Гэрчийг оролцуулаагүй сонсгол
Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар, нийт 9 өдрийн турш зохион байгууллаа.
ДНБ-тэй тэнцэхүйц хэмжээний мөнгө хулгайлсан тухай ярьж буйг эрх баригчид анхааруулж, сөрөг хүчнээ үүнтэй холбоотой гэж сурталчилж ирсэн ч сонсголоор хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь өөрсдөө болж таарав.
Төрийн өмчит компаниудад хууль гэхээсээ илүүтэй намын шийдвэр үйлчилдэг бөгөөд их наяд, тэрбумаар тооцогдох тендерийг ч дарга тушаавал зогсоочихдог болохыг сонсголын үеэр гэрчүүдийн амнаас бид сонслоо.
Байгалийн гамшиг, шатахуун, эрчим хүчний хомсдолтой зэрэгцээд шинэ жил давхцсан энэ үед сонсголоо хийсэн эрх баригчид урьдаас бэлтгэсэн жүжиг тоглов. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ч энэ хэрэгт холбогдож буй талаар өөрсдөө анхлан сэвсэн ч эцэстээ өөрөө аваагүй, туслах, дотныхонтой нь харлуулсан тухай мэдээ цацаад эхлэв.
Гуя дагуулж хүзүү гэдэг шиг Д.Амарбаясгаланг албан тушаалаа өгвөл нүүрстэй холбоотой асуудлыг орхих тухай яриа өрнөсөн талаар улс төрийн хүрээнийхэнд шуугилдах болов.
МАН-ын дотоод тэмцэл туйлдаа хүрсэн төдийгүй жоомоо устгах гээд гэрээ шатаав гэгч болчих гээд байгаа учраас энэ сонсгол эцэстээ асар их хэмжээний ашиг орлого олсон хулгайчид нь баатар болоод дуусав. Гэхдээ хэний хэн, хэрхэн яаж холбогдсон талаар зах зухаас нь иргэд мэдэв. Тэр нь дийлдэж буй талынхнын нэрс бөгөөд нүүрсний хулгайн хамгийн том гэрчийг сонсголд оролцуулаагүй нь энэхүй үйл явдал жүжиг байсныг нотлоод өндөрлөв.
60 тэрбумын схем, ЖДҮ-ийн сангийн зээл, Хөгжлийн банкны хулгайн адилаар Нүүрсний хулгай араас нь хэн ч хариуцлага хүлээлгүй, түүнтэй холбоотойгоор эрх мэдэлгүй хэдэн нөхрийг золигт гаргах нь нэн тодорхой болсон бөгөөд үүнд нь цагаан цаас шиг улныхан итгэхгүй гээд яах вэ гэсэн шиг ихэд маадгар өнгөрөв.
Л.ХАЛИУ
Таны хариу үйлдэл юу вэ?