Тойм: Яаралтай тусламжийн тасагт хоногт 500-600 хүүхэд ирж байна

Тойм: Яаралтай тусламжийн тасагт хоногт 500-600 хүүхэд ирж байна

"NEWS" агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.

"ТОМУУ ДААМЖИРВАЛ ТАРХИНЫ ЦАГААН БОДИСЫГ ГЭМТЭЭЖ ХҮҮХЭД УНТАА БАЙДАЛД ОРДОГ"

Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж, бага насны хүүхдүүд зонхилон халдвар авч, өндөр халуурч байна. Иймд энэ төрлийн халдварын шинж тэмдэг хэрхэн илэрдэг, урьдчилан сэргийлэхэд юуг анхаарах талаарх зөвлөмжийн талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн эмч А.Оюунчимэгээс тодрууллаа.

– Томуу, томуу төст өвчний дэгдэлт ид тархаж байна. Энэ жилийн хувьд танай эмнэлгийн ачаалал хэр байна вэ?

– Томуу, томуу төст нь цаг үе, улирлын шинжтэй өвчин л дөө. Монгол орны хувьд эрс тэс уур амьсгалтай учраас улиралтай холбоотой өвчлөлүүд олон байдаг. Өвөл нь томуу, зун нь үерийн дараах гэдэсний халдвар илүүтэй тархдаг. Өвлийн улирлыг дагаж ирдэг амьсгалын замын өвчин, томуугийн вирус нь амьсгалын замаар агаарт цацагдаж, бусад хүн түүнийг амьсгалснаар гар, хамар, амаар дамжин халдвар тархдаг. Томуу, томуу төст өвчин нь хүйтэн сэрүүний улиралд эрчимтэй нэмэгдэж дэгддэг. Жил бүрийн энэ үед ачаалал өндөр байдаг.

Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт энгийн үед хоногт дунджаар 200-300 хүүхэд тусламж үйлчилгээ авдаг. Одоо бол 500-600 хүүхэд ирж байна.

Энэ жилийн онцлог нь томуугийн тархалт олон жилийн дунджаас 14 хоногийн өмнө эхэлж байна. А хүрээний H3N2 вирус нь хоруу чанар ихтэй, уушгины хатгаагаар хүндрүүлдэг. Зарим нэг тохиолдолд суулгалт өвчин болон бөөлжиж хүндэрч хүүхэд шоконд ордог. Цаашлаад, бүр даамжирвал тархины цагаан бодисыг гэмтээж хүүхэд унтаа байдалд орох тохиолдол ч бий. Тийм учраас бид энэ томуугаас урьдчилан сэргийлэхийн тулд томуугийн вакцинжуулалтыг хийдэг. Энэ жилийн вакцинжуулалтыг нэлээн эрт хийсэн. Хамрагдсан байдлаас ажиглавал харьцангуй бага байна. Учир нь иргэд томуугийн вакцины тухай ойлголт багатай эсвэл улаан бурхны вакцинтай андуурах тохиолдол гарч байгаа.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

"ГАНДАНГИЙН ДЭНЖ ГЭР ХОРООЛОЛ БИШ СОЁЛЫН ӨВ"

Улаанбаатар хотын музей. 2025 оны 11 дүгээр сарын 24. Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач Г.Очбаяр. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

–Нийслэл хотын удирдлагын зүгээс Гандангийн дэнжид газар чөлөөлөлт хийж, аялал жуулчлалын чиглэлээр тохижуулна гэж мэдэгдсэн. Гэтэл хотын төвд байрлах энэ дэнж тэр чигээрээ улсын тусгай хамгаалалттай бүсэд хамаардаг. Хэн нэгэн дарга бүтээн байгуулалт нэрээр айлуудыг нүүлгэн шилжүүлж, дур мэдэн газар чөлөөлөх нь зөв үү?

-Гандантэгчинлэн хийдийг анх 1838 анд Гандантэгчинлэн хүрээ нэртэйгээр байгуулж байсан түүхтэй. Бид энэ дэнжийг гэр хороолол гэж харахаас илүүтэй хүрээний төлөвлөлтөө хэрхэн орчин үеийн болгож, хадгалж авч үлдэх вэ гэдгийг ярих ёстой. Гэтэл өнөөдөр энэ тусгай хамгаалалттай бүсийн нэг хэсгийг нурааж, ногоон байгууламж байгуулах нь түүхэн хүрээ зохион байгуулалтыг алдагдуулж байгаа эсэхэд яаралтай дүн шинжилгээ хийх шаардлагатай. Одоогийн төлөвлөлт зөв үү, буруу юу гэдгийг маш сайн судлах ёстой. Хэрвээ энэ дэнж дээр шинэ бүтээн байгуулалт хийх гэж байгаа бол хүрээ зохион байгуулалтыг хадгалж үлдэх хэрэгтэй.

Яагаад Гандантэгчинлэн хийдийг суурьшлынх нь бүстэй нь хадгалан авч үлдэх шаардлагатай вэ. Учир нь энэ дэнж Улаанбаатар хотын цор ганц хүрээний зохион байгуулалттай газар буюу түүхэн бүс гэдгээрээ онцлог.

Гандангийн дэнж бол хотын төвд үлдсэн хамгийн сүүлчийн гэр хороолол. Яагаад бид маш их ач холбогдол өгөх ёстой вэ гэхээр Улаанбаатар хотыг үндэслэсэн хүрээ зохион байгуулалтыг уламжилж, хадгалж үлдсэн бүс. Одоогийн Улаанбаатар хот хуучин Богдын хүрээ, Нийслэл хүрээ, Их хүрээ гэх мэт олон нэртэй байсан. Хүрээ гэж ямар төлөвлөлтийг хэлэх вэ. Нэгдүгээрт, дугуй хэлбэртэй байдаг. Хоёрт, тэрний дунд ордон бий. Өөрөөр хэлбэл, ордонг тойрсон гэр суурьшлын бүс байна. Гуравт, ордны урд хэсэгт өргөн талбай байдаг. Одоо цагт тэр талбай нь өргөн гудамж болсон. Дөрөвт, хүрээ зохион байгуулалтад байгаа бүх хашаа урагшаагаа харсан хаалгатай. Энэ дөрвөн хэв шинжийг агуулж байгаа бол хүрээ зохион байгуулалт юм. Тэгэхээр бид маш болгоомжтой хандаж, судалгаа хийх ёстой. Тэрнээс биш хэн нэгэн дарга гарч ирээд "Би ингэж өөрчлөх гэж байна" гэдэг байдлаар асуудалд хандмааргүй байна. Хотын дарга Х.Нямбаатар хэтэрхий хүч түрж ажил хийж байна. Уг нь энэ ажлыг хийхээсээ өмнө мэргэжлийн судлаач, түүхчид, оршин суугчдаас санал авч, хэлэлцүүлэг өрнүүлэх шаардлагатай байсан. Нэг үеэ бодоход хот төлөвлөлтийн чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн судлаачид олон болсон. Энэ хүмүүсээсээ саналыг нь авах ёстой байсан. Иргэдийн оролцоотой шийдэл байх ёстой.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

"БАЯЛГИЙН САНГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН СИСТЕМИЙГ ЗАСАХАД АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ"

Шангрилла, Улаанбаатар. 2025 оны 11 дүгээр сарын 20. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч, эдийн засагч Б.Лхагважав. Гэрэл зургийг О.Болорсувд/News.mn

–МАН дүрэмдээ "Намын дарга Ерөнхий сайд байна" гэдэг хуучин заалтаа оруулж баталсан ч МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын дарга боллоо. Одоогийн улс төрийн нөхцөл байдалд тааруулж, Их хурлаас дээрх шийдвэр гаргасан гэж ойлгож болох уу. Энэ томилгоо МАН-ын хагаралд цэг тавьж чадсан гэж ойлгож болох уу?

-Би МАН-ын гишүүний хувьд эрхээ эдэлж, намын даргад өрсөлдсөн. Одоогийн нөхцөл байдалд МАН-ын дарга нь УИХ-ын дарга болохоос өөр аргагүй гэдгийг мэтгэлцэж байхдаа ч хэлсэн. Хоёрт, УИХ-д олонх болсон улс төрийн нам УИХ-аа эмхлэн байгуулдаг дүрэмтэй. Үүнээс өөр альтернатив хувилбар байхгүй. Эрх баригч намын дотоод зөрчлийн улмаас парламент эзэнгүй болсон. Сая нэг хэсэг Засгийн газрын тэргүүнгүй ч байж үзлээ. Институци хоорондын зөрчлийн асуудлыг Үндсэн хуулийн Цэц шийдвэрлэх ёстой. Үндсэн хуулийн Цэц энэ асуудлыг авч хэлэлцэж, шийдвэрлэсэн. Өмнө нь 2018 онд бас ийм үйл явдал болж, УИХ-ын дарга болон Ерөнхий сайд хоёрын хооронд зөрчил гарч байсан удаатай. Тухайн үед Ерөнхий сайд Цэцэд хандсан боловч хуралдахаас нь өмнө УИХ асуудлаа шийдвэрлэж байсан юм. Энэ бол хувь хүмүүсийн маргаан биш учраас Үндсэн хуулийн Цэц шийдэх ёстой.

Миний хувьд МАН-ын шинэ даргад амжилт хүсч байна. Парламентад олон нам, эвслийн төлөөлөл бий. Ойрхон маш чухал шийдвэрүүдийг гаргах шаардлагатай.

Би МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр, УИХ-ын дарга Н.Учрал Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилогдоод удаагүй байхдаа ЕвроАзийн гэрээ байгуулахаар ОХУ-ын Минск хот руу явж байсан. Дараагаар нь БНХАУ-ын Хөх хотын олон улсын экспод оролцох гэх мэт ажлын шугамаар хамт явсан. Үүнээс гадна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Татварын багц хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Арилжааны тухай хууль, Танхимын тухай хууль гээд маш олон хуулийг яаман дээр багцалж байсан. Одоо МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын дарга болсон учраас бидний хамтран хийж байсан хууль эрх зүйн ажлууд урагшлах болов уу гэж бодож байна.

–Ер нь МАН-ын Их хурал хэр ардчилсан, ил тод нээлттэй болж өнгөрөв?

-Эрх баригч намын асуудал хоёр сарын хугацаанд нийгмийг хямралд орууллаа. Төр нь тогтворгүй, төвшин биш болохоор түмэн олон маш их бухимдалтай байлаа. Тиймээс эрх баригч нам ямар нэгэн байдлаар хурлаа хийж, үүссэн асуудлыг шийдэх ёстой байсан.

МАН-ын Их хурлаар 2255 төлөөлөгч цугларсан хэдий ч танхимаас нэг ч нэр дэвшигч гарч ирэхгүй байгаа нь сонин байгаа биз.

Би намын гишүүний хувьд эрхээ эдэлж, МАН-ын даргад өрсөлдсөн. Яг үнэндээ МАН-ын Их хурлаас өмнө бүх хүн нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн. Тэр талаас та бүхэн дүгнэнэ биз. МАН-ын 2255 төлөөлөгчөөс намын даргад өрсөлдөх нэг ч хүнгүй байна гэдэг бол юу хийж, яаж зохион байгуулсныг харуулж байна.

–Удирдах зөвлөл бол намын уураг тархи гэдэг. МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурлын гишүүдийн бүрэлдэхүүнийг шинээр сонголоо. Ерөнхийлөгчийн талын төлөөллийг түлхүү сонгосон гэх шүүмжлэл дагуулж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Миний хувьд өмнө нь хоёр удаа заалнаас Бага хурлын гишүүнд нэр дэвшиж байсан. Би социал демократ нам болоход нь "Манай нам хэрвээ энэ коммунист намаасаа социал демократ нам руу бүрэн шилжиж байгаа бол шударга ёс, эрх чөлөө, тэгш байх ёстой. Тийм учраас намын гишүүддээ, хурлын төлөөлөгч нартаа тэгш бололцоо олгож, Бага хурлаа бүрдүүлээч" гэдгийг хэлж байсан юм. Гэхдээ тэр үед ч гишүүдээ хайрцаглаж байсан бол өнөөдөр ч бас тэгж байна.

Уг нь болдог бол дараагийн Их хурлаараа 50 хувийг нь заалнаас буюу төлөөлөгчид өөрсдөө сонгогдох эрхээ эдлэх нь зөв болов уу.

Яваандаа энэ бүхэн өөрчлөгдөх байх. Одоо бол МАН-ын дарга өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлэхэд Бага хурлын баг бүрэлдэхүүн дэмжиж, ажил саадгүй явахад илүү үр дүнтэй байна байх. Гэхдээ хувь улстөрчийн авьяас чадвар мэдэх хэрэг. Нөгөө талаасаа намын Удирдах зөвлөлд залуу хүмүүс сонгогдсон. Салбар салбарын шинэ үеийн залуус нэг талдаа гарч, үзвэл үзье, амжилт олвол олъё гэдэг байдлаар ажиллана гэж харж байна.

–Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй уулзах үеэрээ ОХУ-ын банк салбараа Монголд нээх зөвшөөрлийг олгоход бэлэн гэдгээ илэрхийлсэн. Эдийн засагч хүний хувьд үүнийг хэр зөв алхам гэж харж байна вэ. Ингэснээр дотоодын арилжааны банкуудын зээлийн хүү буурах болов уу?

-Монгол Улсын хувьд ОХУ-аас шатахуун, эрчим хүч импортолж байна. Нийт 2.3 тэрбум ам.долларын шатах, тослох материал худалдан авч байна. Уул уурхайн салбар энэ хоёроос шууд хамааралтай. Бид 2017, 2018 онд Дубайн нэмэлт гэрээний дараа банкны системээ барууныханд өгсөн. Оюултолгойд арилжааны 16 банк хөрөнгө оруулагч болсон. Хоёрт, ОХУ болон Украины дайнаас болж бизнес эрхлэгчид маш хүнд байдлаар мөнгөн гуйвуулга хийж байна. Нөгөө талаас АНУ-тай учраа олж, ялангуяа манайх 100 хувь хамааралтай байдаг учраас банкны системийн нэг данс нээлттэй байх ёстой.

Яагаад гэвэл бид аж амьдралтай тусгаар тогтносон улс шүү дээ. Тэр талаасаа хандаж байгаа болов уу.

Мөн ЕвроАзийн худалдааны гэрээнд Монгол Улс орж, 375 бараа бүтээгдэхүүнийг хоёр тал харилцан татваргүй нийлүүлнэ. Ингэхийн тулд эхний хийх ажил нь санхүүгийн гүйлгээгээ яах вэ гэдэг асуудал тулгарна. Танхимууд хоорондоо санхүү мөнгө, барааны чанарын асуудал, бизнесийн процесс үргэлжлэх ёстой гэж харж байна.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

Эх сурвалж: news.mn