Л.ОЮУН-ЭРДЭНЭ АТГ-Т 894 ХУУДАС МАТЕРИАЛ ӨГЧ, Б.ЭНХБАЯР ГҮТГЭЛЭГ ГЭЖ МЭДЭГДЭВ

Л.ОЮУН-ЭРДЭНЭ АТГ-Т 894 ХУУДАС МАТЕРИАЛ ӨГЧ, Б.ЭНХБАЯР ГҮТГЭЛЭГ ГЭЖ МЭДЭГДЭВ

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюунэрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяртай холбоотой байж болзошгүй авлигын асуудлаар мэдээлэл хийж, нийт 894 хуудас материалыг Авилгатай тэмцэх газарт хүлээлгэн өгсөн тухай мэдэгдлээ.

Тэрээр хэлэхдээ, бэлтгэсэн материалыг дөрвөн багц асуудалд хуваасан бөгөөд “Бодь”-той холбоотой оффтейк гэрээний асуудал, нүүрсний сонсголтой холбоотой үйл явц, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт холбогдох байж болзошгүй авлигын шинжтэй асуудлууд, мөн холбогдох гэрч нотлох баримтуудыг багтаасан гэж тайлбарлав. Түүний мэдээлснээр Б.Энхбаяр нь “Бодь Интернэшнл” компанийн захирал болон бусад хүмүүстэй уулзах үеэр хоёр удаагийн уулзалтаар нэг удаад 500 мянган ам.доллар, дараагийн удаад 800 мянган ам.доллар буюу нийт 1.3 сая ам.доллар бэлнээр авсан байж болзошгүй гэх мэдээлэл байгаа аж.

Мөн нүүрсний экспорт, оффтейк гэрээтэй холбоотой асуудлыг дурдан, 2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын валютын нөөц 2.7 тэрбум ам.доллар хүртэл буурсан тухай хэлээд тухайн үед Засгийн газрын хуралдаанаар валютын нөөц буурсан шалтгааныг тодруулах асуудлыг хэлэлцсэн гэв. Энэ үеэр ЭТТ – ийн нүүрсний тодорхой хэсэг “Бодь”-той холбоотой оффтейк гэрээний хүрээнд урьдчилан борлуулагдсан байсан тул нүүрс экспортод гарч, гаалийн бүртгэлд орж байсан ч валютын орлого бодитоор орж ирэхгүй байх асуудал үүссэн байж болзошгүй гэж тайлбарласан юм.

Харин уг мэдэгдлийн дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мөн мэдээлэл хийж, Л.Оюун-Эрдэнийн хэлсэн зүйлсийг баримтгүй гүтгэлэг хэмээн няцаав. Тэрээр “Намайг 1.3 сая ам.долларын авлига авсан гэж ярьж байна. Хэрэв үнэхээр хоёр цагийн бичлэг, гэрч байгаа бол ил гаргах хэрэгтэй. Юуг нь нуугаад байгаа юм” хэмээн мэдэгдсэн юм. Мөн өөртэй нь холбоотойгоор Арцатын аманд хаустай, машин авлигаар авсан, нисдэг тэрэгтэй холбоотой гэх зэрэг мэдээллүүд ор үндэсгүй гэж тайлбарлав.

Түүнчлэн оффтейк гэрээний зарим нь Л.Оюунэрдэнийн тэргүүлж байсан Засгийн газрын үед “Бодь” компанитай байгуулсан гэрээнүүд байсан гэж хэлээд, нүүрсний асуудал болон бусад холбогдох хэргүүдийг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа бөгөөд тус байгууллага нь Хууль зүйн сайдын харьяанд ажилладаг бүтэц биш, харин прокурорын байгууллагын хяналт дор ажилладаг гэдгийг онцолсон байна.

Ийнхүү хоёр улстөрчийн хооронд өрнөсөн энэ маргаан одоо АТГ – ын шалгалтаар тодорхой болох бөгөөд улс төрийн хүрээнд анхаарал татсан шинэ дуулиан болон өрнөж эхэллээ.