Баасан, 2 сар 26, 2021

Мат, Пат хоёр ба С.Амарсайхан, Д.Сумъяабазар нар

-УОК-оос илүү эрх мэдэлтэй НОК-

Мат, Пат гэж бүтэлгүй хоёр эрийн тухай хүүхэлдэйн киног манай уншигчид андахгүй мэдэх биз ээ. Манайхаар бол Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисс хоёрын шийдвэр шиг л гэсэн үг. Ялгаатай нь, Мат Пат хоёр багаж сайтай, С.Амарсайхан, Д.Сумъяабазар хоёр хүний нөөц муутай. Өөрөөр хэлбэл, “Муу дээрээ муу. Муухай дээрээ улцан” гэгчээр манай хоёр дарга гаргах шийдвэр бүртээ санал зөрж, түүнийгээ камерын өмнө ичих ч үгүй дэлгэчихнэ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн өмнө үгээрээ “барьцалдаж” байгаа хүмүүс олны нүднээс далд “зодолддог” болов уу гэх яриа ч хаа сайгүй гарчээ.     Анх хотын даргаар томилогдож байхдаа “Би дээшилж байна уу, доошилж байна уу гэдгээ сайн хэлж мэдэхгүй байна” гэж байсан Д.Сумъяабазар ажлаа аваад дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл хөлөө олдоггүй цэрэг аятай ажлынхаа учрыг олоогүй л явна.  Уг нь бол цар тахлын хариуцлагатай үед зөв менежменттэй, хурдан шуурхай ажиллах ёстой байтал чуулганы танхимаас хүн загнахаас өөр дорвитой юм ер хийсэнгүй. Оны өмнөх түүний удаа дараа гаргасан будлиу шийдвэрүүдийн талаар энэ удаад нуршихгүй өнгөрье. Харин УОК-ын шийдвэр, санал бүрийг эрс үгүйсгэсэн, илт эсэргүүцсэн үйлдлийг удаа дараа гаргаж, “адраад” байгаа нь түүнийг Улсын онцгой комиссын даргаас өөрийгөө дээгүүрт тавьж буйг илтгэнэ.  

Нэг жишээ дурдахад, шинэ Засгийн газар хоёрдугаар сард хөл хорио тогтоох эсэх талаар шийдэлд хүрч чадахгүй олон хоног хуралдсан. Энэ үеэр хотын мээр Д.Сумъяабазар Эрүүл мэндийн яамнаас гаргасан саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, “Хатуу хөл хорио тогтоох нь цар тахлыг хазаарлах боломжтой ч  цаашдын урт хугацааны аж амьдралаа бодож ухаалаг шийдэхийн тулд хатуу хөл хорио тогтоох нь зөв шийдэл биш. Улаанбаатар хотод дахин бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж, хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж болон иргэдийн үйл ажиллагааг хааж зогсоомооргүй байна” хэмээн ажлаа аваад удаагүй шинэхэн сайд нарыг төөрөгдүүлж орхисон.

Ингээд УОК-ын шуурхай штабын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл дахин хуралдаж, Сар шинийн баярын өдрүүдээр нийслэлд 12 хоног хатуу хөл хорио тогтоож, хөдөлгөөнийг 90 хүртэл хуваарь бууруулах санал гаргасан. УОК-ыг Засгийн газар эцэслэх хуулийн зохицуулалтын дагуу энэ санал өчигдөрхөн албажлаа. Долоо хоногийн өмнө гаргасан дээрх саналыг баталгаажуулах хүртэл хөл толгой нь мэдэгдэхгүй хэд хэдэн шийдвэр гаргаад зөв, буруу гэх хэрүүлийн алим Төрийн ордон төдийгүй иргэдийн дунд ч “өнхөрч” багагүй бухимдал үүсгээд амжсан.

Гэтэл “Дайран дээр нь давс” гэгчээр Шадар сайд С.Амарсайхан “Нийслэл дэх хүнсний дэлгүүр зэрэг үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хатуу хөл хорионы хугацаанд хязгаарлана” гэсэн нь сошиалаар нэг түгсэн. Энэ бүхнийг ажиглаж байсан Д.Сумъяабазар өнгөрсөн мягмар гарагт “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г зохион байгуулах төлөвлөлтийг орон зайн мэдээллийн нэгдсэн системд оруулж, бэлэн болгосон талаар мэдээлэл хийх үеэрээ “Иргэд  дэлгүүр ажиллахгүй зэрэг мэдээлэлд төөрөгдөж байна. Иргэдэд маш ойлгомжтой, энгийн байдлаар мэдээлэл хүргэх нь чухал байна. Нийслэлийн онцгой комисс, Улсын онцгой комисс хоорондын уялдаа холбоог маш сайн хангаж өгөх хэрэгтэй” хэмээн албаныхныг бангадаад авсан. 

Угтаа бол УОК-оос гаргасан шийдвэрийг НОК хэрэгжүүлэх атал хоёр дарга нь зөрсөн, зөрчилдсөн, эсэргүүцсэн, нэгнээсээ илүү гарах гэж улайрсан байдалтай байгаа нь НОК-ын дарга нь УОК-ын даргаа хүлээн зөшөөрөхгүй байгааг нотолж байх шиг.  Гэхдээ өчигдөр нийслэлд 12 хоногийн хатуу хөл хорио тогтоох эцсийн шийдвэрийг УОК, НОК-ын удирдлагууд зэрэгцэж сууж байгаад олон нийтэд танилцуулсан.   Гэвч энэ нь тэднийг атгасан гар шиг ажиллана, хөл хорионы өдрүүдэд өрнүүлэх арга хэмжээнүүдээ будилахгүй, олны бухимдал, уцаарыг “идэхгүй” гэх баталгаа огт биш бөгөөд харин ч тэдний зөрчилдөөн, “би”-гийн “өвчин” дөнгөж эхэлж байж мэдэх юм. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын аюул айл айлын хаалгыг тогшсон энэ хүнд үед дарга нар нь энэ мэтээр учраа олохгүй, эрэмбэ дараагаа мэдэхгүй зөрүүдлээд, “хэнхэглээд” байвал энэ удаагийн хөл хорио “Мат Пат”-ын адил үлгэр болж, улам их эрсдэл, аюул авчрахыг сануулах нь зүйтэй биз ээ.  

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

Х.НЯМБААТАР НАМДАА ГАЙ АВЧРАХ ВИЙ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР Х.БАТТУЛГА ЯЛАГДВАЛ ТӨМӨР ЗАМЫН ЗЭРЭГ ХЭРГЭЭР НЬ ХУУЛИЙН ӨМНӨ АВЧРАХААР ТЭСГЭЛ АЛДАЖ БОЛОХ Ч ХЭТИЙДСЭН ЭРХ МЭДЭЛ, УЛАЙРСАН АЖИЛЛАГААНУУД НЬ ТҮҮНЭЭС ӨМНӨ...

Х.БАТТУЛГА, У.ХҮРЭЛСҮХ ХОЁР ЕРӨНХИЙ САЙДЫН ӨРӨӨНД ЗОДОЛДСОН ГЭВ ҮҮ

2021 оны нэгдүгээр сарын 21-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцорсон дуулиан дарагдаагүй байна. У.Хүрэлсүхийн гэнэтийн шийдвэрийнхээ дараа Ерөнхийлөгчийн тухай ноцтой үгнүүд хэлсэн. Харин Ерөнхийлөгч...

Шүүгчийн эхнэр бичлэгийг авсан уу, эсвэл хууль хяналын гүйцэтгэх ажиллагаа тэнд өрнөсөн үү гэдэг нь нууц хэвээрээ байна- Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүгч...