Н.Учрал, Г.Занданшатар нарын шадарлах, удирдах цаг эхэллээ

Н.Учрал, Г.Занданшатар нарын шадарлах, удирдах цаг эхэллээ

Намын зовлон улсын зовлон болохдоо тулчихаад буй үйл явдал эрх баригч МАН-ын дотоодод үргэлжилж багагүй хугацааг ардаа орхилоо. Төрсөн ах дүүсийн ил, далдаар төрийн сэнтийг эзэрхсэн үйл явдал, УИХ-ын даргын авлига, албан тушаалын ээдрээ гээд эрээвэр хураавар өдөр хоногуудын ард төрийн хэрэг саатаж, түмний сэтгэл зовнисон ийм цаг үед Ардын нам адармаатай явдлаа нэг талд нь гаргаж дуусгалаа. 

Хоёр өдөр хуралдсан Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас нэгдүгээрт, намын даргаа сонгосон бол хоёрдугаарт дүрэм журмаа хэлэлцэж, эцэслэсэн явдал олны анхаарлын төвд байв.

МАН-ын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал УИХ-д гурав дахь удаагаа сонгогдсон бол Засгийн газрын танхимд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга,  Г.Занданшатарын танхимд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байгаа. Одоогийн ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай гар нийлж ажиллана, нэг зүгт харна гэсэн итгэл үнэмшил нь түүнийг ийнхүү МАН-ын дарга болох замыг нь зассан гэж хэлж болно.  

Тэрбээр эв нэгдлийг хангаж ажиллахын зэрэгцээ авлига, ашиг сонирхлын хэргүүдэд нэр холбогдоод буй намыхнаа гишүүдэд шүүхээр гэм буруугүй нь нотлогдох хүртэл улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Г.Занданшатартай нэг цул болж цаашаа явна, Засгийн газар тотвортой байх ёстой гэдэг байр суурийг ч мөн илэрхийлсэн нь намын дарга боллоо гээд засгаа авна гэсэн үг биш бололтой. Тогтвортой байдал нэн чухал энэ цаг үед Занданшатарын засаг руу шунана гэдэг өөрөө байж болохгүй асуудал л даа. Тэгэхээр тэдний дараагийн нүүдэл бол тогтвортой засаглал, шинэчлэгдсэн МАН гэсэн имиж бүрдүүлэх явдал.

Шинэчлэгдсэн МАН-ын нэг гол хэсэг бол тус намын үндсэн дүрмийн өөрчлөлт,  намын хөтөлбөр буюу хичээн эрмэлзэх зүйлийн нэмэлт, өөрчлөлтийн төслөө хэлэлцэн баталсан явдал.

УИХ-аас Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн баталснаар улс төрийн намууд 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө намын дүрэм, хөтөлбөрөө шинэ хуульд нийцүүлэн шинэчлэх шаардлага үүссэн.  

Энэ дагуу өнгөрөгч МАН-ын 31 дүгээр их хурлаар Үндсэн дүрмээ хэлэлцэж, шинэчлэн баталлаа. Ингэж батлахдаа “УИХ-ын сонгуульд нам олонхи болсон бол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэдэг зохицуулалт нь хуучнаараа хэвээр үлдсэн байна.

 “Г.Занданшатарын танхимыг тогтвортой ажиллуулна” гэж мэдэгдсэн шинэ даргын байр суурийг бодолцож үзвэл хоосон байгаа УИХ-ын даргын суудал түүнийх болох нь цаг хугацааны асуудал болжээ. Үүнийг ч бататгаж АН-ын зүгээс эрх баригч намын дарга УИХ-ын дарга хийж болохгүй гэсэн агуулгатай мэдэгдлийг хийгээд амжлаа. Сөрөг хүчний байр суурь ямар байхаас үл хамаарч эрх баригч нам зурсан зургаараа л явах учиртай. Тэр зураг УИХ-ын даргын сэнтий тийш зурайж байна.

Цаашлаад тус намын дүрэмд заасны дагуу ирэх сонгуульд намаа удирдаж ороод олонхийн суудлыг авч чадна гэмээнэ дараагийн Ерөнхий сайд Н.Учрал болж таарах нь.

Харин одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатарын тухайд анхнаасаа намын даргын сунгаанаас нэрээ татсанаа мэдэгдсэн нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх, тэр хүртэл Засгийн газрын тэргүүнээр тогтвортой ажиллаж, нэр хүндээ өсгөнө гэсэн тохироо тооцоо байгаа нь лавтай.  Тиймдээ ч Н.Учрал дүүгийнхээ намын дарга болох замыг нь засч, зүгээр алга ташин суугаа.

Ийнхүү Л.Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан тэргүүтэй даргалагч, засаглагч нарын үе дуусгавар болж Н.Учрал, Г.Занданшатар нарын шадарлах, удирдах цаг зүй ёсоор эхэлж байна. Тэднийг авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдоод буй өмнөх удирдлагуудтайгаа өдөөсөн тэмцлээ өрдөх, өнгөрсөн хугацаанд гаргасан бодлогын алдаа засаглалын хямралыг залруулж, эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулах их ажил хүлээж байна.