Мөнгөний мод ба Популизмын бордоо
Судалгаа: Бид мөнгөө хэр мэддэг вэ?
Монголбанкны 2022 оны судалгаагаар иргэд санхүүгийн 14 төрлийн бүтээгдэхүүнээс ердөө “данс шалгах, мөнгө шилжүүлэх”-ийг л хамгийн сайн мэддэг нь тогтоогджээ.
-
Хадгаламж: Иргэдийн 82% нь хуримтлуулахыг хичээдэг ч бодит хадгаламжтай нь ердөө 51%.
-
Тархалт: Хадгаламж эзэмшигчдийн олонх нь 3 сая хүртэлх төгрөгийн хуримтлалтай.
-
Сэтгэл зүй: Иргэдийн 70% нь өөрийгөө мөнгөө удирдаж чадна гэж үнэлдэг ч бодит мэдлэг нь ердөө 49%-тай байна.
"Мөнгөний мод" ба бэлэнчлэх сэтгэлгээ
Социализмын үед айл бүр Лениний хөргийг залдаг байсан бол өнөөдөр "Мөнгөний мод" шүтээн болжээ. Судалгаагаар мөнгийг ийнхүү тахин шүтэх байдал нь хариуцлагагүй, зээлийн хугацаа хэтрүүлдэг харилцагчдад түлхүү илэрдэг байна.
Мөнгийг хэрэгсэл биш хүч гэж хардаг сэтгэлгээ нь "өрийн тойрог"-ийг үүсгэдэг.
Зээлээ хугацаанд нь төлдөг хүн хариуцлага алдахаас айдаг бол, өрөнд ордог хүн бусдад яаж харагдах бол гэх ялагдахаас айх сэтгэлгээтэй байдаг нь тогтоогджээ (Зээлдэгчдийн 60% нь нэр хүндээ хамгийн чухалд тооцдог).
Уул уурхай: Бордоо биш "хор" цацсан он жилүүд
Популист амлалтын балгаар хамгийн их боломж алдсан салбар бол уул уурхай юм.
-
Хөрөнгө оруулалт: 2010-2021 онд хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 2,979-өөс 891 болж эрс буурав.
-
Гэнэтийн ашгийн татвар: 2006 онд судалгаагүй баталсан энэ хууль нь богино хугацаанд орлого нэмсэн ч, алсдаа Монгол Улсыг "бодлогын тогтворгүй орон" гэх имиж рүү түлхэж, гадаадын хөрөнгө оруулалтыг үргээжээ.
Бэлэн мөнгөний "Мөнхийн тойрог"
2005 оноос эхэлсэн хүүхдийн мөнгө, 2010 оны 21,000 төгрөгийн тараалт, 2019 оны 1072 хувьцааны ногдол ашиг зэрэг нь иргэдийн дунд "баялгаас шууд бэлэн мөнгө авах ёстой" гэх хүлээлтийг гүн суулгасан. Энэ нь:
-
Улс төрчид богино хугацааны амлалтаар "оноо" авах;
-
Тогтворгүй хууль, богино настай бодлого гарах;
-
Эдийн засаг савлаж, иргэд улам бүр халамж хүлээх "мөнхийн тойрог"-ийг үүсгэж байна.
Олон улсын туршлага: Хэрхэн "Мэдлэгийн үр" тарих вэ?
-
Герман: Насанд хүрэгчдийн 85% нь санхүүгийн суурь мэдлэгтэй.
-
Казахстан: Санхүүгийн мэдлэгийн түвшин 60%. Тэд баялгийн орлогоо шууд тараах бус үндэсний сандаа хуримтлуулдаг.
-
Финлянд: 2030 он гэхэд дэлхийн хамгийн шилдэг санхүүгийн боловсролтой улс болох стратегийг хэрэгжүүлж, бага наснаас нь хөрөнгө оруулалт, өрийн удирдлагыг зааж байна.
-
Сингапур: “MoneySense” хөтөлбөрөөрөө амьдралын үе шат бүрд тохирсон мэдлэгийг системтэй олгодог.
Өөрийнхөө хэтэвчин дэх мөнгийг цэгцэлж чадаагүй хүн улсын төсөв, баялгийн хуваарилалтад хяналт тавьж чадахгүй. Популист амлалт маргаашийн өрийг нэмдэг бол санхүүгийн мэдлэг ирээдүйн боломжийг нэмдэг.
"Ямар иргэн байна, тийм л төр байна" гэх хатуу үнэнтэй эвлэрч, бэлэн мөнгө биш боловсрол шаарддаг иргэн болох цаг хэдийн иржээ.
Ашигласан судалгаанууд: Монголбанк (2022), СЭЗИС (2024), Финтек хэрэглэгчийн судалгаа (2021), OECD/INFE (2023).


leader

