Тархины хавдар үүсэж байгааг илэрхийлэх шинж тэмдгүүд

Хорт хавдрын хамгийн хортой шинж чанар нь анхан шатандаа бусад өвчинтэй андуурагдах магадлалтай байдагт оршино. Гэтэл үнэндээ үхлийг тойрч гарахын тулд хорт хавдрын эмчилгээг цаг алдалгүй эхлэх ёстой байдаг гэдгийг хүн бүр мэднэ. Хэрвээ танд дараах шинж тэмдгүүд илэрч байвал цаг алдалгүй эмчид хандах хэрэгтэй. Учир нь эдгээр шинжүүд тархины хавдар үүсэж байгааг илэрхийлэх магадлалтай юм.
1. Толгойн өвдөлт

Тархины хавдраар оношлогдож байгаа ихэнх хүмүүсийн хувьд удаан хугацааны туршид толгой нь өвдсөн шинж тэмдэгтэй байдаг. Энэ бол хамгийн тархмал шинж тэмдэг бөгөөд өдөр ирэх тусам толгойн өвдөлт нэмэгдэж, тэсэхийн аргагүй болдог аж. Ялангуяа өглөө сэрэх, шөнө унтаж байх үед өвдөлтийг илүү их мэдэрдэг. Гэхдээ энэ өвдөлт нь огт зогсохгүй тогтмол үргэлжлэх бөгөөд дасгал хийх болон ханиах үед ихсэх, мөн дотор муухай оргихгүй хэр нь бөөлжих шинж тэмдэгтэй давхар илэрнэ. Үүнээс гадна таны хэрэглэдэг байсан толгойны эм үйлчлэхээ болих магадлалтай.
2. Захын хараа муудах
.jpg)
Уг шинж тэмдгийг хүмүүс төдийлөн таньж чаддаггүй бөгөөд тогтмол жолоо баридаг хүмүүст илүү мэдэгдэхүйц байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам замын үзэгдэх орчин хязгаарлагдаж улам нарийн болдог гэнэ. Энэ нь өнчин тархинд хавдар үүсэж байгааг илэрхийлэх магадлалтай гэж эмч нар үздэг байна. Үүнээс гадна захын хараа муудах үед дараах шинж тэмдэг илэрнэ. Үүнд: зураг давхардаж харагдах, бүдэг харагдах, гэнэт гэрэл гялбах гэх мэт.
3. Ядрах, сульдах
.jpg)
Толгойн өвдөлттэй адил ихээхэн тархсан шинж тэмдэг юм. Уг шинж тэмдэг илрэх үед толгой илүү хүнд мэт санагдаж эхэлдэг бөгөөд булчин өвдөх, тогтмол нойр хүрэх шинж ч илэрнэ. Нойр хүрэх, ядрах зэрэг нь хавдрын хэмжээ томорсон болохыг илэрхийлэх магадлалтай. Хэрвээ яаралтай эмчилгээ эхлүүлэхгүй бол ухаан алдахаас гадна цаашлаад амь насаа алдах аюултай.
4. Тэнцвэртэй байдлаа алдах
.jpg)
Биеийн тэнцвэртэй байдлыг тархи хариуцдаг. Харин хавдар үүсэж эхлэх үед энэхүү функцийн үйл ажиллагаа алдагдаж алхах үед нэг тал руу далийх, харанхуй үед алхаж чадахгүй байх, оцон шувуу мэт алхах гэх мэтээр илэрнэ. Хэрвээ танд болон таны ойр дотнын хүмүүс уг шинж тэмдэг илэрч байвал эмчид хандах ноцтой шалтгаан гэдгийг санаарай.
5. Сэтгэл санааны гүн хямрал
.jpg)
Хавдар туссан хүмүүсийн ¼ нь сэтгэл санааны гүн хямралд орсон байдаг бөгөөд өмнө нь дуртай таалагддаг байсан зүйл нь таалагдахгүй болох магадлалтай. Найз нөхөдтэйгөө уулзахыг хүсэхгүй байгаа хэр нь ганцаардахаас маш ихээр айх нь тархины хавдрын шинж тэмдэг байх магадлалтай. Сэтгэл санааны гүн хямрал нь заримдаа ууртай, бухимдалтай байдлаар илэрдэг бөгөөд хэрвээ ойр дотнын тань хүмүүсийн дунд энэхүү шинж тэмдэг илэрч байвал мэргэжилтэнд хандахыг зөвлөөрэй.
6. Ой тогтоолт муудах
.jpg)
Ялангуяа саяхан болсон үйл явдлаа санахгүй байвал энэ нь санаа зовох зүйлийн нэг юм. Гэхдээ энэ шинж тэмдэг нь маш энгийнээр илэрдэг. Жишээлбэл: түлхүүрээ машиндаа үлдээх, картаа дэлгүүрт, хувцасныхаа халаасанд мартах гэх мэт. Мэдээж, хүн бүрд аливаа зүйлийг мартах тохиолдол гардаг ч тогтмол ямарваа нэг зүйлийг мартаад байвал эмчид хандаарай.
7. Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй болох
.jpg)
Яриа, дуу чимээг таньж ялгахад төвөгтэй болж байна уу? Эсвэл таны чих тогтмол шуугьж байна уу? Уг шинж тэмдгийн хамтаар хэл ярианд өөрчлөлт орж, үгээ хэлж чадахгүй байх, ээрэх, гацах гэх мэт шинж илэрч байвал эмчид хандах нь зүйтэй.
8. Төвлөрч чадахгүй байх
.jpg)
Өмнө нь та төлөвлөсөн бүхий л ажлаа өдөртөө амжуулдаг шуурхай нэгэн байсан бол одоо төлөвлөгөөнийхөө 50%-д ч хүрэхгүй, тухайн хийж буй ажилдаа төвлөрч чадахгүй байна уу. Магадгүй энэ нь таныг хэт ядарсныг илэрхийлж болох бөгөөд сайн гэгч амарсны дараа ядаргаа тань нэг л тайлагдахгүй, өмнө нь хийж байсан зүйлээ ч хийж чадахгүй хэвээр байгаа бол эмчид хандаад үзээрэй.
Таны хариу үйлдэл юу вэ?






