуулан тэлж, морины гэдэс доогуур хөлийг холбож хүлээд Улиастайд аваачиж байцаах юм болжээ. Зартай эрийг барьж ирсэндээ эрдсэн тахрууд ноёндоо айлтгаад “оруулаад ир” гэхэд нэгэн бялдууч тахар ташуураа далайсаар Пунцагжий бөө рүү гүйж очжээ. Тэгээд ядарсанд яр, чадарсанд чавх болж, нэр төр хөөцөлдөж сурсан зангаараа Пунцагжийгийн толгой руу буулгаад авчээ. Тэнзэн ташуур нь гайхал эрийн толгой дээр биш харин өөрийнх нь хар толгойг хага дэлссэн байлаа. Ноёноосоо магтаал сонсох гэсэн тэнэг тахар хар цусаа асгаруулан хашгиран мөлхсөөр нүднээс далд орсон гэнэ.

Хоёр хиа Пунцагжийг чирч гулдран ноёныхоо өмнө аваачаад “Нөгөө зартай дээрэмчин чинь...” гээд хартал тэр хоёр хөлстэй тохмын хоёр талаас бариад зогсож байсан гэнэ. Түүнийг барьсан ч яагаад ч хүлж тогтоож чаддаггүй байж. Нэг удаа бас л дөрвөн мөчийг нь дангинатал хүлж аваачаад байцаахаар үзтэл түүний чонон дахыг баадагнан боогоод очсон байжээ. Ийнхүү ид шид үзүүлээд байсан тул Пунцагжийн ид шидэнд бишрээд “үүнээс цааш дахин битгий хулгай хийгээрэй” гээд суллаж байсан гэдэг. Түүний ид шидийг мэдээгүй байхдаа Урианхайн Сенгин занги гэгч түүний хоёр хацрын ясыг ил гартал нь шаахайдаад буцаажээ. Пунцагжий гэртээ харьж очоод 7 өдөр 7 шөнө бөөлж Сенгин зангийн эхнэр хүүхэд ах дүү хамаатан саданд нь жатга гүйлгэжээ. Зангийн эхнэр гэрийнхээ баганаас шав шалдан чигээр тас зуураад хөх чулуу шиг хөшчихсөн, хүүхэд нь ээжийнхээ нууц эрхтээр оролдон тоглож байх. Харин өндөр настай аав ээж хоёр нь болох болохгүй үйлийг олны цугларсан газар хийх гэж нэр нүүр барсан мэдрэл гажиг хүмүүс болчихсон байлаа. Мэргэн хүнд очиж асуухад Пунцагжий гайхалын хийсэн жатга ийм байдал төрхийг үзүүлэхэд хүргэжээ гэсэн гэдэг. Сенгин занги Пунцагжий бөө-гайхалын өмнө сөгдөн гуйж, асар их өргөл барьц барьж байж энэ элдэв гаж байдалд орсон гэр орныхноо хуучин янзанд нь оруулж авч байсан гэдэг. Урианхай бөө нар шарын шашинд орж лам болсон харчуулд их дургүй, тэнгэрийн орон Монголоосоо урваж, Тангад орныг тэнгэр гэж дээдэллээ хэмээн үздэггүй байжээ. Элдэв ид шидийн аргаар лам  нарыг дарж номхтгох тохиолдол ч бий гэдэг.

Шашны суртал, манж нарын харгис бодлогын эсрэг тэмцэж байсан бөө нарын тамлага нэг иймэрхүү үг дуудлагатай байсан байна.

Ном гэгчийг мэдэхгүй би, цоохор цаас л байдаг

Лам гэгчийг мэдэхгүй би, тайрмал толгойтой тангараа буруу хэрүүлч нар

Далай ламд мөргөх юм бол далан гурав цавчуулна

Богд ламд мөргөх юм бол борви сүүжээ тас цавчуулна... гэж нисч дүүлж гардаг байсан санж. Дээр өгүүлсэн Тувад болсон аянга ниргэлтийг миний хувьд бөө, шашны хоорондын тэмцлийн нэгэн илрэл, судалж үзэх ёстой үзэгдэл, баримт хэмээн үзэж байна даа.

 

 

сэтгэгдэл үлдээх