“АРДЧИЛЛЫН ӨРГӨӨ” БАРИГДВАЛ АН БАЙРТАЙ Л ЮМ БАЙНА

0
722

АН уг нь Монголын том намуудын нэг. Тэр утгаараа том байртай, том санхүүтэй байх учиртай. Гэвч сүүлийн жилүүдэд АН-ынхан дарга, удирдлага болсон хүнийхээ хувийн барилгад “толгой хоргодсоор” ирэв.

Түүхийг нь харах нээ, ингэж явах учиргүй нам ажээ.2000 онд таван нам нийлсэн. Нэг нь МСДН байв. Тэр нам 1990-ээд оноос Ардчилсан социалист холбооны нэр дээрх СТӨ-ний “хүзүүвч” дэх байрыг өвлөж авсан. 2006 онд “соцдек” Н.Алтанхуяг АН-ын дарга болоод “хүзүүвч”-ний байраа АН-ын төв байр болгожээ. АН анх удаа байртай болсон нь тэр аж.

АН-ынхан дунд 2008 оны үед “…“Ардчиллын өргөө”-тэй болъё” гэдэг санаачилга гарч, түүнийг хэрэгжүүлэх ажил эхэлжээ. Учир нь 2010 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой болно гээд АН-ынхан хөөрч явсан үе. Тухайн үед АН-ын генсек нь Д.Эрдэнэбат байв. АН-ын байрны талбай нь 502 мкв байв. Газар дээр нь бариx барилгын нэг давxрын талбай 2200 мкв байна гэсэн тооцоо гаргажээ.

Ингээд “Ардчиллын өргөө” бариx fundraising буюу хөрөнгө босголтын кампанит ажлыг эхлүүлж, гишүүдээс болон компаниудаас жил шахмын хугацаанд нэлээдгүй мөнгө цуглуулжээ. Түүгээрээ “Ардчиллын өргөө”-ний зураг төсөл, инженерийн тооцоолол гаргах,  хуучин хүзүүвчийн барилгыг нурааx, суурийн нүxийг уxаx ажлыг амжуулсан байгаа юм. Тэгээд дуусгасан байна. Даxиж xөрөнгө босгож чадаагүй, бүтэн хоёр жил хүзүүвч байсан тэр газарт ухсан нүх, овоолсон шороо, хураагдсан өр хуримтлагдав. Ядахад яр гэгчээр суурийн газрыг ухаж байхдаа УДБЭТ-ын бохирын шугам сүлжээг бүхэлд нь гэмтээж, өрөнд оржээ.

Ингэж явсаар АН-ын Гүйцэтгэх зөвлөл 2013 оны есдүгээр сарын 10-ны өдөр хуралдаж шийдвэр гаргасан байна. Тухайн хурлын протоколоос  харахад Н.Алтанхуяг “…”Ардчиллын өргөө” цогцолбор барилгын ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн барилгын суурийг дуудлага худалдаагаар худалдаалах ажлыг Ц.Оюундарьд даалгасугай. Бид хэд дээр нэг ярьсан. Ажлын хэсэг байгуулсан. Одоо энийг Ц.Оюундарь даргад даалгая”, Ц.Оюундарь “…Түрүүчийн Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар яг ийм даалгавар даалгасан. Түүний дагуу дэлгэрэнгүй танилцуулга хурал хийсэн байгаа тэгээд шийдвэр гарсан байгаа”, Н.Батбаяр “…Дуудлага худалдааг хаалттай зарахаар хэтэрхий хямдхан зарчихлаа. Тэрэндээ энэндээ зарчихлаа гээд бас л бөөн PR болно шүү”,  Н.Алтанхуяг “…Ямар нэгэн байдлаар нээлттэй дуудлага худалдаагаар зараад, эндээс байрныхаа зардлыг хаагаад гарсан зөрүү мөнгөөр нь тэгнээ гэж юм хэлэх ёстой. Тэгвэл хүмүүст ойлгогдоно. Зөрүү мөнгөөр яахын гээд дээр ярьсан чинь манайхан их олон янзын санал хэлсэн л дээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд залуучуудын юм босгоно гэсэн. Зайсан толгой дээр нэг босгоно гэсэн. Гэхдээ хүнд л хүрсэн юм хийе. Зарим цэцэрлэг барихад мөнгийг нь хандив өгье гэсэн. Тэгвэл илүү хүнд хүрнэ гээд байгаа юм. Түүнээс бид байраа зараад мөнгөө хуваагаад идсэн л нэр зүүнэ”, Н.Батбаяр  “…Тэгээд л удирлага л авсан гэж хардаад, тийм үү”,   Л.Болд “…Тэр зөрүү мөнгийг ардчиллыг баталгаажуулсан юманд л өгөх ёстой”, А.Гансүх “…Заавал “Ардчиллын ордон” гэж нэрлэнэ. Тийм болзол тавьсан”, Ц.Оюундарь “…Товчхон танилцуулахад гурван төрлийн болзол тавьж байгаа юм. Нэгдүгээрт, “Ардчиллын өргөө” гэдэг нэрийг хадгална. Хоёрдугаарт, хүмүүсийн тоосго зараад 500 саяын хандив өгсөн байгаа. Тэрний мөнгийг гаргаад нөгөө цогцолбор дээр бичнэ. Гуравдугаарт, ардчиллын түүхийг харуулсан музей байгуулна. Талбай гаргана тэгэхээр ямар ч байсан Ардчиллын өргөөн дотор хүн ороод ямар нэгэн үзэсгэлэн үздэг л байх ёстой”,  Ц.Оюундарь “…Гүйцэтгэх зөвлөлийн өмнөх тогтоолын ажлын хэсэг хуралдаад ийм шийдвэр гаргасан. Нэлээн дэлгэрэнгүй танилцуулга байгаа. Тэрэн дээр “Ардчиллын өргөө” цогцолборыг 2012-2013 оны нийт санхүүжүүлсэн өртөг нь нэг тэрбум 357 сая байгаа. Гүйцэтгэсэн ажлын хүлээлэгдсэн төлбөр нь 341 сая. Ингээд нийтдээ нэг тэрбум 700 сая суурь үнэ буюу гаргасан зардал”, А.Гансүх “…Байршил юмаа бодоод эдийн засгийн үр өгөөжөө бодоод ирхээр өөр дүн гарч магадгүй” гэсэн ярианууд гарч шийдэлд хүрчээ.

Удалгүй дуудлага худалдааг 2013 оны есдүгээр сарын 27-нд задалж, дүнгээ гаргажээ. Тэгэхэд Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк хоёроос материал ирсэн байв.

Улаанбаатар хотын банкны төлөөлөл н.Цолмонбаатар “…Нийт төслийн үнэлгээг 12 тэрбум гэж үзсэн. Бэлнээр долоон тэрбум төгрөгнөөс доошгүй мөнгөн хэлбэрээр гаргана. …Манай хувьд эхний ээлжинд тодорхой хэмжээний мөнгөн төлбөр гаргаад мкв-ыг талбайгаар шилжүүлнэ гэдэг бол энэхүү төсөлд орж байгаа онцлог зардал.  Манай зүгээс бэлнээр 7долоон тэрбум бэлнээр энэ төсөлд төлнө. Талбайн хэмжээг 1500-2000 мк хүртэл талбайг ард түмний өмчид шилжүүлнэ. Энэ талбайн өртгийн тухайд гэвэл  барилгыг барих  өртгөөр нь тооцвол тав орчим тэрбум төгрөгний өртөгтэй барилга байгаалдаа. 2000 мкв-ыг 1500 орчим ам.доллараар тооцвол манай байгуулгын зүгээс 12 тэрбум төгрөгөөр үнэлээд авья гэсэн саналтай байна”, мөн тэрээр “…Бид нар зурагтай маш сайн танилцсан. Эхний таван давхар бол 2230н мк,  зургаан давхраас дээшээ бол  нэг давхрын хэмжээ нь 865 мкв юм байна. Доторх ашигтай талбай гээд аваад үзэхээр эхний таван давхар бол цэвэр үйлчилгээний чиглэлийнх байдаг.Тэрнээс дээшээ давхруудад гэвэл ихэвчлэн оффисийн чиглэлийн талбайнууд байна” , н.Байгаль “…Дээр нь манай өөрийн болзол байгаа шүү дээ. 2200 мкв гэж. Тэгэхээр та нарын болзол манай шаардлагыг хангахгүй байна гэж үзээд байна. Харин долоон тэрбум бол ойлгомжтой болсон”, Ц.Оюундарь “…Ер нь бол бид нэгдүгээр давхрыг л авъя гэсэн зорилгой байгаа шүү дээ, дангаар нь” гэж ярилцсан байна. Үүний дараа Худалдаа хөгжлийн банкны төлөөлөл болох хуулийн зөвлөх Ц.Пүрэвтүвшин “…Нийт гарах өртөг хугацаа хэзээнээс эхэлсэн зэргээс шалтгаалаад үнэлсэн. Улаанбаатар банкны саналаас бага байна л даа.Үүнийг бид 8.5 тэрбум гэж тооцсон. Төслийн үнэлгээ гэж тооцоод байгаа юм. Үүнээс бид зургаан тэрбум төгрөгийг бэлнээр төлөөд 1000 мкв-ыг олон нийт буюу ард түмний өмчид шилжүүлнэ. Энэ 1000 мк талбайн зардлыг цаашид манай компани хариуцаад цаашид төслийг хэрэгжүүлнэ гэсэн санал гаргаж байна. Манай саналаас Улаанбаатар банк хамаагүй өндөр саналтай байна. Тэгэхээр бид одоо шууд 8.5 тэрбумаас 12 тэрбум гэж өсгөх боломжгүй” гэв. Дараа нь н.Байгал “..Бид 2200 мкв гээд яриад байхад 1500 мкв гээд дараа нь дайраад байвал яах вэ. Бид чинь бас үүрэг хүлээсэн комисс. Бидний шаардлагад хүрэхгүй болчихоод байна. Тэгэхээр үүнийг та нар зөвлөлдөх ч юм уу, яах вэ. Мэдээж та хоёрын албан тушаал хүрэхгүй ч юм уу тийм асуудал байна уу” гэхэд н.Цолмонбаатар “…1500-2000 мкв гэдэг чинь яг яаж гарсан бэ гэхээр дээшээгээ талбайн хэмжээ жишээ нь 30:30 хэмжээтэй барилга байгаа. Тэрний талбайн хэмжээ 860-аад мкв байгаа.Хэрвээ тэндээс авах юм бол нэг давхрын талбайн 1000 мк болно. Хэрэв доод талын таван давхраас авлаа гэхэд ойролцоогоор 2000 мкв гэж гаргасан. Та бүхэн шаардлага хангахгүй буцаая гэсэн шаардлага тавьж байна. Тэгэхээр манай зүгээс ерөнхийдөө бэлэн мөнгөөр долоон тэрбум төгрөг хэвээрээ, талбайн хэмжээг 2200 мкв  болгож та бүхний шаардлага хүлээж авах боломжтой” гэжээ. Үүний дараа АН-ынхан зөвшилцөөд ажлын хэсгийн ахлагч Ц.Оюундарь “…За юуны түрүүнд манай энэ төслийг худалдах дуудлага худалдаанд саналаа ирүүлж оролцсон танай хоёр банкинд талархлаа илэрхийлье. Дуудлага худалдааны комисс ярилцаад шийдлээ гаргалаа. “Ардчиллын өргөө” цогцолбор төслийн оролцогчид тавих шаардлагууд болзлын дагуу долоо дахь заалтыг хангана гэдгээ илэрхийлж, 2200 мк-аас доошгүй талбай, нэг бүтэн давхрыг олон нийтийн өмчлөлд өгнө. Бэлнээр долоо тэрбум төгргийг төлнө гэсэн болзлоор Улаанбаатар хотын банкинд “Ардчиллын өргөө” цогцолбор төслийг худалдахаар шийдвэрлэлээ. Та бүхний ажилд амжилт хүсье” гэснээр энэ ажил дуусчээ.

Ингээд долоон тэрбум төгрөгийг АН авчээ. Мөн “хүзүүвч” дэх АН-ын байрны суурин дээр босох байшингаас 2200 мк талбайг үнэ төлбөргүй авахаар болсон байна.

Энд нэг тайлбар байдаг байна. АН-ын дансанд долоон тэрбум төгрөг орохоос Улаанбаатар хотын банк өмнө нь АН-ын авсан зээлүүдийг хүүтэй нь хамт суутган авч үлджээ. Энэ суутгал нь гурав орчим тэрбум төгрөг болсон байгаа юм.  Өөрөөр хэлбэл, дөрвөн тэрбум төгрөг АН-ын дансанд орсон байна.

Удалгүй З.Энхболдыг АН-ын дарга, Л.Эрхэмбаярыг генеск болоход Н.Алтанхуяг, Ц.Оюундарь тус намын дансан дахь 2.1 тэрбум төгрөгийг хүлээлгэж өгчээ.

Энэ бүхнээс АН байргүй биш байртай юм байна. Харин тэр нь эхлээд баригдах ёстой ажээ.

Эх сурвалж:Зууны мэдээ сонин

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу