Дахин төлөвлөлтийн хохирогчид Сэлбэ дэдээр үргэлжилсээр...

Дахин төлөвлөлтийн хохирогчид Сэлбэ дэдээр үргэлжилсээр...

хамааралгүй болохыг мэдэгдсэн захидлыг 2025 оны аравдугаар сарын 16-нд иргэн О.Урангоод ирүүлсэн явдал. Тэрээр захидалдаа “АХБ-ны санхүүжүүлсэн төслийн хүрээнд дотоод шалгалт хийхийн зэрэгцээ холбогдох талуудтай уулзалт хийсэн. Эдгээр хэлэлцүүлэг, шалгалтын үр дүнд таны гомдол нь АХБ-нд холбоогүй болохыг баталгаажуулж байна” гэсэн хариу иржээ.

Гэсэн хэдий ч төсөл хэрэгжүүлэгчийн сурталчилгааны самбарт хөрөнгө оруулагч АХБ-ны лого байсаар байна гэсэн юм. Төслийн хүрээнд 113 блок барилга баригдаж 2027 онд дуусна. Энэ хэрээр газар чөлөөлөлт үргэлжлэх юм.

 

Х.Нямбаатар 70, 30 хувь гэсэн захирамжаа цуцалбал орон байртай байх эрхийг хангана

 

Монгол Улсын иргэн болж төрсний нэг давуу эрх байдаг. Амьдралдаа нэг удаа, үнэгүйгээр газар авч, үнэгүй өмчлөх эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулсан. Иргэддээ ийнхүү газар өмчлөх эрхийг баталгаажуулсны зорилго нь хүний амьд явах, орон гэртэй, өмч хөрөнгөтэй, амьжиргаатай байх эрхийн суурь баталгаа юм. Гэвч Нийслэлийн захирагч Х.Нямбаатар дахин төлөвлөлтөөр чөлөөлөх талбайд хамрах нийт өрхийн 70 хувь нь зөвшөөрсөн бол 30 хувийн эрх ашгийг харгалзахгүйгээр шууд албадан нүүлгэн шилжүүлэх тухай захирамж гаргажээ. Үүний дагуу 2025 оны А/635 тоот захирамж гаргаж Албадан нүүлгэх ажлын хэсгийг 10 гаруй хүнтэй байгуулж ахлагчаар нь өөрийнхөө нэгдүгээр орлогч Д.Даваадалайг томилжээ. Ажлын хэсгийн нөхөд эдгээр иргэдийг айлгах, дарамтлах тактик хэрэглэж байгааг хохирогчид хэлсэн. Тэр бүү хэл, шударгаар үнэлгээ хийх компани хохирогчдод олдохгүй байгаа аж. Мега төслийг гацаагчдад үнэлгээ хийсэн компанийн эрхийг цуцална гэж дарамталсан учраас хэн ч үнэлгээ хийж зүрхлэхгүй байна. Мөн энэхүү "70, 30" гэсэн захирамжаа цуцлахгүй бол энэ байдал үргэлжилсээр байх нь.

Олон улсын туршлагаар нийгмийн зайлшгүй хэрэгцээнд иргэний газрыг авахдаа төр заавал зөвшилцлийн шат дамжлагыг бүрэн хэрэгжүүлэх ёстой. Мөн нүүлгэн шилжүүлэлтийн боломжит бүх хувилбарын талаар иргэдтэй нээлттэй хэлэлцэж тохиролцоонд хүрэх ёстой.Тохиролцоонд хүрсэн тохиолдолд иргэдэд нүүх хангалттай хугацаа олгох, нөхөн олговрыг нээлттэй ил тод шударгаар тогтоох нь зайлшгүй шаардлага юм. Мөн нүүлгэн шилжүүлэлтийн улмаас иргэд орон гэргүй болох амьжиргааны эх үүсвэрээ алдах, хүүхдийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ тасалдах зэрэг эрсдэл үүсэхээс төр сэргийлэх үүрэгтэй гэдгийг Хүний эрхийн төлөөх “Оюутолгой хяналт” ТББ-ын төлөөлөл Д.Сүхгэрэл хэлж байна.

Хохирогч иргэн О.Урангоо УИХ-ын гишүүн Хүний эрхийн хорооны дарга С.Эрдэнэболд болон Хүний эрийн комиссын гишүүн С.Дондов нарт гомдол гаргасан. Түүний гомдлыг хүний эрхийг хангаж шийдвэрлэж өгөхийг Сэлбэ дэд төвийн төслийнхөнд албан тоотоор уламжилсан байдаг. Мөн Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн төслүүд хөгжлийн банк доноруудын санхүүжилттэй хэрэгжиж байгаа. Тэдгээр санхүүжүүлэгч байгууллагуудын Байгаль орчин, Нийгмийн хамгааллын бодлогод нийцүүлэн ажиллах үүргийг төсөл хэрэгжүүлэгч хүлээдэг юм. Хэрэгжүүлэхгүй байгаа хэдэн том зарчим ба стандарт байна. Үүнд, нөхөн олговор нь тухайн өмч хөрөнгийн дахин олж авахад хүрэлцэхүйц буюу өнөөдрийн зах зээлийн үнээр тооцсон болон амьжиргааг дордуулахгүй байх зарчмуудтай.Түүнчлэн санхүүжүүлэгчийн нүүлгэгчийн стандартын дагуу нүүлгэлтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ёстой гэсэн хэм хэмжүүртэй. Өөрөөр хэлбэл, нүүлгэлтэд өртөх иргэдтэй зөвлөлдөн, зөвшилцөж батлах бөгөөд тэр хэрэгжүүлэх эзэн биетэй, төсөвтэй болон хяналт тавих механизмтай байх ёстой. Эдгээр шаардлагуудын огт хэрэгжүүлэхгүй байгаагаас иргэд ийнхүү үе дамжин хохирсоор байна.Тиймээс санхүүжүүлэгч байгууллага нь манайд хамаагүй гэх үндэслэлээ тайлбарлах, төсөл хэрэгжүүлэгч нь иргэдээ дарамтлахаа больж тэдэнтэйгээ зөвшилцөх нь хүний эрхийг дээдлэх ёс зүйд нийцнэ. Монгол Улсын Үндсэн хуульд иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах, өмчтэй байх, ялгаварлан гадуурхагдахгүй байх эрхтэй. Мөн хувийн өмч болон газартай холбоотой хүний эрхийг зөвхөн хуулиар хязгаарлах бөгөөд хуулиас бусад хэм хэмжээгээр уг эрхийг хязгаарлахыг бүрэн хязгаарласан. Хувийн өмчийн эрхийг төрөөс бусад эрх зүйн оролцогч этгээд өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур шилжүүлэн авах боломжийг бүрэн хязгаарласан. Мөн улсын тусгай хэрэгцээ болон нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эрхийг төр өөртөө шилжүүлэн авахдаа нөхөн олговор, үнийг төлөх үндсэн баталгааг тодорхой хуульчилсан болно.Иймд иргэний өмчлөлийн гэрчилгээтэй газрын өмчлөлийн эрхийг өөрчлөх, эзэмшлийн болгох, хураан авах, хүч хэрэглэн албадан нүүлгэх нь Үндсэн хуулийн зөрчил гэж үзнэ хэмээн заажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин