Улс, Аймгийн цолтой таван бөхөөс сэргээш илэрлээ

Аливаа спорт шудрага, сонирхолтой өрсөлдөөнийг гол тулгуураа болгон оршин тогтнодог. Гэсэн ч шудрага өрсөлдөөн гэх тулгуурыг сэргээш буюу допингийн асуудал ганхуулсаар ирсэн. Манай улсын хувьд энэ асуудал сүүлийн жилүүдэд үндэсний бөхийн спорт дээр түлхүү яригдах болж Монголын допингийн эсрэг үндэсний төв шат дараалсан ажлуудыг хийж байгаагийн нэг нь бөхийн өргөө болон бөхийн дэвжээдэд ажиллах болсон явдал. Үүний дагуу өнгөрсөн онд заал танхимын барилдааны үеэр 35 бөхийг шинжилгээнд хамруулсан байна. Ийнхүү дээжийг БНСУ-ын Шинжлэх ухааны техникийн институтын Допингийн хяналтын лабраторид шинжлүүлсэн бөгөөд дээжийг хоёр шилэнд савлаж А сорьцыг шинжлүүлжээ. Шинжилгээний хариугаар 5 бөхөөс допинг буюу сэргээшийн төрлийн бодис илэрснийг МҮБХ-нд эхний байдлаар танилцуулаад байна. Гэхдээ бөхчүүдийн нэрсийг зарлах журмын хугацаа болоогүй гэлээ. Тус бөхчүүд А сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхөөс татгалзвал Б сорьцыг 14 хоногийн дотор шинжлүүлэх боломжтой. Тиймээс одоогоор Б сорьцын хариуг МҮБХ хүлээж байна.

Хэрвээ тус таван бөхийн Б сорьцын хариу дахин эерэг гарвал МҮБХ хариуцлага тооцно. Хариуцлага тооцохдоо наадмаас бусад үед авч байгаа шинжилгээ учраас сэргээш хэрэглэсэн бөхийн цолыг хураах боломжгүй.  Харин тухайн бөхийн барилдах эрхийг 2 жилээр хасах мөн шинжилгээний зардлыг бүрэн төлүүлэх журмын заалттай. Хэрвээ сэргээшийн зөрчил давтан илэрсэн бол 5-8 жилээр барилдах эрхийг нь хасах хүртэл шийтгэлийг оногдуулах юм.

сэтгэгдэл үлдээх