Ням, 2 сар 28, 2021

Өнөөдрөөс эхлэн хэрэгжих онцлох ХУУЛЬ, ШИЙДВЭРҮҮД

Энэ 2021 онд хэрэгжих онцлох хууль, журмуудыг багцлан хүргэе.


ДААТГУУЛАГЧИД ШААРДЛАГАТАЙ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БҮХ ЗАРДЛЫГ ЭМД-ЫН САНГААС ТӨЛҮҮЛНЭ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх шинэ хуулиар даатгуулагчийн эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлийг хуваалцах, даатгалын үр шимийг хүртээх үүднээс эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн дээд хязгаарыг өнөөдрөөс мөрдөхгүй.

Ингэснээр даатгуулагчид эрүүл мэндийн эрсдэл учирсан үед шаардлагатай тусламж, үйлчилгээний бүх зардлыг ЭМД-ын сангаас төлүүлэх бүрэн боломж бүрдсэн гэсэн үг. Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын жилийн дээд хязгаарыг хоёр сая төгрөг байхаар тогтоосон. Гэхдээ энэ дээд хязгаарт өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээ, хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний зардал хамаарахгүй байхаар зохицуулсан байдаг.

ХӨНГӨН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮМҮҮСТ ЦАХИЛГААН БУГУЙВЧ ЗҮҮЛГЭЖ, ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАНА

Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хорих ял биш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж цахим бугуйвч зүүлгэхээр болсон билээ. Эрүүгийн хуульд заасан уг ял нь 2021 оны нэгдүгээр сарын 1 буюу өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх юм.

Энэхүү ял нь  хэрэгт холбогдсон этгээдийн хувийн зан төлөв, үйлдсэн гэмт хэргийн нийгэмд учруулсан хор уршгийг харгалзан заавал хорих ял оноож нийгмээс тусгаарлахгүйгээр ажил хөдөлмөр эрхлэх, гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхийн зэрэгцээ сурч боловсрох эрхээ эдлэх, давтан гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бууруулах зэрэг нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой хэмээн албаныхан үзэж байгаа юм. Цахим бугуйвч хэрэглэснээр улсын төсөвт хорих ял эдлүүлэх зардлаас гурван тэрбум төгрөг хэмнэгдэнх бөгөөд хэрэв цахилгаан бугуйвчийг тайлах, таслахыг оролдвол хорих ял болгон хүндрүүлж шийтгэх аж.

 ЦЭЦЭРЛЭГҮҮД ДЭРГЭДЭЭ ЯСЛИ АЖИЛЛУУЛНА

Засгийн газраас 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 12 ба түүнээс дээш бүлэгтэй хүүхдийн цэцэрлэг дэргэдээ ясли ажиллуулахыг зөвшөөрсөн. Яслийн нэг бүлэг 1-2 насны 15-аас ихгүй хүүхэдтэй, нэг багш, хоёр туслах багштай байх юм. Тоглоомоор хангах, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх болон бусад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгана. 2021-2022 онд төрийн өмчийн 60 цэцэрлэгийн дэргэд ясли ажиллах бөгөөд дөрвөн жилийн хугацаанд 240 цэцэрлэг яслитай болох юм.

Эдгээрт амьжиргааны түвшин доогуур, хүүхдийн эрүүл мэндийн өсөлт хөгжил сул, анхаарал халамж зайлшгүй шаардлагатай болон бусад хэлбэрийн 3600 хүүхэд хамрагдана гэсэн судалгаа гарчээ. 2022-2023 оны хичээлийн жилээс төрийн бус өмчийн цэцэрлэгийн дэргэд ясли ажиллуулахыг дэмжсэнээр жилд хамгийн багадаа 8000 орчим хүүхэд яслид явах боломж бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Хэнтий, Сэлэнгэ аймгийн хоёр яслийн бүлэгт 130 хүүхэд байгаа бол Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт хүүхдийн клиник сувилал ажиллаж байна.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ 17 ХУВЬ ХҮРТЭЛ БУУРУУЛНА

Монгол Улсын 2021 оны  төсөвт тусгагдсанаар цар тахлын эрдсэлтэй үед нийт иргэдийн орлогыг хамгаалах, нийгмийн туслалцаа дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа эмзэг бүлгийн иргэдийн халамжийг нэмэгдүүлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа Засгийн газрын арга хэмжээг 2021 онд хэсэгчлэн үргэлжлүүлэхээр болжээ. Тодруулбал, шимтгэлийн чөлөөлөлтийн арга хэмжээг 2020 оныг дуустал олгогч таван хувь, даатгуулагч таван хувь байхаар тооцож холбогдох хуульд өөрчлөлт оруулсан.

Тэгвэл 2021 оны төсвийн төсөлд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид ажиллаж байгаа даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг /НДШ/ бууруулахаар тусгажээ. Одоо 20-22 хувь байгаа НДШ-ийг  2021 оны нэгдүгээр сар 1-нээс буюу өнөөдрөөс  долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл 3-5 пунктээр бууруулж 17 хувьд хүргэх юм байна.

2021 ОНД ТӨСВӨӨС ЖДҮ-ИЙН ЗЭЭЛ ОЛГОХГҮЙ

Монгол Улсын 2021 оны төсвийн жилд Засгийн газрын тусгай сангуудаар дамжин нийт 5,284.6 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэх бол үүний 94.6 хувь буюу 4.998.1 тэрбум төгрөг нь Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Эрүүл мэндийн даатгалын сангуудын зарлага, 5.4 хувь буюу 286.5 тэрбум төгрөг нь бусад тусгай сангийн зардлуудыг тусгажээ.

Харин 2021 оны төсөвт  ЖДҮ-ийг дэмжих сангийн зардлыг тэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, ЖДҮДС-нд 2021 оны төсвөөс нэг ч төгрөг олгохгүй, зөвхөн өмнө нь олгосон зээлийн эргэн төлөлтөөр санхүүжүүлэх юм.

БАГА АНГИЙН СУРАГЧИД ҮДИЙН ХООЛ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАНА

2021 оны хичээлийн жилээс эхлэн 1-5 дугаар ангийн суралцагчид “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдаж эхлэх бөгөөд 2023 он гэхэд 1-12 дугаар ангийн бүх суралцагчид үдийн хоол хөтөлбөрт хамрагдах юм.

Боловсрол шинжлэх ухааны яамны суралцагчийн хоол үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.ТҮМЭНЖАРГАЛ:

-2019 оны тавдугаар сард Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэр үйлчилгээний хууль батлагдсан. Энэ хуулийн гол зорилго нь хүүхдийг өдөрт авах ёстой илчлэг, шим тэжээлд таарсан хоолоор нь хангах. Эрүүл мэндийн яамнаас хийсэн хүн амын хоол тэжээлийн байдлын үндэсний 5 дугаар судалгаагаар 6-11 настай хүүхдийн 22.2 хувь нь илүүдэл жинтэй,  7.3 хувь нь өсөлт хоцролттой гарсан. Эдгээр эрүүл зөв хоол хүнсийг зохистой хэмжээгээр хэрэглээгүйтэй холбоотой. Тиймээс манай улс хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалсан дээрх хуулийг баталсан чухал асуудал юм. Үдийн цай, үдийн хоолны ялгаа нь хоногт авах илчлэгийн хэмжээ өөр. Тодруулбал, үдийн цай хүүхдийн хоногт авах шим тэжээлийн 10-15 хувийг авч байгаа бол үдийн хоол нь 30-35 хувийг авна. Хууль энэ есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийг үе шаттай хэрэгжүүлнэ.

Хуулийг хэрэгжүүлэх тухай 53 дугаар тогтоолын дагуу 2021 оны  есдүгээр сарын 1-нээс ерөнхий боловсролын сургуулийн 1-5-р ангийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт бүрэн хамруулна. 2022 оноос 6-9 ангийн сурагчид, 2023 оноос 10-12 ангийн сурагчид хамрагдана. Өөрөөр хэлбэл, 2023 оноос ерөнхий боловсролын сургуулийн сурагчид “Үдийн хоол” хөтөлбөрт бүрэн хамрагдана гэсэн үг.

Мөн хоол үйлдвэрлэл үйлчилгээний хуулийг үе  шаттай хэрэгжүүлснээр төр өөрөө сургуулийн гал тогоог хариуцаж ажиллуулдаг болно. Тиймээс ажиллах хүний нөөцийг бэлтгэх, гал тогоог стандартын шаардлага хангуулах, хүнсний хангамжийн тогтолцоог шийдвэрлэх зэрэг олон бэлтгэл ажил шаардлагатай. Энэ бэлтгэл ажлыг хангуулах хүрээнд холбогдох төрийн төрийн бус байгууллага, олон улсын байгууллага төсөл хөтөлбөрүүдтэй хамтарч ажиллаж байна.

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

Х.НЯМБААТАР НАМДАА ГАЙ АВЧРАХ ВИЙ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР Х.БАТТУЛГА ЯЛАГДВАЛ ТӨМӨР ЗАМЫН ЗЭРЭГ ХЭРГЭЭР НЬ ХУУЛИЙН ӨМНӨ АВЧРАХААР ТЭСГЭЛ АЛДАЖ БОЛОХ Ч ХЭТИЙДСЭН ЭРХ МЭДЭЛ, УЛАЙРСАН АЖИЛЛАГААНУУД НЬ ТҮҮНЭЭС ӨМНӨ...

Х.БАТТУЛГА, У.ХҮРЭЛСҮХ ХОЁР ЕРӨНХИЙ САЙДЫН ӨРӨӨНД ЗОДОЛДСОН ГЭВ ҮҮ

2021 оны нэгдүгээр сарын 21-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцорсон дуулиан дарагдаагүй байна. У.Хүрэлсүхийн гэнэтийн шийдвэрийнхээ дараа Ерөнхийлөгчийн тухай ноцтой үгнүүд хэлсэн. Харин Ерөнхийлөгч...

Шүүгчийн эхнэр бичлэгийг авсан уу, эсвэл хууль хяналын гүйцэтгэх ажиллагаа тэнд өрнөсөн үү гэдэг нь нууц хэвээрээ байна- Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүгч...