ГАМШИГ буюу "Замын стрессийн синдром"
ГАМШИГ буюу "Замын стрессийн синдром"
Амь наана, там цаана "бензин"-ий домгийн үргэлжлэлээ дахин сөхье.
Зүгээр л ГАМШИГ гээд нэрлэчихье. Нийслэл Улаанбаатарт маань төмөр сүргийн гамшиг нүүрлээд бүх ажил үйлс, бүр бүх амьдрал ахуйг минь хуйгаар нь хоёр гамшиг руу чирлээ.
- Бензиний төлөө дайн;
- Дахиад "тэг зогсолт" руу чирлээ.
Худал биш үү?
Нийслэлд түмэн зовлон байгааг ойлгож байна. Ядуурал, гуйранчлал, мөнгөгүйтэл, хүнс барааны хомсдол, байгаль орчны гамшиг, өвчин үхэл, гэмт хэрэг, бас нүүрсний сонсгол, өөр юу ч юм. Дээр нь шинэ жилийн баярууд. Гэтэл энэ бүхнийг хол давсан, дагуулахааргүй том гамшиг бол авто машины их түгжрэл, замуудын бөглөрөл–техник талаасаа, гол нь сэтгэхүйн талаасаа машин барьсан бариагүй бүх хүн ардын тархи нервийг ёстой нэг идэж өтүүлж байна аа! Яг одоо дугаарын тэгш сондгойн улс төрийн синдром тархи руу шууд харвалаа!
Гадаадын эрдэмтэд олоод тогтоочхож гэнээ. Замын түгжрэл нь эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж, нас баралтын түвшинг ахиулдаг гэж дүгнэжээ.
“ЗАМЫН СТРЕССИЙН СИНДРОМ” гэж сэтгэл мэдрэлийн ноцтой өвчин байдаг гэнээ. Энэ нь
- Түгжрэл дэх стресс нь хүнийг хяналтгүй болгодог. Үргэлжлэх хугацааг урьдчилан таамаглах боломжгүй тул бухимддаг. Бухимдал нь тархиа иддэг.
- Зам дээр түгжирсэн бөөн стресстэй нөхөр гэртээ ороод гэр бүлийн түрэмгийллийг өдөөдөг. Хэт түгжрэлтэй өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэл 9%-аар өсдөг болохыг тогтоожээ.
- Таргалалт, бодисын солилцооны элдэв эмгэгт (олон цаг хөдөлгөөнгүй сууснаас хөшилт, шээсээ удаан барьснаас давсаг бөөр гэх мэт маш олон төрөл) хүргэдэг.
- Бохирдсон агаарт давхар хордоно. Замын түгжрэл дунд машины яндангийн хийн түвшин нэмэгддэг, ердийн жолоодлогын үеийнхээс 76% илүү, тэр бүхнийг зам дээр амсана амьсгална гэжээ.
Гадаадын эрдэмтдийн энэ дүгнэлтийг монголчууд олж үзээгүй л дээ. Үзсэн ч үл тооно. Орчин цагийн монгол хүний нэг онцлог, бүр наагаад нялзаачихмаар онцлог чанар гэж байна аа. Тэр нь юу вэ? Тэр бол асар их мөнгөөр (баячууд-олигархи, авилгач улс төрчид, төрийн тэрбумтнууд) асар их зовлон өөртөө худалдаад авчихдаг, дундчууд ба ядуус нь бас л хэрдээ таарсан мөнгөөр хэрдээ таарсан зовлон худалдаж авдаг, миний олж харснаар шүү. Би өөрөөр нэрлэх арга алга.
Худалдаж авсан зовлонгоо эдэлж барж байгаа царай нь зам дээр хэдэн цаг түгжрээд бензин шатахууны гарз хийгээд машин дотроо дэлбэрчих шахаад сууцгааж байгаа нь энэ. Машин худалдан авлаа, том том жийпээ лизинг ба өр тавьж авлаа, залгуулаад зовлон дагалдлаа. Бүх амьдрал нь Улаанбаатарын давчуу зам дээр машин дотор нь өнгөрөх нь байна. Бас бензиний уртаас урт цуваанд жагсаж. Энэ чинь жаргал уу, зовлон уу?
Нийслэлийн Засаг дарга, ЗДТГ байтугай, Монголын төр-засаг тэр чигтээ замын түгжрэлээр дагнаж ажиллах цаг айсуй. УИХ-ын тусгай онцгой чуулган олонтаа зарлах, Засгийн газар зөвхөн нийслэлийн замын түгжрэлийн асуудлаар үе үе хуралдах, тэгээд ямагт мухардах цаг мөдхөн ирнэ гэдгийг би баттай хэлж чадна. Улаанбаатарын замын түгжрэлийн асуудлаар Улсын хэмжээний лут лут зөвлөгөөн шил дарах цаг айсуй! Улаанбаатарын замын түгжрэлийг засаж чадсангүй гээд Засгийн газрууд шил даран огцрох цаг бүр ч айсуй!
Үй түмэн шийдэл ярих байх, тэгнэ ингэнэ гэж амны билгээр баахан ярина, тэгээд шийдчихнэ, ингээд шийдчихнэ, төсөвт төдөн тэрбумыг суулгана, Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банкнаас төдөн сая доллар авч хотын түгжрэлийг шийдэх боллоо гэсэн мэдээ ярилцлага хөвөрч өгнө. Гэвч хэзээ ч шийдэгдэхгүй, энэ янзаараа бол лав хорь, гуч, дөчин жил ярьсаар хэрэлдсээр, зам дээрээ бөглөрсөөр байх болно. Улаанбаатарын нийт тэнгэрийг бүрхсэн агаарын засмал зам тавиад ч түгжрэл үргэлжилнэ, тэр баттай. Метро, агаарын галт тэрэг, нийтийн нэн шинэ тээвэр, ер нь юу ч байгаад нэмэр болохгүй.
Ерөөсөө шийдье гэсэн ардчилсан бүх сонголт нурна, баларна. Авто замыг ардчилалтай холбоод би гөвдөг. Тэгж холбодог нь хүний эрх, эрх чөлөө, машин худалдан авах, жолоо барих эрх чөлөөг нь би хэлж байгаа ухаантай юм. Бас монголчуудын машины шуналын дэв тархи зүрхэнд нь үүрд шингэснийг хэлж байгаа юм. Машин авсан л бол барьж л таарна–хаашаа ч бултан зайлах аргагүй бодит үнэн. Харин машины тансаглал, зиндаархал, хачин чамин, үнэтэй ганган машинтай байгаад хэрэг байна уу гэх асуулт босож ирж магадгүй. Үй түмэн приүс дотор чихэлдэн (нэгэнтээ нисээд явчихаж чадахгүй!) оочерлож ганц хоёрхон метрээр урагшлах түгжрэл дунд тэр ганган гоё үнэтэй машиныг нь тоож харж байгаа нэг ч амьтан алга. Ганган гоё үнэтэй машин, чамин дугаараар хүн айлгадаг цаг нь өнгөрчихсөн юм биш үү?
Монголчууд 33 дахь жилдээ эрх чөлөөгөө эдлээд дур зоргоороо амьдраад байж байгаа царай нь нийслэлийн энэ их түгжрэл мөнөөсөө мөн л дөө. Мөчөөрхөл, шунал, бардамнал, цамаархал, сагсуурал, энэ бүгд чинь замын түгжрэлийг нөхцөлдүүлжээ.
Хүний эрх, эрх чөлөө хэтрэхээрээ ийм юм болдог юм байна. Насанд хүрсэн хүн бүхэнд автомашин худалдан авах эрх чөлөөг нь эдлүүлсээр, одоо ч эдлүүлээд, жилдээ олон арван мянган автомашин импортлоод байж байгаагийн үр дүн нь нэг мэдэхнээ ийм аймшигт гамшиг болон хувирчээ. Явж явж замын цагдаагийн дарга, дарга аснууд жолооны үнэмлэх хэтэртэл нь өгчихсөн хэргээр шоронгийн хаалга татаж золигтох юм биш байгаа? Буруутныг хайсаар явж явж ялтнаар тэд тодорч тун мэднэ шүү. Энэ хатуу өвөл хэд хэдэн удаа тэг зогсолт хийчихсэний дараа ялтан буруутныг хайна, тэр мэдээж болчхоод байна. Тэсрэлт гарцаагүй.
Мөнгөтэй холилдсон эрх чөлөөгөөрөө давагдашгүй их зовлон авчрав аа, хөөрхий. Явж явж улс нийтээрээ түгжрэлдээ дасан зохицож, үлдэх бүх амьдралаа түгжрэл дунд үргэлжилнэ хэмээн төлөвлөж тооцох ёстой боллоо. “Түгжрэлийн подкаст # төд” гэсэн ганц нэг мэдээлэл ганц нэг сайт дээр явдагсан, одоо больсон уу? Уг нь тийшээ ороод хий дэмий амаа цангатал яриад (арав, хорин жил ярина даа) сэтгэлээ онгойлгоод байхад зүгээр байсансан.
Чи бичихээс өөр юу ч мэдэхгүй, юу санал болгох гээд байгаа юм гээд над руу довтлогтун. Надад алдаж хохирох зүйл байхгүй тул саналаа шууд биччихье. Чухам төр-засаг нь тоож авдаг нь юу юм гэхээс.
- ЕТГ, УИХ, Засгийн газар, ЗГХЭГ үлгэрлээд дарга нар нь ийм шийдвэр гаргагтун: Ажлын таван өдөрт албан хаагчид нь хувийн машинаараа ажилдаа ирж очихгүй!
- Төрийн өндөрлөгүүдээс жишээлээд Төрийн бүх яамд, агентлагуудын сайд дарга нар яг ийм шийдвэр гаргагтун: Ажлын таван өдөрт албан хаагчид нь хувийн машинаараа ажилдаа ирж очихгүй!
- Төрийн байгууллагуудын шийдвэрээс үлгэр аваад нийслэлийн баруун, зүүн 4 замын хооронд байрлах хувийн хэвшлийн бүх компани, хувийн байгууллагуудын ажилтнууд ажлын таван өдөрт хувийн машинаараа ажилдаа ирж очихгүй!
- Хувийн машинаа ажлын бус цагт, Бямба, Ням гаригт цаг наргүй унахыг зөвшөөрөх!
- Нийслэл дэх энэ их захуудын нэн яаралтай хотоос албадан нүүлгэгтүн!
- Нийслэлд ажиллаж амьдрах эрх бүхий иргэдийн тодорхойлолт, шалгаруулалтын журам нэвтрүүлэгтүн! Нийслэлд байх зайлшгүй хэрэгцээ шаардлага бүхий мэргэжил, мэргэжлийн дадал гэх мэт. Нийслэлд ажиллаж амьдрах гавьяатай иргэн гэсэн шалгуур тавьсан ч яадаг юм!?
- Нийслэлд байхгүй байхад огт дутагдахгүй үй түм, буман иргэдийг нийслэлээс гаргагтун. Ирсэн аймаг, сум руу буцаагтун!
- Аж үйлдвэрийн парк хотоо Сайншанддаа яаралтай байгуулаад тэр гурав дөрвөн зуун мянган иргэнээ нүүлгэгтүн!
Үүнээс гадна өмнөх нийтлэлүүдэд бичсэн саналууд хүчинтэй хэвээр шүү.
Жишээ нь баруун 4 замаас зүүн 4 зам хүртэл ажлын цагуудад явуулах машины марк, он, өнгө үзэмж, тав тухыг заая, тэгвэл ялгараад ирнэ, ихэнх нь явахгүй болно. Эсвэл монголчуудыг машин барих, машинд суухаас өөр ажилтай болго. Өөр зүйлээр оролдуул. Тархи сэтгэлтэй нь ажилла.
“Машингүй 7 хоног”, “Машиныг жигших 10 хоног”, “Машингүй зөв сар”, өөр юу ч гэдэг юм баахан аян, кампани өрнүүл. Эсвэл машин зардаг бизнесийг хавч. Машин оруулж ирж зардаг сүлжээ, төмөр сүргийг өөгшүүлдэг тэр механизмыг тодорхой хугацаанд хаа. Шатахууны үнийг чөлөөлөөд үнийг тэнгэрт тулга. Картаар олгодог бол. Зайлшгүй хэрэгцээт ажлын машинд бензин олго, хувийн машинд зөвхөн амралтын өдрүүдэд үйлчил гэхчлэн хувилбар зөндөө байна аа байна!
Таны хариу үйлдэл юу вэ?